Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/24

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Г.Ё /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөлцөөнийхөн овогт Гантогтохын Ёад холбогдох эрүүгийн 2029000000004 дугаартай  хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Ё нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөөврийн 212 тоотод 2020 он 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө эхнэр Б.Отгонтуултай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ё нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Б.Отгонтуулын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой манай хүү уйлахаар нь би хүүгээ хөхүүлэнгээ Ёыг шүүгээнээс ургамлын тос аваад өг, хүүхдийн гэдэс дүүрээд хөхөө хөхөж чадахгүй байна гэхэд Ё уурлаад хараал хэлээд, дүүгээ зарж болдоггүй юм уу гэхээр нь чи аав нь юм байгаа биздээ гээд гараараа түлхтэл цээжийг нь самардчих шиг болсон. Ё миний хоолойг боож, толгойруу 2-3 удаа цохиж зодохоор нь цохих гэтэл гар мушгиад, утас өгөхгүй, гаргахгүй орон дээр түлхэж унагаасан. Би хагалгаагаар төрсөн учраас доошоо өвдөөд байна гэхэд чи угаасаа өвчтэй байсан биз дээ гээд гараа зангидаж миний хөл, сав, биерүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч М.Дүүрэнбаярын өгсөн: “Отгонтуулаас юу болсон талаар асуухад хүүхдийн сүү халаахаас болж тэр хоёр хоорондоо муудалцаад Ё гар, мөрлүү цохиж зодсон толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай:

  1. Б.Отгонтуулын биед зүүн нүдний ухархай, баруун мөр, бугалга, шуу,

баруун ташааны арын хэсэг, баруун шилбэнд хөхрөлт үүссэн гэмтлүүдтэй байна.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  2. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

Г.Ёын яллагдагчаар өгсөн: “Манай хүүхдийн гэдэс нь дүүрээд уйлаад байхаар нь даавуу халаагаад зогсож байтал Отгонтуул наранцэцэгийн том шкабнаас авч өг гэснээс болж маргалдсан. Би Отгонтуулын нүүр болон хөл, гарлуу нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ёын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Г.Ёын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/,

            Шүүгдэгч Г.Ёын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33-35-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Б.Отгонтуулын биед “ зүүн нүдний ухархай, баруун мөр, бугалга, шуу,

баруун ташааны арын хэсэг, баруун шилбэнд хөхрөлт”  зэрэг гэмтэл учруулсан Г.Ёын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Отгонтуулын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Г.Ё нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирогч Б.Отгонтуулын:”...Г.Ётай эвлэрч надад учирсан хохирлийн талаар ямар нэгэн маргаангүй болсон.” гэх хүсэлт /хх-ийн 45-р хуудас/ тул шүүгдэгч Г.Ё нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Г.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Г.Ё нь тохиодолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөлцөөнийхөн овогт Гантогтохын Ёыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ёыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА