Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Х.Б, Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1929002970173 дугаартай хэргийг 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн 78-57 БЧ дугаарын чиргүүлтэй, 83-01 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримт, 2 ширхэг обуд, 8 ширхэг дугуйг завшиж нийт 3 980 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа гэв.

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

- Гэрч Ц.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- Гэрч Ц.Даваанямын мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч Н.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирлын нийт тооцоо /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн 78-57 БЧ дугаарын чиргүүлтэй, 83-01 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримт, 2 ширхэг обуд, 8 ширхэг дугуйг завшиж нийт 3 980 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.Сарангэрэлийн: “... Тэр залуу /Б/ 09 дүгээр сарын 27-ны өдөр ачаатай машинтай Ганц модруу орж хоноод 28-ны өдөр ачаагаа буулгачхаад манай нөхрийн машиныг жолоодон Монгол руу орж ирээд 8 дугуйг нь сольчхоод бичиг баримтыг нь аваад алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч Ц.Даваанямын: “...Миний машины чиргүүлийн 6 ширхэг дугуйг хуучин ашиглах боломжгүй дугуйгаар сольж, запасанд зүүлттэй байсан 2 ширхэг дугуйг обудтай нь авч, машины бичиг баримт, түлхүүр аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч Н.Эрдэнэцогтын: “...Миний эзэмшлийн өөрөө буулгагч машиныг жолооддог Батбаяр гэх жолооч Гашуун сухайт хилийн боомт дээр ачаа буулгаад буцаж явахдаа миний утас холбогдохгүй байсан болохоор манай эхнэр Ганжаргалруу ярьж машиндаа сайн 4 дугуй авая, 1 ширхэг бүрийг нь 250 000 төгрөгөөр худалдаж аваад оронд нь өөрийнхөө машины 4 ширхэг муу дугуйг сольж өгсөн гээд 1 000 000 төгрөгийг шилжүүлүүлсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/120 дугаартай дүгнэлт, хохирлын тооцоо /хх-ийн 36-37-р хуудас/ болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь бүлэглэн хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Уг гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хохирогч Ц.Сарангэрэл нь “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн 78-57 БЧ дугаарын чиргүүлтэй, 83-01 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн авто машиныг хил гаргаж өгөх талаар тохиролцон шүүгдэгч Х.Бд хариуцуулж, харин шүүгдэгч нь түүний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдах буюу тухайн эд хөрөнгийн зүйлийг буюу 8 ширхэг дугуйг бусдад худалдан ашиг хонжоо олсноор үйлдлийн шинж, хэргийн байдал нь прокуророос ирүүлсэн зүйлчлэлтэй бүрэн тохирч байна.

Харин шүүгдэгч Б.Бгийн хувьд дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж, өөрийн дансыг ашиглуулан мөн ашиг хонжооны тодорхой хувийг өөртөө авч ашиглаж байгаагаараа уг гэмт хэргийн хамжигч болно.

Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь санаатай нэгдэж завших гэмт хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хохирол төлбөрийн хувьд:

Гэмт хэргийн улмаас “Итайкер” ХХК-нд нийт 3 980 000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сарангэрэл нь “...хохирлыг бүрэн төлсөн, одоо саналгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн ...-р хуудас/ байх бөгөөд шүүгдэгч Х.Б, Б.Б нар 3 900 000 төгрөг төлсөн, одоо тэднийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл тэдний хувийн байдлын хувьд ял шийтгэл эдэлж байгаагүй, өөрсдийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйлээс хохирлын хэмжээ бага, үйлдлийн арга барил эд хөрөнгийн зүйл буюу машины дугуйг бусдад худалдан өөрт ашиг хонжоо олсон үйлдлийн шинжийг нь нийгмийн хор аюулын хэмжээгээр бага гэж дүгнэсэн болно.

Тэдний хохирол төлбөрөө төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дох хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч Х.Болд-Эрдэнийн уг хэргийг санаачлан удирдан чиглүүлсэн идэвхтэй үйлдэл хийж, төлбөрийн мөнгөний ихэнх хэсгийг ашигласан тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Бг хамжигчаар бага оролцоотой байсныг нь харгалзан 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Х.Б, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овогт Хэнзийн Б, Хорго овогт Бямбахүүгийн Б нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Болд-Эрдэнийг 3 500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Бг 3 000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА