Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/045

 

З.Б, М.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч З.Б, М.Д

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч *******

Хохирогч Х.Л

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б, М.Д, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б, М.Д нарт холбогдох эрүүгийн 201705000161 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хотгойд овогт З.Б, ........................ эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, Боржигон овогт М.Д, 1................ эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

М.Д, З.Б  нар нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандалхайрхан” 1 дүгээр багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газраас Х.Лгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.Д, З.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хотгойд овогт З.Б, Боржигон овогт М.Д нарыг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хотгойд овогт З.Б, Боржигон овогт М.Д нарыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Б, М.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар З.Б, М.Д нараас тус бүр 1.000.000, нийт 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Лд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Лгээс шатахууны зардал 50.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэгч О.Бын эзэмшлийн “Бонго-жи-2” маркийн 80-89 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ний тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Бд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3 дахь хэсэгт зааснаар  М.Дын эзэмшлийн цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн, З.Бийн эзэмшлийн улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн  2017 оны 6 дугаар сарын 21-ний тогтоолуудыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тус тус хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлүүлж орлогыг тусгай дансанд хадгалахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар З.Б, М.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, З.Б, М.Д нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс намайг гэм буруутай гэж буруутгасныг хүлээн зөвшөөрч харин надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсээгүй болохоор энэ нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдож байх хугацаандаа ихийг ойлгож мэдлээ. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй байхаа амлаж байна. Одоогоор би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хэн хэн нь эрхэлсэн тодорхой ажил байхгүй учраас өрхийн орлого байхгүй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой учраас хохирол, төлбөрийг нь тухайн үед төлж чадаагүй, ар гэрээсээ нууж хаасаар өдийг хүрсэн. Харин ар гэр минь намайг цагдан хоригдсоноос хойш энэ талаар мэдэж надтай уулзахдаа хохирлоо яаж төлөх талаар ярилцсан. Миний хувьд бусдад учруулсан хохирол болох нэг сая төгрөгөө төлж барагдуулна гэдгээ та бүхний өмнө амлаж байна.

Миний амьдралын хувьд охин минь 1 ой 5 сартай, эхнэр маань Дархан хотод эх баригчийн сургуульд суралцдаг. Манайх ам бүл цөөн учраас гэр бүлээ надаас өөр авч явах хүн байхгүй. Миний энэ байдлаас болж эхнэр маань суралцах боломжгүй байдал үүсээд байна. Учир нь би 1 ой 5 сартай охиноо харж, Цагаан цахирт ажиллаж эхнэр, хүүхдээ тэжээдэг, бага насны хүүхэдтэй болохоор эхнэр маань ажил хийх ямар ч боломжгүй. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр харамсаж гэмшиж байгаа тул яаж ийгээд учирсан хохирлоо бүрэн барагдуулж дахин ийм хэрэг үйлдэхгүй.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг ар гэрийн ахуй амьдрал, амьдралын нөхцөл байдлыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа, би хохирлыг нөхөж төлөхөө илэрхийлж, хохирогчоос уучлалт гуйсан. Би Баян-Овоо суманд ам бүл, эхнэр Б.Цэрэнпил, охин Д.Баасансүрэн нарын хамт амьдардаг бөгөөд анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт орооцолдохгүй байж чадна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгчийн хувьд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг ойлгон ухамсарлан мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгч хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид учирсан хохирлоо төлөх боломж байгаагүйн улмаас буюу амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн хувьд хохирлыг тодорхой хугацааны дотор төлж барагдуулахаа илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон байдаг.

М.Дын хувийн байдлын тухайд эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ах дүү, төрөл садангийн дунд нэр хүнд сайтай хүн бөгөөд заавал нийгмээс тусгаарлалгүйгээр засарч хүмүүжих бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулалгүйгээр ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн болчимгүй үйлдлээс болж ар гэрээ зовоож байгаадаа харамсаж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Хохирогч Х.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн тул гомдолгүй болсон, залуу хүмүүс цаашдаа дахин алдахгүй байх гэж бодож байна гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын зүгээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх тал дээр тусгайлан гаргах саналгүй гэв.

ХЯНАВАЛ:

М.Д, З.Б  нар нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандалхайрхан” 1 дүгээр багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газраас иргэн Х.Лгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Х.Л “...2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ихэрийн бууц” гэх газраас 4 тооны адуу алдагдсан юм. Тухайн үед эрж хайгаад уг алдагдсан гэх адуунуудыг олоогүй юм. Манай алдсан гэх адуу нь хар зүсмийн соёолон насны морь, хүрэн зүсмийн хязаалан насны морь, хондон зүсмийн хязаалан насны морь, хул алаг зүсмийн шүдлэн насны морь зэрэг 4 тооны адуу байсан уг алдсан гэх адуунууд бүгд ташаан толгой дээрээ чойндон тамгатай байсан...” /хх-ийн 20-22-р тал/,

Гэрч Б.Л “...50 гаран тооны адуун дотроос 4 тооны адуу буюу хар зүсмийн соёолон насны морь, хүрэн зүсмийн хязаалан насны морь, хондон зүсмийн хязаалан насны морь, хул алаг зүсмийн шүдлэн насны морь гэх 4 тооны адуу тус тус алдагдсан...” /хх-ийн 28-29-р тал/,

******* “...уг 4 тооны адуу нь хар зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хондон зүсмийн морь, хул алаг зүсмийн морь гэх 4 тооны адуу алдагдаад олоогүй байгаа. Би эм тамга насыг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 30-31-р тал/

******* “...манай хүү Х.Л хар зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хондон зүсмийн морь, хул алаг зүсмийн морь гэх 4 тооны морь алдсан байсан...” /хх-ийн 32-33-р тал/

******* “...гарал үүслийн бичиг байхгүй, арьс шир байхгүй, 3 адууны жижиг мах авчирч өгөхөөр нь би 800.000 төгрөгөнд бодож авсан...” /хх-ийн 34-35-р тал/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 52-53-р тал/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан хэргийг зөв зүйлчилсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгч З.Б, М.Д нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулсан, шүүгдэгч З.Б, М.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлууд, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ талаар хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх энэ талаар гаргасан шүүгдэгч З.Б, М.Д, шүүгдэгч М.Дын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Бын 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Бонго Жи-2 маркийн 80-83 улсын дугаартай  автомашиныг “...5.000.000 төгрөгийн үнэ бүхий...” гэж буруу дүгнэсэн байгааг дурдаж, уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт оруулаагүй, тогтоох хэсгийн зарим заалтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг үг хэллэгийг буруу бичсэн зэрэг байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт З.Б, Боржигон овогт М.Д нарыг нэг жилийн хугацаагаар /1/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хотгойд овогт З.Б, Боржигон овогт М.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 21 заалт болгон “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч З.Б, М.Д нарт мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Хотгойд овогт З.Б, Боржигон овогт М.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б, М.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн З.Бөөс 2.000.000, М.Дас 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...О.Бын нэхэмжлэлийг бүгдийг...” гэснийг “...О.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА    

    ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                    В.ЦЭЦЭНБИЛЭГ