Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 749

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Л.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М , иргэдийн төлөөлөгч Ч.Э  нарыг оролцуулан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох,  Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлснийг тогтоож, тус компанийн NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тус талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “М” ХХК нь Ашигт малтмалын газарт Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахимаар гаргасан. 

Ашигт малтмалын газар манай компанийн гаргасан өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул өргөдлийн бүртгэлийн NE-0252.. дугаарт бүртгэн авсан бөгөөд мөн дээрх талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргад санал авахаар хүргүүлсэн.

Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А “М” ХХК-ийн NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн билээ.

М ХХК нь 216 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан Алтай сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах нь орон нутагт татвар, хураамж төлөх, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр орон нутгийн хөгжлийг дэмжих олон талын ач холбогдолтой тул манай компанийн NE-0252.. дугаартай өргөдлийг дахин авч хэлэлцэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дугаар өргөдөлд өгөх саналаар М ХХК-ийн NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн хариу өгсөн тул бид Ашигт малтмалын газарт хандан бүртгэлтэй өргөдөл, аймгийн Засаг даргын хариуг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/757 дугаар албан бичгээр NE-0252.. дугаартай өргөдөл нь бүртгэлээс хасагдсан байх тул Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн.

Манай компани кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг хянуулж, хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрын даргад хандан гомдол гаргасан бөгөөд тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/1575 дугаар албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй байна хэмээн хариу өгсөн болно.

Иймд Ашигт малтмалын кадастрын хэлтсийн дарга Н.Чын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Засаг даргын санал, М ХХК-ийн NE-0252.. дугаар өргөдлийг үндэслэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “М д” ХХК-ийн зүгээс анх 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 1 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор солбицол тогтоосон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас ийм газар дээр тусгай зөвшөөрөл олгож болно гэж зааж өгсөн. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болсон учраас Ашигт малтмалын газраас шууд бүх этгээдүүдээс өргөдөл авах нь хэцүү зүйл учраас цахим систем нэвтрүүлье, цахимаар өргөдөл авъя гэж шийдсэн. Энэ журмын дагуу 2016 оны 01 дүгээр сард болсон цахим шалгаруулалтад оролцоод Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахаар өргөдөл гаргасан. Өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээж аваад өмнөх цахим шалгаруулалт нь өнгөрсөн, өргөдлөө бичгээр гаргаад тус талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гээд аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн гэдэг албан тоотыг манай компанид ирүүлсэн. Ингээд Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Хуульд зааснаар 30 хоногийн дотор хариугаа ирүүлэх ёстой. Харин Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр огноолж, 4 дүгээр сарын 20-ны өдөр нь хариу ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нийт 40 гаруй хоногийн дараа хариугаа ирүүлсэн. Уг хариугаар “М д” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, уг газар нь өвөг дээдсийн булш, бунхан, түүх дурсгалын үнэт өв бүхий газар байдаг гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Уг үндэслэлийг бариад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Чын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр “М д” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг 378 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Ингээд 2015 оны 5, 6 дугаар сард татгалзсан байсан үед Монгол Улсын Засгийн газар болон яамнаас хайгуулын тусгай зөвшөөрлийг удаа дараа ямар ч компанид олгохгүйгээр татгалзаж байна. Улсын эдийн засгийн байдал хүнд байна. Компаниуд нь аймаг, орон нутагтаа очоод орон нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаараа танилцуул гэдэг асуудлууд яригдаж байсан. Тэгээд “М д” ХХК-иас Говь-Алтай аймгийн Засаг дарга н.Атай уулзаад санал, хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас уг хүсэлтийг судалж үзээд “М д” ХХК-д олгох боломжтой байна гэдэг хариу өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 9 дугаартай тэмдэглэл дээр “яамнаас яриад байна, бүгдэд нь татгалзаж болохгүй гэж байна, удирдлагуудтай нь уулзъя” гэдэг зүйлс ярьсан нь тэмдэглэгдсэн байгаа. Ингээд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дугаартай зөвшөөрсөн санал өгсөн байдаг. Зөвшөөрсөн санал өгсөн гэж манай компанид мэдэгдэх үед нь Ашигт малтмалын газрын дарга н.Үүрийнтуяад албан бичгээр хандаж аймгийн Засаг даргаас зөвшөөрсөн хариу өгч байна. Иймд өргөдлийг дахин шийдэж өгнө үү гэдэг асуудал тавьсан. Гэвч Ашигт малтмалын газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тиймээс аймгийн Засаг даргаас зөвшөөрсөн саналыг бичгэн хэлбэрээр аваад 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газарт өргөдлийг дахин шийдүүлэх тухай хүсэлтээ гаргасан.

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газарт А/02 тоот бичгээр хандсан. Уг хандсан хүсэлтдээ зөвшөөрсөн хариугаа хавсаргаад “орон нутгаас зөвшөөрсөн хариу өгч байгаа учраас энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн байдаг. Үүний дараа 1 дүгээр сарын 29-ний өдөр 6/757 дугаар тоот албан бичгээр н.Ч гэдэг хүн татгалзсан. Нэгэнт танай өргөдлийг шийдсэн. Шийдсэн өргөдөл дээр дахин ажиллагаа явуулах боломжгүй гэдэг мэдэгдэл өгсөн. Эхний нэхэмжлэлийн шаардлага нь энэ мэдэгдлийг хүчингүй болгуулах. Дахин өргөдөл олгох боломжгүй байна гэдэг хариу нь манай компанийн хуульд заасан эрх ашгийг зөрчиж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.” гэж заасан. Уг хуулийн 7.1-д заасан нь компанитай холбоотой шаардлага бол 17.2-т заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад газарт нь тавигдах шаардлага байдаг. Энэ 2 шаардлагыг хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаар нь манай компани хангаж байсан. Энэ талаараа Ашигт малтмалын газар ч хангаж байна, тийм учраас Засаг даргаас санал авъя гээд албан тоот явуулсан. Гэтэл одоо олгохоос татгалзаж байгаа учраас манай компани үүнийг хууль бус гэж үзэж байна. Хамгийн түрүүнд өргөдөл гаргаж, бүртгүүлсэн этгээд гэдэг нь тухайн талбайд өмнө нь ямар ч этгээд өргөдөл гаргаж байгаагүй гэсэн үг. 2014 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байж байгаад 2015 онд цахим шалгаруулалт болсноор нэхэмжлэгч оролцож, хамгийн түрүүнд бүртгэгдсэн. Хамгийн түрүүнд бүртгэгдсэний хувьд энэ талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргын мэдэгдэл хууль бус гэдэг асуудал нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Аймгийн Засаг даргын ирүүлсэн маргаан бүхий газарт өвөг дээдсийн булш, бунхан байна гэдэг асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд заасан татгалзах үндэслэл болохгүй гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлсэн. Захиргааны албан тушаалтанд гомдол гаргах журмын дагуу нэгэнт аймгийн Засаг даргын санал ирсэн учраас аймгийн Засаг даргад энэ асуудлаа шийдэж өгнө үү гээд хүсэлт өгсөн. Тэгэхэд аймгийн Засаг дарга зөвшөөрсөн санал өгсөн учраас өмнө нь өгсөн саналыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах шаардлага байгаагүй. Өөрөө зөвшөөрсөн учраас Ашигт малтмалын газарт ийм хариу ирсэн байгаа учраас дахин шийдвэрлэж өгнө үү гэхэд үгүй гэсэн хариу өгч байгаа нь хууль бус гэж харагдаж байна. Хэргийн үйл баримтаас хойно Захиргааны ерөнхий хууль батлагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйл дээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх гэсэн зохицуулалт орж ирсэн. Хэргийн үйл баримт өөрчлөгдсөн, нэгэнт гаргасан шийдвэрийн эрх зүйн үндэслэл өөрчлөгдсөн бол акт гаргах ажиллагааг дахин хийх талаар заасан байдаг. Манай тохиолдолд өмнөх аймгийн Засаг дарга саналаа өөрчилсөн байхад Ашигт малтмалын газраас өмнөх саналыг үндэслэж татгалзаад дахин хэлэлцүүлэхээр шинэ саналыг нь өгөөд байхад татгалзсан хариу өгөөд байгаа юм.

Хэрэв аймгийн Засаг даргаас зөвшөөрөхгүй гэсэн хариу нь хүчинтэй байгаа дахиад санал гаргаж өгөхгүй гэсэн бол бид нар захиргааны хэргийн шүүхээр маргаад явж байх байсан. Тэгээд хууль бус гэдэг нь тогтоогдох юм бол Ашигт малтмалын газраас дахиад шийдвэрээ өөрчлөх нь тодорхой. Аймгийн Засаг дарга саналаа өөрчилснийг Ашигт малтмалын газраас зүгээр өөрөө өөрчилсөн гэж хандаж байгаа нь бид нарт хууль бус гэж харагдаж байна.

Мөн аймгийн Засаг даргаас өвөг дээдсийн булш, бунхан байгаа гэж татгалзсан хариу өгсөн байхад Ашигт малтмалын газар хянах ёстой. Аймгийн Засаг дарга нь бие даасан субъект учраас хянах ёсгүй гэж байгаа боловч ашигт малтмалтай холбоотой асуудал чинь тусдаа асуудал. Ашигт малтмалтай холбоотой асуудлыг зохицуулах гэж Ашигт малтмалын газар байдаг. Хэрэв аймгийн Засаг дарга хуульд нийцээгүй санал өгөх юм бол Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-д аймгийн Засаг дарга хуульд нийцээгүй үндэслэлээр татгалзсан байх юм бол зөвшөөрсөнд тооцож, зөвшөөрөл өгөх зохицуулалт байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэж заасан. Энэ нь Дархан цаазат газрын тухай хууль, Газрын тухай хуулиар бусдад өмчлүүлсэн эсхүл эзэмшүүлсэн газар гэх мэт газрууд дээр дээрх заалтын дагуу татгалзах боломжтой байгаа. Тэрнээс биш бусдын өвөлжөө, хаваржаа байна гэсэн үндэслэл тавиад татгалзахыг хуулиар хориглосон байдаг.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн н.Ч даргын 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэлийг нь дээр дурдсан. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн түрүүнд өргөдөл гаргаж, бүртгүүлсэн этгээд болохыг тогтоолгох. Тогтоож өгсөн тохиолдолд манай компанид хууль заасан эрх нь үүсэхээр байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд байна гэж үзэх юм бол бид нарт хамгийн түрүүнд тусгай зөвшөөрөл авах эрх үүснэ. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд өргөдлийг дахин шийдвэрлэх ажлыг даалгах гэж байгаа.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст “М д” ХХК-ийн NE0252.. дугаар бүртгэлтэй өргөдөл буюу анхны өргөдөл. Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах гэж байгаа. Энэ даалгах асуудлын хүрээнд өргөдлийг дахин сэргээгээд аймгийн Засаг даргаас шинээр ирсэн хариуг хуульд нийцэж байгаа эсэхийг Ашигт малтмалын газар хянаж үзэх нь зүйтэй гэж энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Эцэст нь хэлэхэд Ашигт малтмалын газар нь энэ цахим сонгон шалгаруулалтаар гарч ирсэн компаниудад татгалзаад тухайн орон зай нь хоосон болоод дахин сонгон шалгаруулалт явагдахгүй болохоор нь өөр этгээдүүдээс өргөдөл аваад тусгай зөвшөөрөл өгдөг асуудал хэд хэдэн удаа шийдвэрлэгдсэн. Үүнийг шүүх анхаарч үзээд хуулийн болзол, шаардлага хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээдийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М" ХХК-ийн өргөдлийг үндэслэн тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

“М” ХХК 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-0252.. дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших “Алтай” нэртэй 3169.31 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Говь-алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-0252.. дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-алтай аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон 51 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. Говь-алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE- 0252.. дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд    Ашигт    малтмалын    газрын    Кадастрын    хэлтсийн    даргын    "...

“М “ ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М” ХХК-ийн өргөдлийг үндэслэн тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж өгөхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн захиргааны байгууллага цахим өргөдлийг авахдаа хэнээс ч цахим бишээр өргөдөл аваагүй. Энийг удаа дараа хэлж байгаа. Харин Монгол Улсын Дээд шүүх дээр “Т г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг шийдэгдсэн. Тэрийг яриад байх шиг байна. Монгол Улсын Дээд шүүх болохоор бүх зүйл нь зөв, үнэн байдаг гэсэн ойлголт байхгүй.

Мэдэгдлийг хүчингүй болгохыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Мэдэгдэл нь захиргааны акт биш. Мөн захиргааны актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэгч өөрөө зориуд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа юм. Уг мэдэгдэл дээр танай өргөдлийг дахин хянаж үзэх боломжгүй байна. Учир нь төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байна. Энэ нь дуусгавар болсон, процесс нь явагдаад дууссан учраас дахин хэлэлцэх боломжгүй хариу өгсөн.

Өргөдөл гэдэг нь 2015 онд өгсөн хэвээрээ хэдэн жилээр ч хүчинтэй байгаад байдаг гэж ойлгож болохгүй. “М д” ХХК нь өргөдлөө өгсөн, төрийн захиргааны байгууллага өргөдлийг нь хянаж үзнэ. Хянаж үзэхдээ хориглосон, хязгаарласан, өмнө нь өгсөн өргөдлийн талбайтай давхцалтай байгаа эсэхийг зураг зүйн шүүлтээр үздэг. Ингэж шүүж үзэхдээ газар эзэмшигчийн газартай давхцалтай байгаа эсэхийг үздэггүй. Учир нь газрыг Засаг дарга өгдөг. Давхцал байхгүй байна гээд Засаг даргаас санал авахаар талбайн солбицол, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж, төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтыг хавсаргаж мэдэгдлийг аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээж аваад хуульд зааснаар 30 хоногийн дотор ирүүлэх ёстой байхад 40 хоногийн дараа саналаа ирүүлсэн. Үүнийг хариу ирүүлээгүй гэж тооцуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байх шиг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” Тэгээр шуудангаар явсан хугацаа нь 30 хоногт нь ордоггүй. Төрийн захиргааны байгууллагаас 10 дугаар сарын 1-ний өдөр явлаа гэхэд 10 дугаар сарын 1-ний өдрөөс нь 30 хоногийг тоолдоггүй, Засаг даргад очсон өдрөөс нь хойш 30 хоногийг нь тоолно гэсэн үг. Яг хэзээ очсон гэдгийг нь тодруулаагүй байх. Аймгийн Засаг дарга 30 хоногт багтаасан гэж үзсэн. Учир нь Шуудангийн тухай хууль дээр энгийнээр шуудан илгээмжийг хүргүүлэх юм бол 5-8 хоног байна гэж заасан байдаг. Тэгээд 40 хоног байгаа учраас 10 хоногт нь шуудангийн хоног орсон гэж үзээд татгалзаж байсан. Тийм учраас хуулийн хугацаандаа ирсэн гэж үзэж байна. Үүнд ямар ч маргаан байхгүй. Засаг дарга өөрөө мэдээд зөвшөөрч байна, зөвшөөрөхгүй байна гэсэн хариуг өгдөггүй. Засаг дарга нь аймгийн болон тухайн орон нутгийн буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж хариу өгдөг субъект. Засаг дарга аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг нь авч байгаад дэмжихгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь энэ талбайг яаж ашиглах буюу бэлчээрт ашиглах, уул уурхайд ашиглах, суурьшилд ашиглах эсэхээ төлөвлөх, зохион байгуулах эрх нь байгаа учраас уул уурхайн зориулалтаар ашиглуулах боломжгүй гэж үзсэн учир нутгийн удирдах ёсны байгууллагын эрх нь учраас үндэслэлтэй юм байна гэж үзээд Ашигт малтмалын газраас татгалзаж шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга н.А нь дамжуулж байгаа хэрэг. Тэрнээс биш өөрөө дэмжиж байна, дэмжихгүй байна гэж бичиг өгдөг эрх мэдэлтэй субъект биш. Анхны саналтай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, тогтоол нь байгаа. Ингээд тухайн үед дагаж, мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар тухайн этгээд нь өөрийнхөө эрх ашгийг хөндөгдсөн гэж үзэх юм бол 30 хоногийн дотор гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн зохицуулалт байсан. Үүний дагуу “М д” ХХК нь гомдлоо аль ч шатанд гаргаагүй. Мөн аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзсэн бол тухайн орон нутгийн захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Тэгэхээр ингэж хандаагүй байгаа учраас тухайн үеийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байсан, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Монгол Улсын Засгийн газрын хурал дээр хэн нэгэн нь юм хэлсэн гэж байна. Үнэн худал эсэхийг мэдэхгүй байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байна гэсэн гэж байна. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг сайн, өсөлттэй байсан. Тийм учраас уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх хэрэгтэй байна гэж хэлээгүй байх. Аймгийн Засаг дарга нартай уулз гэж хэлээгүй байх. Тийм бол Ашигт малтмалын газар байгаад хэрэггүй байх. Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг зааж өгсөн. Аж ахуйн нэгж болгон Засаг даргаас дэмжсэн санал аваад ирэх юм бол төрийн захиргааны байгууллага байгаад яах юм бэ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар Засаг дарга нь өмнөх саналаа хүчингүй болгоод шинээр санал гаргаад ирүүлсэн гэж яриад байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх тэмдэглэл, тогтоол нь байхад хүчингүй болгоод дэмжсэн хариу өгдөг этгээд биш. Заавал тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гээд бүх процесс нь хуулиар зохицуулагдсан зүйл. Тэрнээс биш н.А нь дуртай үедээ өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгоод шинээр санал явуулаад байдаг субъект биш. Мөн өмнөх шүүхийн шийдвэрүүдийг ярьж байгаа нь шүүхэд шууд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байна. Хэрэг маргаан болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн нотлох баримттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “А” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой талбайд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХА-0189.. тусгай зөвшөөрлийн дугаар бүхий 26037 тоот өргөдлийн дугаартай, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших талбайд Өндөр нэртэйгээр 3169,31 га талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гарган бүртгүүлсэн. 

Тухайн үед ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүсэж буй аж ахуйн нэгжүүд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газарт бүртгүүлэхийн тулд бодитоор доорхи зардлуудыг гаргасан. Үүнд: 

1. VPN төхөөрөмжийн үнэ 280.000 төгрөг,

2. Системд нэвтрэх эрх 1 сар 500.000 төгрөг, 

3. IT инженерийн ажлын хөлс 2.000.000 төгрөг, 

4. Өндөр хурдны интернетийн түрээс 500.000 төгрөг, 

5. Өргөдлийн хураамж 250.000 төгрөг буюу нийт 3.530.000.

26037 тоот өргөдөл бүхий талбайтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ манай компанийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын газар нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон солбицлын дагуу 2014 оноос эхлэн өргөдөл авч эхэлсэн. Тухайн үед аж ахуйн нэгжүүд нь цахимаар дугаар авч олон компани өрсөлдөж байсан. Нэг долоо хоногт доод тал нь 30 гаруй компани өрсөлдүүлж байсан. 1 аж ахуйн нэгжээс хэд хэдэн удаа орох боломжтой байгаад байгаа учраас үүнийг нь болиулж долоо хоногт 1 удаа 120 компани оруулдаг болгосон. Үүний дагуу “М д” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий солбицол дээр өргөдөл өгсөн байна. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 378 тоот шийдвэрээр хүчингүй болгосон байна. Үүний дараа манай компани 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий талбай дээр өргөдөл өгсөн. Үүнээс өмнө бусад талбай дээр дахин өргөдөл авах тохиолдол гарч байсан. Анх өргөдөл олгож эхлэхдээ 1 талбай дээр хамгийн түрүүнд өргөдөл олгосон этгээдийн өргөдөл нь хүчин төгөлдөр байна. Хэрэв тухайн талбай дээр өөр компани өргөдөл гаргах юм бол өмнөх компанийн эрх нь сэргээгдэж явна гэж н.Үүрийнтуяа дарга хурал дээрээ хэлж байсан. Манайх яагаад энэ талбай дээр өргөдөл гаргасан бэ гэхээр “М д” ХХК-ийн өргөдлийг хүчингүй болгоод дахин өргөдөл зарласан учраас манайх өргөдлөө өгсөн” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлснийг тогтоож хүлээн зөвшөөрөх, тус компанийн NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тус талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0140 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 136 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. 

Тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлснээс хойш магадлал, тогтоолд заасан ажиллагаа хийгдэж, “А” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн татгалзлыг баталж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо  эдлэх эрх үүрэг болон шүүх хуралдааны дэгийг ойлгосон эсэхийг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсантай холбоотой хэргийн оролцогчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр нэмэлт тайлбар хийгээд явах боломжтой эсэхийг тодруулахад хэргийн оролцогчид боломжтой, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн болно.  

1. “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг  хүчингүй болгох” шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр анх хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж NE-0252.. дугаарт өргөдлийн бүртгэлд бүртгэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 6/1219 тоот албан бичгээр  мэдэгдлийг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаас тухайн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 51 дүгээр саналыг  Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ирүүлсэн байдаг. 

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн NE-0252.. дугаар бүхий өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. Дээрх Засаг даргын татгалзсан хариу, мөн хариуцагчийн татгалзсан шийдвэрт нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд аливаа нэгэн гомдол гаргаагүй бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн  01 дүгээр анх албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад хандаж NE-0252.. дугаар өргөдлийг дахин авч хэлэлцэж, саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүссэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй болно. 

Нэхэмжлэгч “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан” бөгөөд хүчингүй болгохоор маргаж буй Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичигт “... 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 378 дугаар шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг 6/3700 тоотоор мэдэгдсэн, өргөдлийн бүртгэлээс хасагдсан NE-252.. дугаар өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдье” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг  ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, харин шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмын дагуу нэгэнт нэхэмжлэгч маргаан бүхий 6/757 дугаар албан бичгийн үндэслэл болсон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул 6/757 дугаар албан бичгийг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хэдийгээр 6/757 дугаар албан бичгийг “мэдэгдэл” гэж тодорхойлох боловч түүний агуулгаас дүгнэхэд энэ нь нэхэмжлэгч компаниас хариуцагчид 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/02 тоот албан хүсэлт ирүүлсний дагуу нэхэмжлэгчид хүргүүлсэн хариу албан бичиг гэж үзэхээр байна. Гэвч “...2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул бүртгэлээс хасагдсан NE-252.. дугаар өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны актын шинжийг агуулсан боловч дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

2. “Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлснийг тогтоож, тус компанийн NE-0252.. дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.   

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг анх 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг хариуцагч хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж NE-0252.. дугаар өргөдлийн бүртгэлд бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд талууд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч түрүүлж өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцагчийн зүгээс “...эцэслэн шийдвэрлэж өргөдлийн бүртгэлээс хасагдсан өргөдлийг дахин сэргээж, хүсэлт гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй, тийм хуулийн зохицуулалт байхгүй...” гэж,  харин нэхэмжлэгч “... Говь-Алтай аймгийн Засаг даргаас сүүлд дэмжсэн хариу ирсэн нь захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх нөхцөл бүрдсэн тул манай өргөдлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэх боломжтой...” гэж маргадаг. 

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хариуцагч эцэслэн шийдвэрлэх эрхтэй боловч ийнхүү шийдвэрлэхэд шаардагдах урьтал нөхцөл нь Засаг даргын санал байдаг бөгөөд нэхэмжлэгч Засаг даргын зөвшөөрөөгүй санал болох захиргааны акттай холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар хуульчилсан. Гэвч нэхэмжлэгчийн “... Засаг даргын татгалзсан санал ирүүлсний дараа манай компанийн зүгээс 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн  01 дүгээр анх албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад хандсан ...” гэх тайлбараас дүгнэхэд  нэхэмжлэгч  гомдол  гаргах  хуулийн  хугацааг  хэтрүүлжээ  гэж  дүгнэхээр байна. 

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн хүсэлтийг Засаг дарга хүлээн авч, дэмжсэн санал өгсөн тул өргөдлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн 51 дүгээр санал нь “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэсэн...” гэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар “... засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн нь Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариуг өгөх агуулгатай байна. Говь-Алтай аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 тэмдэглэлд “...Алтай сумын Алтай, ... зэрэг 37 талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэдэгт тэргүүлэгчид 100 хувийн саналаар тогтов”, мөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн X/02 дугаар тогтоолд “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг үндэслэн ... Алтай сумын Алтай... зэрэг 37 талбайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Засаг даргын ийнхүү татгалзсан санал нь хууль заасан үндэслэлтэй эсэхийг хариуцагч байгууллага шалгах үүрэгтэй бөгөөд тус татгалзсан санал болох захиргааны актад өргөдөл гаргагч “М” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д  зааснаар  мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны байгууллагад гаргах эрхтэй. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын татгалзсан саналд хуулийн хугацаанд гомдол гаргасан, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрснийг тогтоосон, хугацааг сэргээхтэй холбогдсон хүсэлт/гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргасан нь тогтоогдохгүй байна.         

Гэвч нэхэмжлэгч Засаг даргын татгалзсан хариу ирснээс хойш бараг 8 сарын  дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн  01 дугаар албан бичгээр анх Говь-Алтай аймгийн Засаг даргад хандаж NE-0252.. дугаар өргөдлийг дахин авч хэлэлцэж, саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүссэний дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дугаар өргөдөлд өгөх саналаар  “М” ХХК-ийн NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээх хариуг нэхэмжлэгчид өгчээ. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1/400 тоот албан бичигт  “... аймгийн Засаг  даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр санал нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна...”, мөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар тэмдэглэлд  “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай тогтоолыг Тэргүүлэгчдийн олонхийн саналаар батлав”, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын  хавсралтад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн жагсаалтад нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэр байхгүй,  ба нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөө Засаг даргын дэмжсэн саналыг авсан гэх бөгөөд  хуульд зааснаар Засаг дарга тухайн саналыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүйг дурдах нь зүйтэй юм. 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга өөрийнх нь зөвшөөрөөгүй саналтай нь холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн дэмжсэн санал нь хуулийн шаардлага хангаагүй байх тул үүнийг Засаг даргаас алдаагаа зассан захиргааны акт гаргасан гэж дүгнэх боломжгүй байна. Хэрэв Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч дахин захиргааны акт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан шаардлагыг  хангасан тохиолдолд үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох юм. Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч “М” ХХК нь Засаг даргын татгалзсан хариуг мэдсэнээс болон хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарснаас даруй 8 сарын дараа аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргасан, Засаг даргын дэмжсэн санал нь хуульд заасан шаардлага хангаагүй байх тул захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар хуулийн 50.1.1-т “Захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн” гэх эрх зүйн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “...үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор гаргана” гэж журамласан. Энэ нь захиргааны актыг мэдсэнээс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээд нь гагцхүү хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд эрх зүйн нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдсөн бол 3 сарын дотор захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх зохицуулалт болохоос биш хуулийн шаардлага хангаж ирүүлээгүй Засаг даргын саналыг үндэслэж хэзээ ч хамаагүй гомдол/ хүсэлт гаргах хугацаагүй эрхийн ойлголт биш юм. 

Иймд Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр  дэмжсэн саналыг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын татгалзсан санал нь 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр огноолж, 4 дүгээр сарын 20-ний өдөр ирсэн нь  хуулийн хугацаанд ирээгүй гэж маргадаг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... албан бичиг шуудангаар явсан хугацаа нь 30 хоногт ордоггүй,... Засаг даргад очсон өдрөөс нь хойш 30 хоногийг тоолдог, ... Шуудангийн тухай хууль дээр энгийнээр шууданг хүргүүлэхэд 5-8 хоног гэж заасан...” гэх тайлбарыг хийсэн.  Хэдийгээр талууд аймгийн Засаг даргын татгалзсан санал хуулийн хугацаанд ирсэн, ирээгүй гэж маргах боловч тухайн татгалзсан саналыг үндэслэж хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, шүүх татгалзлыг баталсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.        

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн NE-0252.. дугаар бүртгэлтэй өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан боловч дээр дурдсан талбайд “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн NE-026037 дугаар өргөдлийн бүртгэлд бүртгэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэгэнт тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал арилаагүй байхад дахин аж ахуй нэгжээс өргөдөл авч байгаа нь хариуцагч байгууллагын ажлын уялдаа холбоогүй, өргөдөл гаргагчдад эргэлзээтэй байдлыг бий болгож, төрийн байгууллагад итгэх итгэлийг буруулж байна. 

Тус хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа “А” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн компанийн өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй талаарх тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн. Гэвч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч “А” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохыг татгалзсан шийдвэр гаргасныг мэдэгдсэн бөгөөд энэ талаар гуравдагч этгээдээс тодруулахад татгалзсан шийдвэр гарсныг мэдсэн гэх тайлбарыг хийсэн. Талууд энэ талаар мэдэж байсан боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны өмнө үүнийг шүүх мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хэлэлцэн дүгнэх шаардлагагүй гэж үзсэн.  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 1/5847 тоот  “... “М” ХХК-ийн хүсэлт гаргасан талбайд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ... өргөдөл хүлээн авахгүй байх, тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг мэдэгдье...” гэх албан бичгийг АМГ-ын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байхад яагаад маргаан бүхий талбайд өргөдөл авч байгаа талаар шүүх бүрэлдэхүүн тодруулахад. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... хэдийгээр тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлээд хаасан ч гэсэн манай байгууллагын систем дээр тухайн талбай нь нээлттэй болсон юм шиг харагддаг, үүнийг засахын тулд бүхэл бүтэн программыг өөрчлөх асуудал байгаа, энэ байдлыг цэгцлэх гээд ажлын хэсэг гараад өргөдөл хүлээн авах шинэ журмыг  боловсруулан ажиллаж байна..., тухайн өргөдөл гаргасан талбайн хувьд орон нутгаас ирсэн саналыг үндэслэн   гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан...” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй юм.  

Шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК-ийн анх өргөдөл гаргасан Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд тус аймгийн Засаг даргын саналыг үндэслэж  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хариуцагч гаргасан тул орон нутгийн татгалзсан саналын үндэслэл, нөхцөл байдал арилаагүй тохиолдолд тухайн талбайд аж ахуйн нэгжүүдээс дахин өргөдөл авах ёсгүй. Хэрэвзээ хариуцагч нэхэмжлэгчийн анх өргөдөл гаргасан талбайд дахин өргөдөл авч, өөр компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд “М” ХХК-ийн шүүхэд дахин хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэдэгтэй хариуцагч маргадаггүй,  хүлээн зөвшөөрдөг болно.    Захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон байхаар  тодорхойлсон тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоогүйн дээр орон нутгийн өөрөө удирдах онцгой эрх бүхий Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх тул NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хүсэлт/гомдлоо гаргасан, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр дэмжсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан шаардлагыг хангасан, Засаг даргын өмнөх татгалзсан саналын эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч “М” ХХК-ийн анх гаргасан NE-0252.. дугаарт бүртгэлтэй өргөдлийг  сэргээж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжтой байх байсан ба хуулийн шаардлага хангаагүй Засаг даргын дэмжсэн санал нь өргөдлийг дахин сэргээх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй юм. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс гарах шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжтой байх зарчмыг баримталсан болно.  

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.1,   106.3,   106.3.14,   109   дүгээр  зүйлийн  109.1-д  заасныг  тус  тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасныг тогтоож, NE-0252.. дугаар бүртгэлтэй өргөдлийг сэргээж, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                 М.БАТЗОРИГ

                                                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ