| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/19 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Т.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ст холбогдох 2029000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.С нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4 дүгээр баг Баян багийн Шар довын 5-8 тоотод 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд иргэн Б.Батгэрэлтэй “архи асгасан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: Би ханиасаа архи булааж авч биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Батгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч О.Содбилэгийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 25-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 33-37-р хуудас/,
- Шүүгдэгч Т.Сийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45, 51-55-р хуудас/,
- Хохирогч Б.Батгэрэлийн “Т.Стэй ойлголцсон, гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Т.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.С нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4 дүгээр баг Баян багийн Шар довын 5-8 тоотод 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд иргэн Б.Батгэрэлтэй “архи асгасан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Батгэрэлийн: “...Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Яагаад гэвэл нөхөр бид 2 хоорондоо эв зүйгээ олоод эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
- насанд хүрээгүй гэрч О.Содбилэгийн: “...тэгээд өглөө унтаж байхад өглөө 9 цагийн үед Батгэрэл эгч дуудахаар нь босоод ирэхэд Батгэрэл эгчийн зүүн хөмсөгний хавиас цус гараад уйлаад байж байхад хажууд нь С ах зогсож байхаар нь би түлхээд орон дээр унагаасан. Тэгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 25-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн: “...Иргэн Б.Батгэрэлийн биед зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт зах ирмэг нь тэгш бус шарх үүссэн, зүүн нүдний ухархай, 2 гарын тохойн үений орчимд болон баруун гуяны арын дунд хэсэгт хөхөрсөн зэрэг гэмтэл учирсан байна. Б.Батгэрэлийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Батгэрэлийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Батгэрэл нь “бид ойлголцсон, санал, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 47-р хуудас/-т авагдсан тул шүүгдэгч Т.Сийг хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Т.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал болон гэмт хэрэг үйлдсэн арга барилын хувьд нэг удаагийн цохих үйлдлээр хохирлыг учруулснаар нийгэмд учрах хор уршгийн хэмжээ бага түвшинд гэж үнэлсэн болно.
Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байх бөгөөд шүүгдэгчээс торгох ялыг биелүүлэх хугацааны талаар санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц ялыг гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адсага овогт Тогтохын Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА