Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/24

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум д-ын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: Н.Ням

Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум д-ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Монгол овгийн М-ын Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000350009 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн д- боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, М- овгийн М-ын Б-

                                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ тоотод гэртээ өөрийн эхнэр Б.У-г галын хайчаар зүүн мөр хэсэгт нь 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн 3 шар 01 дүгээр гудамж 03 тоотод гэртээ өөрийн эхнэр Б.У-г галын хайчаар зүүн мөр хэсэгт нь 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: ...Би найзындаа очоод тоглож байгаад өглөө үүрээр гэртээ ирсэн. Эхнэрээ өглөө ажилдаа явах гэхээр нь би тамхигүй болчихож тамхинд явахдаа хүргээд өгье гэсэн чинь би яараад байна гээд байсан. Би галаа түлэх гээд галын хажууд сууж байсан. Эхнэр Б.У- уурлаад хувцасны өлгүүрээр 2-3 удаа намайг цохьсон. Тэгээд би уурлаад галын хайчаар мөр лүү нь цохьсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би архины эмчилгээ хийлгэсэн архи уухгүй гэж хичээж байгаа гэв.  

Хохирогч Б.У- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. М.Б-ыг чи хүнийг ажилд явах гэж байхад яагаад хэрүүл хийгээд байгаан гээд хувцас өлгөдөг өлгүүрээр нэг удаа цохиод авсан чинь М.Б- уурлаад галын төмөр хайчаар миний зүүн мөр лүү 2 удаа цохьсон. Мөн хөл рүү нэгээс хоёр удаа өшиглөсөн. Тэгээд М.Б- намайг ажил дээр хүргэж өгсөн. Тухайн үед нөхөртөө гомдоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай нөхөр архи уусан үедээ намайг зодоод байдаггүй ч хүнтэй хардаад чи өөр эрэгтэй хүнтэй уулзаад байгаа юм биш биз гэх зэрэг үгээр үглээд байдаг юм. Нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие эрүүл болсон гэжээ  /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Би М-ын Б- гэдэг хүний хамгийн том хүүхэд байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 00 минутын орчим ээж өвөөгийнд ирж хоносон. Тухайн үед манай ээж Б- намайг зодоод гэж ярьж байсан. Тэгээд л аав ээжийг зодсон юм байхдаа гэж бодсон. Шөнө 22 цаг 00 минутын орчим аав өвөөгийнд ирж хоносон. Тухайн шөнө аав ээжийг зодсон зүйл байхгүй. Манай аав ээж дүү бид нарыг зодож байгаагүй. Манай аав заримдаа архи уудаг. Миний хувьд аав ээж хоёрыг хоорондоо маргалдаж байхыг хараагүй гэжээ  /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.У-гийн биед хүзүү цээж, мөр, баруун хөлийн гуя, баруун тахиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна шинжээч эмч Л.Амгалан гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг галын хайч зэрэг болно.

Шүүгдэгч М.Б- нь эхнэр Б.У-гийн биед галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.У-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул  шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.У- нь шүүгдэгч М.Б-аас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар  /хх-ийн 66 дугаар хуудас/ тогтоогдож байна.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

              Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч М.Б-ын  эзэмшлийн ___ улсын дугааартай Mitsibushi Delica spacegear маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

              Шүүгдэгчийн хувийн байдал ,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт М-ын Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт М-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч М.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн ___ улсын дугааартай Mitsibushi Delica spacegear маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ДУЛМАА