Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: М.У /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Уд холбогдох 2029000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч М.У нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаанхад гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө иргэн Ч.Оюунчимэгтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.ы

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Чанцалдуламын мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Цэвэгмидийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 11-ний өдрийн №88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

- Шүүгдэгч М.Ууган-Эрдэнийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”  /хх-ийн 33-р хуудас/,

- Хохирогч Ч.Оюунчимэгийн “эмчилгээний зардалд 311 000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон, одоо гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт М.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч М.У нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаанхад гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө иргэн Ч.Оюунчимэгтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ч.Оюунчимэгийн: “...У гэдэг залуу миний толгойруу гараараа хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- гэрч Н.Чанцалдуламын: “...Ууганаа гээд дуудаад байдаг залуу сууж байсан угаалтуураа аваад ширээрүү шидсэн. Тэгээд Оюунаа эгчийг барьж аваад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- гэрч Ч.Цэвэгмидийн: “...Н.Чанцалдулам сая нөгөө У гэдэг залуу чинь Оюунаа эгчийг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг зодчихоод намайг газарт түлхэж унагаачхаад яваад өглөө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- гэрч Ц.Ганбаатар: “...Миний эхнэр болох Н.Чанцалдулам гэртээ орж ирээд  нөгөө У чинь Оюунаа эгчийг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2010 оны 01 сарын 25-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн: “...Ч.Оюунчимэгийн биед духны гол хэсэг, зүүн нүдний ухархай хөхрөлттэй, тархины доргилт үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь мохоо зүйлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Оюунчимэгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ч.Оюунчимэгийн “эмчилгээний зардалд 311 000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон, одоо гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 10-р хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч М.Ууган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууган-Эрдэнийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйлээс гэмт хэргийн хор аюулын шинж чанарыг үнэлж дүгнэлээ.

Хохирогчид хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Мягмаржавын Ууган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  311 000 төгрөг төлсөн, одоо бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА