Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0032

 

Ж.Алтанцэцэг, Ж.Алтантуул нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч А.Алтангоо, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэртэй, Нэхэмжлэгч: Ж.Алтанцэцэг, Ж.Алтантуул нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: А.Алтангоод холбогдох үндсэн зээлийн төлбөр, алданги, нийт 40.568.000 /дөчин сая таван зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Алтангоод 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд бага, багаар цувуулж нийт 39,900,000 төгрөг зээлсэн. Дээрх 39,900,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг дүү Ж.Алтантуулын байрыг Сономцэрэн гэх хүнд барьцаанд тавьж, үлдсэн 19,900,000 төгрөгийг дүүгээсээ авч А.Алтангоод өгч байсан. ... А.Алтангоо зээлийн хүүг эхний 3 сар төлсөн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлээ төлж барагдуулахыг хүсч түүний гэрт очиход хашаандаа 3 торх барьчихсан байсан. А.Алтангоо надад хэлэхдээ: Би таны мөнгийг торхны наймаанд оруулчихсан. Энэ торхоо зарагдахаар мөнгийг тань өгнө, та торх авах хүн байвал хэлээрэй, мөн нэмж нэг торх Улаанбаатар хот руу явуулах гэсэн юм. Та Улаанбаатар хот руу торх явуулах ачааны мөнгө зээлээч гэж хүссэн учраас би А.Алтангоод 400,000 төгрөг зээлж, А.Алтангоо зээлийн хүүг төлье гэж хэлсэн учраас зээлийн гэрээг сунгаж, 2014 оны 7 дугаар сараас хойш 3 сар зээлийн хүү авсан юм. Ийнхүү 2014 оны 9 дүгээр сар болж, А.Алтангоо зээлийн хүү хэт өндөр байна гэж хэлсэн учраас бид харилцан ярилцаад зээлийн хүүг 6 хувь болгосон төдийгүй би ашиг авахаа болъё, бусдаас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна, үндсэн зээлээ төлчих гэж А.Алтангоод хэлсэн. Гэвч А.Алтангоо эхний үедээ бага, багаар хэдэн төгрөг төлж байгаад, сүүлдээ өгөх мөнгө нь багасаж байсан учраас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр түүнийг дуудаж уулзсан юм. Ийнхүү надтай ирж уулзахдаа А.Алтангоо гэрчийн мэдүүлэг өгсөн өөрийн төрсөн дүү Ж.Алтанцэцэг, Нарантуяа, Хишгээ гэх хүмүүстэй манай гэрийн гадаа ирж, бид машинд ярилцсан юм. Би зээлийн хүү авахгүй, үндсэн зээлээ төлөхийг хүсэхэд 27,000,000 төгрөгийн зээл гаргасан. Тус 27,000,000 төгрөгийг цуглуулъя, мөн дүү Ж.Алтанцэцэгтээ 8,000,000 төгрөг зээлсэн. Тус 8,000,000 төгрөгт Мөрөн сумын урд байрлах 2 га газрыг өгье гэж хэлж байсан. Би А.Алтангоог 2 га газраа миний нэр дээр түргэн шилжүүлээрэй, ногоо ч болов таръя гэж хэлж байсан. Түүнчлэн миний зээл нэхэгдээд А.Алтангоо надад мөнгө өгье гэсэн учраас бид харилцан ярилцаад би өөрийнхөө Улаанбаатар хотод байрлах 2 өрөө байрыг барьцаанд тавьж 20,000,000 төгрөг зээлж авсан. Энэ өдрөөс хойш А.Алтангоо надад нэг удаа 500,000 төгрөг өгөөд, 2 га газраа болоод үндсэн зээлээ төлөхгүй байсан юм. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А.Алтангоог дуудаж уулзаад газар болоод үндсэн зээлээ хэзээ төлж барагдуулах талаар тайлбар бичиж өг гэхэд А.Алтангоо тийм зүйл бичиж чадахгүй, Шүүхийн байгууллагаар маргаан үүсвэл яах юм гэсэн учраас би Шүүх болоод Цагдаагийн байгууллагад хандсан. А.Алтангоод итгэж мөнгө зээлдүүлснээс хойш би өөрийнхөө байр болоод дүү Ж.Алтантуулын байрыг зээлээс чөлөөлж авч чадалгүй, 2 жил 7 сарын хугацаанд хүү төлж хохирч байна. А.Алтангоогоос нийт 30,702,000 төгрөгийг авсан боловч дээрх мөнгийг хүүнд тооцож авсан. Үндсэн зээл 39,900,000 төгрөг огт төлөгдөөгүй байгаа. Мөн Амарцэцэгт би 2,500,000 төгрөг, А.Алтангоод 2,000,000 төгрөгийг тус тус зээлүүлснээс 5,000,000 төгрөгийг буцааж авсан. Гэхдээ энэ мөнгийг А.Алтангоогоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасахгүй, өмнөх шүүх хуралдаан дээр А.Алтангоогоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцож байсан боловч энэ шүүх хуралд дээр хариуцагч А.Алтангоо нь хүүнд өгсөн мөнгийг давхардуулж хэлээд байгаа учир хасахгүй. Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа бөгөөд 40,568,000 төгрөгийг хариуцагч А.Алтангоогоос нэхэмжилж байна. Мөн миний бие Ж.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэгт оролцож байгаа бөгөөд Ж.Алтантуулын нэхэмжлэлээс татгалзаж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд би А.Алтангоог хуурч мэхэлж гарын үсэг зуруулаагүй. Мөн уг гэрээг 2015 оны 5 дугаар сард байгуулаагүй. 2014 оны 3 дугаар сар гэхэд А.Алтангоод зээлсэн мөнгө 39,900,000 төгрөг болсон тул харилцан ярилцаад уг гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ж.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна. Учир нь Ж.Алтантуул нь уг хэргийн нэхэмжлэгч биш бөгөөд А.Алтангоотой зээлийн гэрээний харилцаанд ороогүй юм байна гэж ойлгож, татгалзаж байна гэжээ. Хариуцагч А.Алтангоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлээд байгаа 39,900,000 төгрөгийг нэг дор бөөнөөр нь аваагүй. Уг мөнгийг 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл цувуулж авч явсаар 39,400,000 төгрөг болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээлсэн мөнгийг би Ж.Алтанцэцэгт дансаар болон бэлнээр бүгд 49,748,000 төгрөг болгож буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Уг гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ. Түүнээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ биш. Ж.Алтанцэцэг нь дүү Алтантуулдаа үзүүлэх гэсэн юм гэж хэлэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Түүнээс мөнгө зээлж аваад бодит байдал дээр хийсэн гэрээ биш тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч А.Алтангоогоос 4,198,000 /дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,370,000 /гучин зургаан сая гурван зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Алтангоо нарын хооронд байгуулагдсан 39,900,000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,790 /гурван зуун жаран мянга долоон зуун ер/ төгрөг, хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтангоогоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 287,250 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 82,118 /наян хоёр мянга нэг зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгээс хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357,450 /гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч А.Алтангоод олгохоор тус тус шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: ... Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 282.1, 282.3-т заасан зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги авах эрхээ алдсан байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээ бичгээр хийгдэж эх хувиар хэрэгт авагдсан. Бид харилцан тооцоолж 39,9 сая төгрөг болсон, 10 хувийн хүү тогтоон харилцан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон гэрээг хууль бусаар дүгнэсэн. Миний гэрч Н.Норовбадам, П.Должинсүрэн нарын мэдүүлгүүдийг огт үнэлээгүй. Мөн шүүх хуралдаан дээр Амарцэцэгээс авсан мөнгийг Алангоогоос хасч болохгүй юм уу гэж шүүгч дахин дахин асуухад би Амарцэцэгт зээлдүүлсэн мөнгөө одоо ч гүйцэт аваагүй тул Алтангоогоос хасахгүй гэж хэлсээр байхад 5 сая төгрөгийг Алтангоод өгөхөөр шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Нэхэмжлэгч нь хүү, алданги авах эрхээ алдсан байна.” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282.1, 282,3-т бүрэн нийцсэн төдийгүй 2 тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. ... 2015 оны 3 сард Алтангоо надаас 39.9 сая төгрөг аваагүй гэж мэдүүлсэн гэрч Д.Танихгүйн мэдүүлгийг хууль бусаар үнэлсэн. Алтангоогийн гэрчүүд хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн тул сөрөг нэхэмжлэл хангасныг хүлээн зөвшөөрөхгүй. ... Алтангоогийн нотлуулахаар өгсөн хар дэвтрийг нотлох баримтаас хасах, гэрчүүдийн зөрүүтэй, тодорхой бус мэдүүлгүүдийг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон сөрөг нэхэмжлэлийг хангасан, Алтангоод 5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарснаар Алтангоо надаас авч бусдад зээлдүүлсэн 27 сая төгрөг, 4 торхны эх үүсвэр миний мөнгө байхад түүнд үлдээн завшуулж миний бие 2 давхар зээлээ төлж чадахгүйд хүрч иргэн Сономцэрэн болон Хаан банкинд 2 байраа алдахад хүрч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчлөө. Хуульд заасан хэлбэрээр хийгдсэн Алтангоо бидний зээлийн гэрээ, шинжээчийн дүгнэлт, миний гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтад тулгуурласан байх, хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. Хариуцагч А.Алтангоо давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “хариуцагч А.Алтангоогоос 4,198,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгох”-оор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь 33,102,000 төгрөгийг надаас авсан тухайгаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн байдаг. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь 2013 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 2 дугаар сарын 28-ны хооронд 1,400,000 төгрөгийг хариуцагч А.Алтангоогоос хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн Ж.Алтанцэцэг нь А.Алтангоо надаас 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1,020,000 төгрөгийн үнэ бүхий даавуу, нүдний шил зэрэг эд хөрөнгийг хүлээн авсан тухайгаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Мөн Амарцэцэгээс Ж.Алтанцэцэгийн авсан 5,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 18-нд дансаар шилжүүлсэн 400,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дансаар шилжүүлсэн 660,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дансаар шилжүүлсэн 700,000 төгрөг зэргийг тус тус нэмж тооцвол нийтдээ 42,282,000 төгрөгийг Ж.Алтанцэцэгт би өгсөн юм. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “хариуцагч А.Алтангоогоос 4,198,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгох” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг зээл 39,900,000 төгрөг, алданги 668,000 төгрөг, нийт 40,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч А.Алтангоо нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба хариуцагч А.Алтангоо зээлийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлсөн тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь хариуцагч А.Алтангоод амаар байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 5-ны хооронд нийт 39,900,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж өгсөн, сар бүр 10 хувийн зээлийн хүү тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч зээл, зээлийн хүү төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч А.Алтангоогоос 4,198,000 /дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,370,000 /гучин зургаан сая гурван зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Алтангоо нарын хооронд байгуулагдсан 39,900,000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Талууд зээлийн гэрээг амаар болон бичгээр, хүүтэй эсхүл хүүгүй, хугацаатай ба хугацаагүй байгуулах эрхтэй байхаар хуульд заасан ба гэрээний нөхцөлийг өөрчлөх, амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэх, хугацаагүй гэрээг хугацаатай болгох зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарна.Зохигчид нь зээлийн хугацааг 3 сар, зээлийн хүүг 10 хувь болгож амаар байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлсэн байх тул хариуцагч А.Алтангоо нь үндсэн зээл 39,900,000 төгрөг, зээлийн хүү 11,970,000 төгрөг нийт 51,870,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна. Хариуцагч А.Алтангоо зээл, зээлийн хүүд төлсөн төлбөрийн үнийн дүнгийн талаар өөр өөр тооцоо хийсэн тайлбар гаргаснаас “нэхэмжлэгчид 40,088,000 төгрөг төлсөн гэх тайлбар /1-р хх 54 тал/, нэхэмжлэгчийн зээлийн хүүд 33,102,000 төгрөг авсан гэх тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг бэлэн болон дансаар 33,102,000 төгрөг, Амарцэцэгээс авсан 6,986,000 төгрөг нийт 40,088,000 төгрөгийг хариуцагчаас буцааж авсан болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг 51,870,000 төгрөгөөс хасч хариуцагчаас зээлийн төлбөр 11,782,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин зохигчид анх зээлийн гэрээг амаар байгуулах үедээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагын талаар тохиролцоогүй байх тул гэрээнд заасан алдангийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг зээлийн хүүд 33,102,000 төгрөг авсан, гэрээний дагуу үндсэн зээл 39,900,000 төгрөгийг авна, хариуцагч А.Алтангоо зээл, зээлийн хүүд нийт 49,748,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч өөр өөрсдийн гаргасан тайлбар, татгалзал, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул зээлийн төлбөрийн тооцоог талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүү, хугацаагаар тодорхойлсон болно. Хариуцагч А.Алтангоо нь зээлийн зээлийн гэрээг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулаагүй, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ж.Алтанцэцэг нь дүү Ж.Алтантуулд үзүүлж түүнээс зээлсэн мөнгөний хүүг багасгах гэсэн юм гарын үсэг зураад өгөөч гэхээр нь итгээд гарын үсгээ зурсан хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл хэмээн үзэж хуулийг буруу тайлбарласнаас гадна хариуцагч уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн болохыг нотолж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 38,108,700 төгрөг болгосон тул хариуцагч А.Алтангоогоос зээлийн төлбөр 11,782,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,362,700 төгрөг, хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай.Үүнд: а/.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар А.Алтангоогоос 11,782,000 төгрөг гаргуулж Ж.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,362,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч А.Алтангоогийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Алтанцэцэгтэй байгуулсан 39,900,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй. б/.Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “82,118 /наян хоёр мянга нэг зуун арван найм/” гэснийг “203,462 /хоёр зуун гурван мянга дөрвөн зуун жаран хоёр/” гэж өөрчилж, “, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгээс хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357,450 /гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч А.Алтангоод” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай. 2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Алтангоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ Т.ГАНБАТ ,