| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/23 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төгрөг овогт Дашдондогийн Бд холбогдох 1929003420002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Таван толгой” уурхайгаас Тосгоны зүүн хойд талын засмал зам дээр Kia Grandbird маркийн 31-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас А.Гүндсамбуугийн жолоодож явсан Cтана маркийн 96-24 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Л.Цэрэндуламын биед хөнгөн, Д.Наранбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-24-р хуудас/,
А.Гүндсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Б.Шинэбаярын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Б.Бямбадоржийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Ц.Гончигцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
З.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Ч.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Д.Батцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Д.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
М.Зоригтын мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Ч.Атарболдын мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Н.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Хохирогч Д.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 29-30х, 52-54-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч З.Магмархүүгийн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Гүндэнсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 27-28х, 64-65-р хуудас/,
Д.Бы гэрчээр өгсөн: “...шороон замаар явж байгаад засмал замруу нийлэх зүүн гар талруугаа дохио өгөөд замруу өгсөөд гартал засмал замын зүүн талаас Стана маркийн тээврийн хэрэгсэл ороод ирсэн... машин ирж байхыг харсан ч зайтай багйаа юм шиг харагдаад, амжих байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт “96-24 ӨВР 4.279.000 төгрөг, 31-65 УБЗ 990.500 төгрөг” /хх-ийн 70-73-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13386 дугаартай:
1.Л.Цэрэндуламын биед тархи доргилт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12944 дугаартай:
1.Д.Наранбаатарын биед баруун дунд чөмөг ясны толгой хэсгийн хөндлөн зөрөө бүхий далд хугарал, зүүн хөмсөгний дотор хэсгийн зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/,
Д.Бы яллагдагчаар өгсөн: “...Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж уг осол гарсан гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/,
Шүүгдэгч Д.Бы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/,
Шүүгдэгч Д.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 95--р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Таван толгой” уурхайгаас Тосгоны зүүн хойд талын засмал зам дээр Kia Grandbird маркийн 31-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Л.Цэрэндуламын биед хөнгөн, Д.Наранбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Д.Бы замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Бд “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Наранбаатар нь “хүнд гэмтэл гарсан хохирлыг барагдуулсан. Иймд гомдолгүй” гэх баримт /хх-ийн 171-р хуудас/, Хохирогч А.Гүндсамбуу нь “миний машины хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Одоо надад ямар нэг санал гомдол байхгүй энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх баримт /хх-ийн 172-р хуудас/, хохиролд нийт 8 320 000 төлсөн болохыг дурьдах зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
- шүүгдэгч Д.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарын гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 8 320 000 төгрөг төлсөн, хохирогч Л.Цэрэндулам нь цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төгрөг овогт Дашдондогийн Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 500 /таван зуу/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт нийт 8 320 000 төгрөг төлсөн, хохирогч Л.Цэрэндулам нь цаашид гарсан зардлаа баримтаар цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Бы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА