Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/044

 

Д.Тад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Тийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Тад холбогдох 201705000031 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г овогт Д.Т, 1973 оны 6 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Д.Т нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Ттэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Б.Тийг төмөр трубагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Тад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Тад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилж, Гаваа овогт Далайн Төмөрбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 8 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Тийн нэхэмжлэлээс 517.600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т нь өөрт учирсан гэмтлийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гарны рентген зураг 4 ширхэгийг буцаан олгож, төмөр трубаг устгаж, Д.Тын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Т нь гарандаа гэмтэл авч, өөрийн хүргэн ******* гэгч иргэнийг өөрийн малыг маллуулах гэрээг байгуулан 1 өдрийн 30.000 төгрөгөөр тооцон 3 сарын хугацаанд 2.700.000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн байна. Миний үйлчлүүлэгч Б.Тийн гарт учирсан гэмтэл өнөөдрийг хүртэл арилаагүй байх бөгөөд эмчийн хяналтын дэвтэрт цаашид хөдөлмөр зохицуулгыг өөрийн харьяа эмнэлэгт хийлгэх талаар зөвлөмж өгсөн байдаг. Б.Т нь 1 гартаа хүндэвтэр гэмтэл нөгөө гартаа хөхрөлт няцрал авсаны улмаас бие засахад хүртэл хүндрэлтэй байсан. Мал төллөж байсан учир хүн авч ажлуулахаас өөр аргагүйд хүрсэн талаар мэдүүлсэн байтал гэмт хэргийн учраас учирсан хохирол биш мал маллуулах шалтгаан биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 497 болон 505 дугаар зүйлд гэм хор арилгах асуудлаар тодорхой заасан байхад нэхэмжлэлийг баримтын дагуу шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчид хохирлыг гаргуулан олгуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч шүүхийн байгууллагын нэр хүртэл барьж намайг дарамталж байгаа бөгөөд түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс хууль зөв хэрэглэж, үндэслэл бүхий тогтоол гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж хуульчлан тогтоожээ.

Шүүгч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт прокурорын газраас Д.Тад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй гэсэн боловч Д.Т нь хохирогч Б.Ттэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Тад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон байх бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүд хоорондоо эрс зөрүүтэй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.../-ыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн Анхан шатны шүүхээс Д.Тад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг удирдлага болгон

1. Шүүгдэгч Гаваа овогт Далайн Төмөрбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 11.4-ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 36.8-ийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулсанаар хүчинтэй болно гэж,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 3.517.600 төгрөгийн хохирлоос зарим хэсэг болох 517.600 төгрөгийн хохирлыг хангаж, 3.000.000 төгрөгийг хангахгүй орхисугай гэж,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийж дуусгасугай гэж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн рентген зураг 4 ширхэгийг буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмрийг устгасугай гэж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 36.8-ийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тад урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэсэн нийт 8 заалт бүхий 97 дугаар шийтгэх тогтоол гаргажээ.

/хэрэгт хавсаргасан шүүх хуралдааны тогтоох хэсгийг уншиж танилцуулсан дуу дүрсний бичлэг/

Хавтаст хэргийн 204-209 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс үзвэл /хх-ийн 208-209-р тал/ тогтоох хэсэг нь нийт 12 заалт бүхий шийтгэх тогтоол хавсаргасан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт заасан”... шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” гэсэн хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдож байна.

Дээр дурдсан алдаа зөрчлүүд нь шүүгчийн хайнга, хариуцлагагүй ажиллагаатай шууд холбоотой тул цаашид энэ төрлийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогч Б.Тийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,

39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.3 дахь заалтуудад тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Тад холбогдох эрүүгийн 201705000031 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Тад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ