| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/17 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: М.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ид холбогдох 1929003130155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.И нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт нүүрс тээврийн 4 дэх километрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Энхбаяртай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.И мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 22-ны орой дугуй засвар ажиллуулдаг найз Гантөмөрийнд нэлээн согтуу очсон. Тэнд Энхбаяртай муудалцаад, тэгээд Энхбаяр намайг гараад ир гэсэн. Гадаа гараад намайг эхлээд тонгорч унагасан. Тэгэхээр нь би нүд рүү нь 2 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-2-р хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хуудас/,
Хохирогч Ц.Энхбаярын өргөдөл, эмчлүүлэгчийн карт, гэрэл зургийн үзүүлэлт /9-13-р хуудас/,
Хохирогч Ц.Энхбаярын мэдүүлэг /17-21-р хуудас/,
Гэрч Т.Батмөнхийн мэдүүлэг /23-25-р хуудас/
Гэрч А.Төгсжаргалын мэдүүлэг /27-р хуудас/
Гэрч О.Чинбатын мэдүүлэг /34-35-р хуудас/
Гэрч Ч.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Х.Мөнхнарангийн мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/
Хохирогчийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /51-97-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 684 дугаартайшинжээчийн дүгнэлт /98-р хуудас/,
Шүүгдэгч М.Идэрлхагвын хохирол төлсөн баримт /103-104-р хуудас/
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.И нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт нүүрс тээврийн 4 дэх километрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Энхбаяртай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Энхбаярын “ Намайг Идэр гэх хүн гараа атгаж байгаад зүүн нүд рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-р хуудас/,
Гэрч Т.Батмөнхийн: “Тэгээд би орой 19 өнгөрч байхад машиных нь хаалгыг онгойлгоход, бас л өглөөнийх шигээ хурхирч байсан. Тэгэхээр нь би урд талын холбоо гэртэй айл руу ороод та нар хамт архи уусан хүнээ зодож нүдээд хаячихдаг нь яаж байгаа юм, тэр хүнийгээ эргэж тойрдоггүй юм уу гэхэд бид нар хамт архи уугаагүй гээд, цаана хэвтэж байсан жолооч надад Цогтцэций сумын түргэн тусламжийн дугаар гээд нэг дугаар өгсөн. Би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлэг ирээд шууд авч явах үед Энхбаяр ах огт сэрэхгүй байсан. Тэгсэн мөртлөө хурхираад юм хэлээд байсан.” гэх мэдүүлэг /23-25-р хуудас/
Гэрч А.Төгсжаргалын: “2019 оны 10 дугаар сарын 23-ны 21 цагийн үед Энхбаяр ахын машин дээр эмнэлгийн машин ирчихсэн байхаар нь очсон. Тэгсэн чинь Энхбаярт дусал залгачихсан байсан. Тэгээд эмнэлгийн машинд өргөлцөж тавилцаад эмнэлгийн машинд суугаад Цогтцэцийн сумын эмнэлэгт авч ирсэн.” гэх мэдүүлэг /27-р хуудас/
Гэрч О.Чинбатын: “Тэгээд 21 цаг өнгөрч байхад дугуй засварын эхнэр нь надад гүйж ирээд, ах аа Энхбаяр, Идэрээ хоёр гадаа маргалдаад байна та очоод салгаад өгөөч гэсэн. Тэгээд би яваад очиход, хоёулаа газар уначихсан, дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгэхээр нь би салгаад Идэрээг хүчээр цаашаа хөтөлж яваад, Гантөмөрийн гэрт нь оруулаад оронд нь орохыг нь харчхаад машин руугаа буцаад явсан.” гэх мэдүүлэг /34-35-р хуудас/
Гэрч Ч.Гантөмөрийн: “Манай эмэгтэй дүү Мөнхнаран намайг дуудаж сэрээгээд гадаа Идэрээ, Энхбаяр хоёр зодолдоод байна гэхээр нь би гүйгээд гарахад, Энхбаяр Идэрээг дээр нь дараад хэвтчихсэн байсан. Тэгээд Чинба ах бид хоёр тэр хоёрыг салгаад, тэгсэн хоёулангийнх нь хамраас цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Х.Мөнхнарангийн: “Энхбаяр ах И гэх ахаас нэг хүн асуусан, Тэгсэн мэдэхгүй гэсэн чинь чи хүн таньдаггүй юм байна гээд хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Түрүүлж Энхбаяр ах гэрээс гараад И ахыг дуудсан. Тэгэхэд нь би гарч хараагүй. Тэгээд би нүүрс тээврийн 6 дахь километр лүү явах гээд гэрээс гарсан чинь Энхбаяр, И хоорондоо зууралдсан байсан. Энхбаяр, Игийн дээр нь гарсан байсан. Тэгээд би Гантөмөр ахыг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 684 дугаартай шинжээчийн: “...Ц.Энхбаярын биед дух, баруун ухархайн хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Ц.Энхбаяр нь архаг өвчингүй байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /98-р хуудас/ зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар хангалтай нотлогдож байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ц.Энхбаяр хохирол төлбөр, эмчилгээний зардалд 4 963 775 төгрөг нэхэмжилж байна” гэх хүсэлт, хохирлын баримт /138-196-р хуудас/ байх бөгөөд шүүгдэгч М.И нь шүүх хуралдаанаас өмнө 2 200 000 төгрөг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2 800 000 төгрөг, нийт хохирогчид 5 000 000 төгрөгийг /103-104, -р хуудас/ төлсөн, Одоо бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Харин хохирогч Ц.Энхбаярын биеийн эрүүл мэндийн байдал, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно гэсэн мэдүүлгийг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Идэрлхагвын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 10 000 000- 40 000 000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хорих ял шийтгэлтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа М.Идэрлхагвын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан прокуророос санал болгосон 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Уг хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...учруулсан хохирлоо төлсөн”, 1.4-т зааснаар “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан” зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогчийн зүй бус үйлдэл гэдгийг нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хохирогч Ц.Энхбаярын үйлдлийн талаар мэдүүлсэн гэрч Ч.Гантөмөрийн “Манай эмэгтэй дүү Мөнхнаран намайг дуудаж сэрээгээд гадаа Идэрээ, Энхбаяр хоёр зодолдоод байна гэхээр нь би гүйгээд гарахад, Энхбаяр Идэрээг дээр нь дараад хэвтчихсэн байсан” гэх, гэрч Х.Мөнхнарангийн “Энхбаяр ах И гэх ахаас нэг хүн асуусан, Тэгсэн мэдэхгүй гэсэн чинь чи хүн таньдаггүй юм байна гээд хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Түрүүлж Энхбаяр ах гэрээс гараад И ахыг дуудсан” гэх мэдүүлгүүдээс харахад хэрүүл маргааныг үүсгэн, зодоонд өдөөн турхирсан үйлдлийг ойлгож болно.
Харин хохирогчид баримтаар тогтоогдсон төлбөр болох 5 000 000 төгрөгийг төлсөн, өнөөдрийн байдлаар хохирол төлбөргүй гэж үзэхээр байгаа нь шүүгдэгч М.Идэрлхагвын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх чухал нөхцөл байдал юм.
Учир нь эрүүгийн хариуцлагын зорилгод хохирлыг нөхөн төлүүлэх зорилго багтдаг.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тооцож, хувийн байдлын хувьд шүүгдэгч М.Идэрхлагва нь анх удаа ял шийтгэгдэж байгаа, мөн гэмт хэрэг үйлдсэн тухайн үеийн нөхцөл байдал арга барилын хувьд хүнлэг бус аргаар эсхүл илт нийтлэг бус арга барилаар уг хохирлыг учруулаагүй буюу хохирогчийг 2 удаа нүд рүү нь гараараа цохисон байдлаас нийгмийн хор аюулын хувьд М.Идэрхлагва нь бусдад аюултай, нийгмээс тусгаарлах шаардлагатай хүн биш байна дүгнэсэн болно.
Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял шийтгэлийг биелүүлэх хугацааг 36 сар хүртэл хугацаагаар тогтоож өгнө үү гэж байх боловч М.Идэрлхагвын амьжиргааны түвшиний байдал, мөн эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч М.И нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жинчин овогт Михлайн Идэрлхагвыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Идэрлхагвыг 10 000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ид оногдуулсан 10 000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч М.И нь хохиролд 5 000 000 /таван сая/ төгрөг төлсөн, хохирогч Ц.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА