Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0062

 

 

 

 

 

 

 

А.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор, А.Э-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг болон нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтгүйгээр үнэлэлт дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч А.Э нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 140 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 40 дүгээр байрны баруун урд байрлалтай 576 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар иргэн А.Этод дээрх газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 140 дүгээр захирамжийн А.Эт хамаарах хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс “А.Э-ийн 1998 оноос эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүйн дээр уг газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барьж, 2003 онд үйл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206004949 дугаарт өөрийн өмчлөлдөө бүртгүүлж, 102 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сар хүртэл зориулалтын дагуу ашигласан болох нь дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нэгж талбарын 18642309531396 дугаартай талбарын байршлыг сансрын зурагтай давхцуулсан зургаас тогтоогдож байна ... газраа зориулалтын дагуу бодитоор ашигласан, барилгыг буулгасан энэ хугацаанаас тооцох...” гэж дүгнэсэн.

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамж нь “үйлчилгээтэй орон сууц” газрын зориулалтаар олгосон байхад өмнөх хүчингүй болсон захирамжийн дагуу бий болсон үйлчилгээний объектыг зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг даргаас Ннийслэлийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/338 дугаар албан бичгээр тухайн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчин олгосон, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг болон бусад нотлох баримтуудыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Мэдээллийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж шалгахад иргэн А.Э нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байсан.

Энэ талаар иргэн А.Э-т шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тус албанаас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/2854 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангасан.

Газрын тухай хууль болон Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байсан тул нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар А.Э-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцэж байгаа болно.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж эрх хэмжээ олгогдсон байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.Э-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлчилгээ бүхий орон сууцаа нурааж шинэ барилга байгууламж бариулахаар холбогдох байгууллагуудад хандан барилга барихад шаардагдах бүх төрлийн техникийн нөхцөлүүдээ авч, барилга барих зөвшөөрлөө 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан...” хэмээн маргаж, “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/846 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, нийслэлийн Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, инженер геологийн судалгааны дүгнэлт, холбоожуулах техникийн нөхцөл, Инженер хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ, Ус сувгийн удирдах газраас олгосон техникийн нөхцөл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас олгосон техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас олгосон техникийн нөхцөл, “М” СӨХ-ны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хүсэлтийн хариу” 23 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй, нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамж гарснаас хойш барилга барихаар үйл ажиллагаа явуулж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;, 35.3.2-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй нь нотлогдохгүй, энэ талаар хариуцагч өөрийн тайлбараа нотолж чадахгүй байх бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн “… газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, барилга барихаар бичиг баримтын бүрдэл хийж байсан” гэсэн тайлбар үндэслэлтэй, энэхүү нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл хамаарахгүй.

Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамж нь “үйлчилгээтэй орон сууц” газрын зориулалтаар олгосон байхад өмнөх хүчингүй болсон захирамжийн дагуу бий болсон үйлчилгээний объектыг зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд үйлчилгээ бүхий орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн газарт барилга баригдаагүй нь хуульд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах үндэслэл болж чадахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

          ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ