Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, “Вивасити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-т холбогдох

 

СӨХ-ны төлбөрт 447.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива сити хотхоны N18-4-4 тоотод оршин суугч иргэн ******* нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй тул нийт 437.500 төгрөг болсон байна. Иймд төлбөр 437.500 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 447.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Вива сити СӨХ нь иргэдийн аюулгүй, цэвэр орчинд амьдруулах үүрэгтэй. Гэтэл манайд хоёроос гурван удаа хулгай орсон. Вива сити СӨХ нь харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 200.000-300.000 төгрөгийг төлөх л боломжтой байгаа.  Сүүлд Хаан банкаар төлбөр төлсөн боловч баримт байхгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******ад холбогдуулан СӨХ-ны төлбөрт 447.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.”гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг” орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.  

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ. Вивасити-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн НХ/2015/01 дүгээр тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Отгонцогтыг томилсон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.

 

Тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 2013 оны  8 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгожээ./хх-6/

 

Вива сити СӨХ-ны 2013 оны 4 сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тус байрны оршин суугчдаас авах засвар үйлчилгээний хөлсийг тогтоосон байх ба Удирдах зөвлөлийн даргын тогтоолоор СӨХ-ны сарын хураамж айл өрх бүрээс 17.500 төгрөгийг хурааж байхаар тогтоосон байна./хх-ийн 13/

Харин хариуцагч ******* нь “... төлбөрийг төлөөгүй. Хулгай гарахад харуул хамгаалалтын талаараа асуудлыг шийдэж өгөөгүй. Төлбөр төлөх нь ч төлнө л дөө. Гэхдээ 223.000 төгрөгийг л төлнө ” гэх тайлбарыг гаргасан байна. 

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч татагалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан Хаан банкны СӨХ-ны төлбөр төлсөн гэх баримт нь 2013 оны 5,6 дугаар сарын төлбөрийн баримт байх тул татгалзлалаа нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагч ******* нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны 2013 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр буюу сарын 17.500 төгрөгөөр тооцож, нийт 437. 500 төгрөг, нотариатын зардалд 10.000 төгрөг, нийт 447.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нотариатын зардал төлөх эсэхэд татгалзах зүйлгүй, нийт нотариатын зардал ороод 223.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нь СӨХ-ийн үйл ажиллагаа муу эсэхээс шалтгаалахгүйгээр дээрх зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч ******* нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 447.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14.075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 14.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ