Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/25

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа д-ж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгч: С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч О- овгийн С-гийн Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000060010 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хужирт илч ХХК-д машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын  4 дүгээр баг, ___тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, О- овгийн С-гийн Г-

                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг ___ тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Ж- руу данхтай халуун цай шидэж, биеийг нь түлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг ___ тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Ж- руу данхтай халуун цай цацаж, биеийг нь түлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 07 цагт эхнэр бид хоёр зэрэг боссон. Би хүүхдээ эргэж очоод ирье гэсэн чинь чамайг хүлээж авахгүй гээд байсан. Би гурил зуурах гэж байхад эхнэр хэрүүл өдөөд байхаар нь зуурч байсан хувинтай гурилаа эхнэр лүүгээ цацсан. Дараа нь ширээн дээр байсан данхтай халуун цайг хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл манай эхнэр данхтай халуун цайнд түлэгдсэн. Би эгчийгээ дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

Хохирогч Б.Ж- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би 06 цаг өнгөрөөж босоод ажилдаа явах гээд байж байхад манай нөхөр С.Г- босчихоод уурлаад гэрийнхээ тавилгануудыг өшиглөөд байхаар нь би түүнийг өглөө эрт босчихоод хүн амьтан унтуулахгүй юундаа галзуураад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр над руу төмпөнтэй хуурай гурил шидсэн чинь тэрнээс нь бултсан чинь чаначихаад дөнгөж уудалсан ширээн дээр байсан данхтай халуун цайг над руу авч шидсэн. Данхтай цайнд би оногдож биений маань баруун талын гэдэс, зүүн талын гарын тохойны дотор нугалам хэсэг, зүүн талын хөлний өвдөгний доод хэсэг зэрэг түлэгдсэн. Тэгээд нөхрийнхөө эгч Э-ийг дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Манай нөхөр ер нь их ууртай уурлахаараа намайг байнга өшиглөж, цохиж, гартаа барьсан юмыг аваад шидэж зоддог. Анхандаа гэрийнхээ эд хогшлыг өшиглөж авч шидэж эвддэг байсан бол сүүлдээ намайг зоддог болсон. Би урьд өмнө зодуулж цохиулчихаад цагдаагийн байгууллагад хэлдэггүй байсан. Ямар учраас хэлдэггүй байсан гэхээр гэр бүл болон төрөл садныхаа хооронд хэрүүл маргаан болгоод яахав гэж боддог  байсан гэжээ. /хх-ийн 09-11 дүгээр хуудас/,

Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Намайг гэртээ байж байхад өглөөний 08 цагийн үед С.Г-ийн охин Г.У- залгаад аав ээжийг түлчихлээ гэж хэлэхээр нь яаж байна гэж асуусан тэгтэл цэврүү үсрээд байна гэсэн тэгээд цэврүүг хагал тамадин байвал арч гэж хэлсэн тэр өдөр манайх байшинд орох гээд завгүй байсан тул очиж чадаагүй. Тэгээд 30-аад минутын дараа ахиад ярьсан унаа олдохгүй байна эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь би яваад очсон. Тэгтэл хэвлий, гуя, хэсэг нь улайж ганц нэг цэврүү үүссэн байдалтай байсан. Яагаад эхнэрээ түлчихсэн юм бэ гэж асуутал наадах чинь амнаасаа болсон юм гэж хэлсэн гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хужирт сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа халагдсан. Б.Ж- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08:30 цагийн үед манай нөхөр над руу халуун ус цацаад би түлэгдчихлээ гэж ирж үзүүлсэн. Би жижүүрт гараад хонож байсан. Хэвлийн баруун урд болон хажуу хана, зүүн өвдөг, зүүн тохой тус тус түлэгдэж цэврүүтсэн шархтай, бохир шүүстэй байсан. Уг түлэгдэлт нь нилдээ цэврүүтэж, арьсны хөрсөн, давхарга нилдээ хөндийрч хуурсан, цэврүү нь бохир шүүстэй, шархалж улайсан, зөөлөн эд нь хавагнасан шархтай байсан гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт: 1. Б.Ж-ын биед хэвлийн урд хана, зүүн гар, зүүн хөлд шарх, зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэлүүд нь /түлэгдэлт/ өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна шинжээч эмч Л.Амгалан гэжээ.  /хх-ийн 27 дугаар хуудас/,

            Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг зураг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Л.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Ж- руу данхтай халуун цай шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул  шүүгдэгч С.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Хохирогч Б.Ж- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 3 ширхэг зургийг /хх-ийн 35 дугаар хуудас/ хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хэвээр үлдээж, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт нийгмийн аюулын шинж чанар зэргийг х-зан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О- овогт С-гийн Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О- овогт С-гийн Г-ийг 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч С.Г- цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтаст хэрэгт авагдсан 3 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  С.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА