| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0025/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Анхбаярт холбогдох эрүүгийн 1929003180166 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Анхбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 цаг 18 минутын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-т 74-21 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 49-13 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 03-20 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 47-79 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Д.Батжаргалын амь насыг хохироон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Анхбаяр мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 сарын 27-28-нд шилжих шөнө 6 гэх газар машиндаа ойр зуурын засвар үйлчилгээ хийлгэж байгаад Шийрэв гэдэг хүнтэй хамт уурхай руу ачаанд орох гэж явсан. 3-4 дэх км-т Шийрэвийн машины урдаас машин орж ирээд эсрэг талаар нь зөрөөд гарсан. Би ардаас нь Шийрэвийг дагаж эсрэг талаар нь зөрж гарахад талийгаач миний машины чиргүүлийг мөргөсөн. Миний буруу ойлголтоос болж авто тээврийн осол гарч, эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал мэдүүлэхдээ: Иргэний хариуцагчийн хувьд хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмнөөс хохирлыг барагдуулсан гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 1-2-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 08-24-р хуудас,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт /1-р хх-ийн 25-26-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 37-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч Р.Шийрэвийн мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/,
Гэрч Э.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхманлайн мэдүүлэг /1-р хх-ийн 30, 31-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 421, 422 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 87-94-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/,
Хохирогчоос гаргасан хохирлын баримт /1-р хх-ийн 118-2-р хх-ийн 68-р хуудас/,
Шүүгдэгч О.Анхбаярын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 70, 73-75-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 78-81-р хуудас/,
Тэнгри транс ХХК-аас оршуулгын зардал төлсөн баримт /2-р хх-ийн 141-р хуудас/,
Шүүгдэгч О.Анхбаяраас хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 149-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаярын “...хохирлыг бүрэн барагдуулсан, одоо гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /2-р хх-ийн 158-159-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Анхбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 цаг 18 минутын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-т 74-21 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 49-13 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 03-20 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 47-79 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Д.Батжаргалын амь насыг хохироон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаярын мэдүүлэг: “...Бидний аав дахиж бидэндээ ирэхгүйгээр бурхны оронд очиж байгаа учраас хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдэж өгнө үү, ар гэрийхэний зүгээс гомдолтой байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,
- Гэрч Р.Шийрэвийн: “...Тэгээд тэнд очоод компанийхаа жолооч нараас утас цэнэглэгч аваад утсаа асаасан тэгсэн миний утсанд Анхбаярын эхнэрээс 4 мессеж ирсэн байсан “хаана байгаа юм бэ, Анхбаяр над руу ярилаа хаана аваар болсон юм бэ, над руу залгаарай” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би Анхбаяр руу залгахад “суман дээр ноорогийн гадаа байна, зам тээврийн осол гарсан талаар хэлсэн, чамайг дуудаж мэдүүлэг авах байх гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/,
- Гэрч Э.Эрдэнэсүрэнгийн: “... тэгээд шөнө 3-4 цагийн үед би аваар хийчихлээ миний хань цагдаа эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Би сандраад нөгөө хүн нь гайгүй юу гэхэд яаралтай цагдаа эмнэлэг дуудаатах гэж хэлсэн. Тэгээд би такси аваад хэргийн газар очиход цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн байсан. Анхбаяр намайг очингуутаа тосч ирээд машинаас буулгахгүй байсан. Тэгээд би эргээд гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/,
- Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 29-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн: “Д.Батжаргалын цогцост үзлэг шинжилгээгээр гавлын яс, тархины эдийн бяцрал, тасрал, хүзүүний 6-р нугаламын их биеийн хугарал, олон хавирганы хугарал, баруун тохойн хугарал, мултрал, зүүн бугалганы далд хугарал, үнхэлцэг-зүрхний урагдал, хоёр мөр, баруун бугалга, баруун шуу, сарвуу, 2 өвдөгний зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн сарвууны урагдаж язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас “Тээврийн хэрэгсэлд дайрагдах” үүсгэгдсэн байх боломжтой. Д.Батжаргалын цогцост үхэлд хүргэсэн гэмтлийн үлдэц /хуучин гэмтэл/ тогтоогдсонгүй. Д.Батжаргал нь амьдрах боломжгүй, олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Иймд гэмтлийн зэрэг тогтоох нь ач холбогдолгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 66 дугаартай: “1. Нордбенз маркийн 49-13 ӨМА улсын дугаартай автомашины жолооч Олонбаяр овогтой Анхбаяр нь урдаа явсан тээврийн хэрэгслийг эсрэг урсгал сөрж Д.Батжаргалын тээврийн хэрэгсэлтэй буруу талаар нь зөрж аюул үүсэх нөхцөл бүрдсэнийг мэдсээр байж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын хэмжилтийн зургаар тормозын мөр байхгүйгээр харагдаж байна. Иймд О.Анхбаярыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас уг осол гарсан байна. 2. Нордбенз маркийн 47-79 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Даариймаа овогтой Батжаргал нь мөн адил Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “... эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Олонбаяр овогтой Анхбаяр нь ФД89101213 регистрийн дугаараар Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн хайлт лавлагаа хэсгээс лавлагаа авахад 771527 дугаарын BCCE ангиллын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв. Даариймаа овогтой Батжаргалын МЗ58021708 регистерийн дугаараар мөн адил лавлагаа авахад 73152 дугаарын BCCED ангиллын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 421, 422 дугаартай: “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 290 000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-94-р хуудас/,
Хохирогчоос гаргасан хохирлын баримт /1-р хх-ийн 118-2-р хх-ийн 68-р хуудас/,
Шүүгдэгч О.Анхбаярын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 70, 73-75-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 78-81-р хуудас/,
Тэнгри транс ХХК-аас оршуулгын зардал төлсөн баримт /2-р хх-ийн 141-р хуудас/,
Шүүгдэгч О.Анхбаяраас хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 149-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаярын “...хохирлыг бүрэн барагдуулсан, одоо гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /2-р хх-ийн 158-159-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаяраас баримтаар 23 965 637 төгрөг /1-р хх-ийн 118-2-р хх-ийн 68-р хуудас/ нэхэмжилсэн бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан, одоо гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 24 000 000 төгрөг өгсөн...” гэх хүсэлт /2-р хх-ийн 158-159-р хуудас/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одбаярт Тэнгри транс ХХК-аас оршуулгын зардалд 2 000 000 төгрөг төлсөн баримт /2-р хх-ийн 141-р хуудас/, шүүгдэгч О.Анхбаяраас хохиролд 4 000 000 төлсөн баримт /2-р хх-ийн 149-р хуудас/ баримтууд байх тул одоо шүүгдэгч О.Анхбаярыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, мөн иргэний нэхэмжлэгч Таван толгой шин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхманлай “...Манай компанийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, манай компани тээврийн хэрэгсэлтэй холбоотой эвдрэл гэмтлээ даатгалаараа 100% шийдүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгч О.Анхбаярыг Таван толгой шин ХХК-д хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч О.Анхбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн мөн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч О.Анхбаяр үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Эд мөрийн баримтаар шүүгдэгч О.Анхбаярын 771527 дугаартай ВСЕ ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаагчууд овогт Олонбаярын Анхбаярыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Анхбаярыг тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.Анхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан О.Анхбаярын 771527 дугаартай ВСЕ ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА