Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00893

 

А.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03207 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.М

          Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох

          Ажлын хөлс 3.369.291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Б.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хтай 2013-12-24-ний өдөр 4/13-228 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, банкны зээлдэгч Ш.Давагдорж болон Н.Наранцэцэг нарт холбогдох зээлийг төлүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.Би гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандан, Ш.Давагдорж болон Н.Наранцэцэг нарт холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2014-03-12-ны өдөр 804/2912/с дугаартай шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан.  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Холбогдох газраас худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагч Хны өмчлөлд шилжүүлэн авсан. Барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх болсон тухай Хны холбогдох удирдлагад мэдэгдэж, улмаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд хөрөнгө хүлээлцэх ажиллагаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн хамтаар байлцан хүлээлцүүлснээр үндсэн төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болсон. Хөрөнгийг хүлээн авах үед барьцаа хөрөнгийн үнэлгээ төдийлөн сайн биш, зах зээл дээр энэ төрлийн хөрөнгийн эрэлт маш муу байсан нь банкийг эрсдэлд оруулж, цаашид хэрхэх эсэх нь тодорхойгүй болсноор ажиллагаа зогсонги байдалд орсон. Банк тухайн хөрөнгийг хямдруулан худалдан борлуулах боломжтой байсан боловч үүсэх үнийн дүнгийн зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй болсон тул асуудал гацаанд орсон. Энэхүү үүссэн эрсдэлд миний бие ямар нэгэн байдлаар буруугүй бөгөөд зах зээл дээр хөрөнгийн үнэлгээ болон бусад эрсдэлийг банк тодорхой хэмжээгээр хүлээх ёстой гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэн гэрээг дүгнэн ажлын хөлсөө олгохыг Хнаас удаа дараа хүссэн боловч тодорхой хариуг үл өгсөн. Улмаар 2017-08-28-ны өдөр хүсэлт хүргүүлсэн бөгөөд тус банкнаас 2017-09-25-ны өдрийн 3/4933 дугаар албан бичгээр хүсэлтийг биелүүлэх боломжгүйг дурдсан байсан.  Хтай байгуулсан 4/13-228 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул ажлын хөлс 3,369,291 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: А.Мтай 2013-12-24-ний өдөр 4/13-228 дугаар гэрээ байгуулсан бөгөөд А.М гэрээнд заасан хугацаанд  авлагыг мөнгөн хэлбэрээр төлүүлэх, банк ажлын үр дүн хүлээн авч, тайланг үндэслэн хөлс төлөх гол нөхцөлүүдийг тохиролцсон. Гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу гэрээт гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил буюу үр дүн нь банкны гуравдагч этгээдээс авах авлагыг гэрээнд заасан хугацаанд бодитойгоор буюу мөнгөн хэлбэрээр төлүүлсэн байх явдал байсан. Энэ нь гэрээний гол нөхцөл, гүйцэтгэх ажил, түүний үр дүн болохыг талууд ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1, 2.3, 2.4, 4.6, 4.8, 8.1-д тодорхой тусгасан болно. Гэрээний 4.8 болон хавсралтын дагуу нэр бүхий 4 төлбөр төлөгч тус бүрт төлөгдвөл зохих авлагын дүнг тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлдэгч Ш.Давагдоржоос төлүүлэх төлбөр 67 385 829.81 төгрөг байсан. Гэвч уг төлбөр ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд буюу 2014-12-24-ний өдрийн дотор мөнгөн хэлбэрээр төлөгдөөгүй. Түүнчлэн, ямар нэгэн хөрөнгө төлбөрт тооцогдон банкинд шилжээгүй. Ажлын гүйцэтгэл, түүний үр дүнд үндэслэн ажлын хөлсийг олгохоор ажил гүйцэтгэх гэрээний 4.4, 4.6-д тусгасан ба Иргэний хуулийн 346 дугаар зүйлд нийцүүлэн гэрээг байгуулсан. Гэрээт гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг бий болгоогүй, Ш.Давагдоржийн төлбөр төлөгдөөгүй буюу банк ажлын үр дүнг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу ажлын хөлс төлөх үндэслэл бий болоогүй, хөлсийг төлөөгүй болно. А.М болон Х нар нь харилцан тохиролцож, гэрээний хавсралт дахь ажлуудыг гүйцэтгэхээр  гэрээг байгуулсан. Гэрээний зүйлийн хувьд талууд харилцан тохиролцож гэрээг гүйцэтгэгч яг ямар үр дүнг ямар хугацаанд бий болгох, Банк түүнд ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн ямар хөлс төлөх талаарх нөхцөл, тохироогоо гэрээнд тусгасан. Гэрээт гүйцэтгэгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагад үндэслэн гэрээний хавсралтад заасан ажлуудыг гүйцэтгүүлэхээр болсон боловч төлбөр төлөгчөөр мөнгөн хэлбэрээр авлага барагдуулах ажлын үр дүн гэрээгээр тохиролцсон хугацаанд биелэгдээгүй билээ. Мөн гэрээт гүйцэтгэгч А.М нь гэрээний 8 дугаар зүйлд заасан ажлын тайланг банкинд ирүүлээгүй тул гарган өгөх нотлох баримт байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Х ХХК-с 3 369 291.5 төгрөг гаргуулан А.Мад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 860 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 68 860 төгрөг гаргуулан А.Мад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар Х ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Байгуулагдсан гэрээний хувьд: Талуудын хооронд 2013.12.24-ний өдөр 1 жилийн хугацаанд ажил гүйцэтгэгч нь иргэн Ш.Давагдорж, Н.Наранцэцэг нараас 67.385.829,81 төгрөгийн авлагыг барагдуулсан байх, ажлын хөлсийг бодитоор хийж гүйцэтгэсэн ажлын 5%-тай тэнцэх хэмжээгээр тооцохоор тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ингэхдээ, а) ажил гүйцэтгэгчийн ийм төрлийн ажил эрхлэлтийн туршлагад үндэслэсэн, б) гэрээний хугацааг талууд харилцан тохирч буюу ажил гүйцэтгэгч өөрөө зөвшөөрсөн, в) заавал шүүхийн журмаар төлбөрийг барагдуулах нь гэрээний үүрэг байгаагүй, г) 67.385.829,81 төгрөгийн авлагыг мөнгөн хэлбэрээр 2014.12.24-ний өдрийн дотор төлүүлсэн байх үр дүнг тохирсон, д) авлагыг хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар төлөгдөхөд чиглэсэн үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж тохироогүйгээрээ хөлсөөр ажиллах гэрээнээс анхнаасаа ялгаатай байсан.  Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болон явцын тухайд: 2014.12.24-ний өдөр гэхэд буюу гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн нь а) Банкийг төлөөлөн Ш.Давагдорж, Н.Наранцэцэг нараас төлбөр гаргуулахаар 2014.03.12-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 804/2912/с дугаар шийдвэр гарсан, б) 2014.05.20-ны өдөр Банкнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлөн ажиллах итгэмжлэл /Банкийг төлбөр авагчийн хувьд төлөөлөх бүх эрх олгогдсон/ авсан. Ингээд гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2014.12.24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд ямар ажиллагаа явагдсан нь тодорхойгүй. 2015.04.13-ны өдөр Банк барьцааны хөрөнгүүдийг төлбөрт тооцон авах тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх апбанд хүргүүлсэн бөгөөд 2017 онд албан ёсоор өөрийн өмчлөлд хүлээн авсан, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан зэрэг ажиллагааг А.М бус банк өөрөө гүйцэтгэсэн.Гэрээний хугацаа дуусгавар болсон тухайд: Магадлалд “...1 жилийн хугацаатай байгуулж, цаашид сунгагдах эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан хэдий ч, ...” гэх хэсэг мөн “...гэрээний хугацаа дуусгавар болох үед нэхэмжлэгчээр гэрээнд заасан ажлыг хийлгүүлэхээс татгалзсан, гэрээг цуцалсан гэж үйл баримт тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Талууд гэрээг 1 жилийн хугацаатайгаар бичгээр байгуулсан, хэрвээ сунгах бол харилцан тохиролцож /2.2, 2.7/ бичгээр нэмэлт оруулна /11.2/ гэж тохирсон бөгөөд талуудын хооронд гэрээ сунгах тухай асуудал яригдаагүй, гэрээний 10.1, 10.1.1-д заасны дагуу дуусгавар болсон. Иймд гэрээний хугацаандаа гэрээгээр тохирсон үр дагавар бий болоогүй болно. Хариуцагчийн зүгээс А.Мтай байгуулсан гэрээгээ Аудитын дүгнэлт, тайлан гаргахтай л ижил агуулгатай, Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж анх гэрээг байгуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

       А.М 2017-10-19-ний өдөр Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2013-12-24-ний өдрийн 4/13-228 дугаар гэрээний ажлын хөлс 3,369,291.5 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

       Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

      Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... тохирсон ажлын үр дүн гараагүй...гэрээний хугацаанд банкнаас итгэмжлэл авч төлбөр төлөгчөөс авах шийдвэр гаргуулснаас өөр ажил хийгээгүй...гэрээний гол нөхцөл нь “...нэг жилийн хугацаанд  67.385.829,81 төгрөгийн авлагыг барагдуулах...” байсан..., бодитой хийж гүйцэтгэсэн ажлын 5% нь ажлын хөлс байсан…үр дүн нь 67.385.829,81 төгрөгийг 2014.12.24-ний өдрийн дотор төлүүлсэн байх шаардлага юм... авлагыг хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар төлөгдөхөд чиглэсэн үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж тохиролцоогүй... шүүхийн журмаар төлбөр барагдуулах нь гэрээний үүрэг биш... хөрөнгийг төлбөрт тооцон авах болон худалдан борлуулах ажиллагааг банк өөрөө хийсэн...” гэсэн үндэслэл заасан байв.   

     Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       1. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

       Х ХХК А.Мтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай  гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч гэрээнд заасан авлагыг барагдуулах, хариуцагч ажлын үр дүнг харгалзан хөлс төлөхөөр тохиролцжээ.

        Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

      Гэрээний агуулга болон хэргийн баримтаас үзвэл зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээний үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль шаардах эрхтэй юм.

      2. “..гэрээний хугацаанд гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй...” гэх хариуцагчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.  

     Х ХХК А.Мтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай  гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч уг гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

     Хариуцагчаас А.Мад 2014-05-20-ны өдөр итгэмжлэл олгосон, итгэмжлэлд хугацаа заагаагүй тул 2013-12-24-ний өдрийн 4/13-228 дугаар гэрээнд заасан ажлыг талууд  2015-05-20-ны өдрийг дуустал гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж үзэх нь гэрээний 2.6., 2.7., 6.1.3, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-г тус тус зөрчихгүй юм.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2013-12-24-ны өдрөөс 2015-05-20-ны өдрийн хооронд  шүүхийн 2014 оны 804/2912/с шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үр дүнд  барьцааны хөрөнгийг Х ХХК-ийн нэр дээр шилжүүлэх /төлбөр авагчийн хүсэлт/ ажиллагаа хийгджээ.

      Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, 2.7, 6.1.3, 10.2 дахь хэсгийн заалтаас үзвэл гэрээний хугацаа сунгагдах боломжтой бөгөөд гэрээний хугацаа дуусч цаашид сунгаагүй тохиолдолд гэрээ дуусгавар болохоор байна.

      Зохигчийн хэн аль нь 2013-12-24-ний өдрийн 4/13-228 дугаар гэрээний хугацаатай холбоотой санал хүсэлтийг гаргаж байсан баримт хэрэгт байхгүй тул уг гэрээний 10.1.1-д зааснаар гэрээ 2015-05-20-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдоогүй гэж дүгнэв.    

      3. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх тул хөлс шаардах эрхтэй байна. 

      Талууд гэрээ дүгнэсэн баримт хэрэгт байхгүй буюу хариуцагч гэрээний 8.2-т заасны дагуу шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгч ажлыг зохих түвшинд гүйцэтгэсэн гэж   үзнэ.

     А.М 2013-12-24-ний өдрийн 4/13-228 дугаар гэрээнд заасан 67,385,829.81 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан байх тул шүүх хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулсан нь Иргэний хуулийн 359, 360 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

     Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 68.858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ