Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эод холбогдох 2029000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2020  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт иргэн М.Амгаланбаатарыг “машинаараа зөөлөн явсангүй” гэх шалтгаанаар зодож, дээд, доод уруул хавдсан, язарсан шарх, дээд үүдэн 3, доод үүдэн 2 шүд, /бүгд 5 шүд/ булгарч унасан, доод 2 үүдэн шүд хугарч, угаараа хөдөлсөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: Амгаланбаатар өөрөө согтсон байсан. Машинаа унагаачих гээд байсан. Тэгээд би зогс гэж хэлэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд би буу гэж хэлээд уурандаа цохисон тэр нь миний буруу гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Амгаланбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Лүмбэнгаравын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 01 сарын 14-ний өдрийн №90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

  - Шүүгдэгч Л.Эын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,

  -  Хохирогч М.Амгаланбаатартай байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт иргэн М.Амгаланбаатарыг “машинаараа зөөлөн явсангүй” гэх шалтгаанаар зодож, дээд, доод уруул хавдсан, язарсан шарх, дээд үүдэн 3, доод үүдэн 2 шүд, /бүгд 5 шүд/ булгарч унасан, доод 2 үүдэн шүд хугарч, угаараа хөдөлсөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч М.Амгаланбаатарын: “...Цагаан хадны дэлгүүр ороход ойролцоогоор 600-аад метр газарт Цагаан хад харагдаж байхад би машинаа зогсоогоод байж байтал арын суудалд надад уурлаад явсан Л.Э гэдэг залуу бууж ирээд намайг татаж буулгаад баруун гараараа миний нүүр лүү цохиод автал би газарт манараад сөхрөөд суусан. Тэгтэл намайг Ш.Лүмбэнгарав өргөөд машины арын сандалд суулгаж байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- гэрч Ш.Лүмбэнгаравын: “...Тэгээд би “чи машинаа зогсоо” гээд хэлтэл М.Амгаланбаатар бараг Цагаан хад руу ороход ойролцоогоор 600 метр зайтай байна гээд машинаа зогсоохоор нь би түрүүлээд жолооч талын эсрэг хаалгаар буугаад М.Амгаланбаатарын барьж явсан машиныг би барьж явах гээд машины араар тойроод М.Амгаланбаатар дээр яваад очтол М.Амгаланбаатар газарт сөхрөөд суучихсан Л.Э хажууд нь зогсоод байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 01 сарын 14-ний өдрийн №90 дугаартай шинжээчийн: “...М.Амгаланбаатарын биед дээд, доод уруул хавдсан, язарсан шархтай, дээд үүдэн 3, доод үүдэн 2 шүд /бүгд 5 шүд/ булгарч унасан, доод 2 үүдэн шүд хугарч, угаараа хөдөлгөөнтэй болсон, доод эрүү, зүүн доод зовхинд зурагдалт үүссэн байх боломжтой. Дэс дарааллыг тогтоох боломжгүй. М.Амгаланбаатарын 5 шүд унаж, 2 шүд хугарсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүдийн 5 шүд булгарч унасан, 2 шүд хугарч, хөдөлсөн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25% тогтонги алдагдуулна. Бусад гэмтэл цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. М.Амгаланбаатарын биед учирсан гэмтлүүдийн 5 шүд булгарч унасан, 2 шүд хугарч, хөдөлсөн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээ /25%/-ээр тогтонги алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Уг гэмт хэргийн шинж нь шүүгч Л.Э өөрийн цохих үйлдлийн улмаас бусдад хохирол хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж цохих идэвхтэй үйлдлийг үзүүлж, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулж байгаа үйлдлээр илэрч байгаа юм.

   Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Л.Э нь хохирогч М.Амгаланбаатарт хохирол төлбөрт 10 000 000 төгрөг бүрэн төлж барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

   Шүүгдэгч Л.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 450 000-5 400 000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

Уг хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...учруулсан хохирлоо төлсөн” нөхцөл байдал тогтоогдож байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Өөрөөр хэлбэл хохирогчид баримтаар тогтоогдсон төлбөр болох 10 000 000 төгрөгийг төлсөн, өнөөдрийн байдлаар хохирол төлбөргүй гэж үзэхээр байгаа нь шүүгдэгч Л.Эын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх чухал нөхцөл байдал юм.

Учир нь эрүүгийн хариуцлагын зорилгод хохирлыг нөхөн төлүүлэх зорилго багтдаг.

Мөн түүнчлэн хохирогч М.Амгаланбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд түүнийг болгоомжтой явах талаар хууль ёсны шаардлага тавьсныг хохирогч эсэргүүцсэн үйлдэл гаргаж зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөлөөлсөн болох нь шийтгэлийн хуудас /хх-84/ гэрч Ш.Лүнбэнгаравын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Л.Эыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу нэг удаагийн цохинх үйлдлээр хор уршиг учруулсан байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Лхамлхүндэвийн Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 1 000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА