Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 1929003490005 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Ц.Д нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хязгаарлалт тогтоосон бараа болох 182 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Фотон маркийн 16-86 УБО улсын дугаартай 36-64 БЧ дугаарын чиргүүлийн доор нууж, Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: 10 дугаар сарын 2-ны 17 цагийн үед хөтөч надруу залгаад жоохон хоолны мах оруулаад ирээч гэхэд нь би болох юм уу гэхэд болно болно, бага зэргийн мах аваад ир гэсэн. Яаж авч ирэх вэ гэхэд шөнө хүн аваачаад өгнө гэсэн. Тэгээд унтаад аккумулятор муутай болохоор машинаа асаалттай унтсан. Өглөөний 7 өнгөрч байхад таталт ирээд явсан. Хил рүү явж байхад залгаад байсан. Намайг хаана явж байна гээд залгаад асуугаад байсан. Хилрүү орсон хойно залгасан ачаа нь дээр чинь юм тавьсан байгаа гэсэн. Би тухайн үед сандарсан чинь гайгүй ээ чи айлтгүй зүгээр ороод ир гэсэн. Тэгээд штамб даруулахын өмнө хилийн цэрэгт баригдсан гэв.

  - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/

  - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/,

  - Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-р хуудас/,

- Гэрч О.Түмэнцогтын мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

- Гэрч Т.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бараа бүтээгдэхүүний устгалын акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-43-р хуудас/,

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020.01.07-ны өдрийн 01/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

- Шинжлэх ухаан академийн Батоникийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/74 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

- Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалт /хх-ийн 91-р хуудас/,

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 104-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Ц.Д нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хязгаарлалт тогтоосон бараа болох 182 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Фотон маркийн 16-86 УБО улсын дугаартай 36-64 БЧ дугаарын чиргүүлийн доор нууж, Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  “...Фотон мркийн 16-86 УБО улсын дугаартай ачааны машины чиргүүлийн доод талд хар уутанд хийж, скочидсон 11 боодол нийт 182 кг дэрэвгэр жиргэрүү байв” гэх тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/,

- хохирогч Б.Алтангэрэлийн: “...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээгээр 1 кг нь 50 000 төгрөг гэж заасан.“ гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

- гэрч О.Түмэнцогтын: “...жолооч Д нь Фотон маркийн 16-86 УБО дугаартай машины 36-64 БЧ дугаарын чиргүүлийн доод раман дээр 11 шуудайтай зүйл нуусан байсан. Уг автомашиныг нүүрсний гарах чиглэлд гааль, мэргэжлийн хяналтын шалгалтыг өнгөрч штанб дарахын өмнөх манай тээврийн хэрэгслийг шалгах хэсэг дээр 4-р зам дээр шалгаж, ачиж явсан зүйлийг илрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

- гэрч Ц.Дгийн: “...Тухайн үед намайг хил рүү явж байхад хөтөч залгаад машинд чинь мах ачсан гэж хэлсэн. Би гаалийн хяналтын бүс рүү нэвтрэхдээ өөрийнхөө машинд эд зүйл ачсан байсныг мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020.01.07-ны өдрийн 01/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

- Шинжлэх ухаан академийн Батоникийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/74 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

- Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалт /хх-ийн 91-р хуудас/,

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 104-р хуудас/ болон

 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Дэвэргэр жиргэрүү ургамлын үндэс нь ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг нууц далд аргаар нэвтрүүлсэн үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тул шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн хувьд:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Дгийн, ховор ургамал бүхий дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын тээвэрлэж явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ирүүлээгүй тул энэ талаар дүгнэлт хийхгүй хэдий ч харин яллах дүгнэлтийн хавсралтад хохирол учруулсан талаар дурдсан байгаа нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ц.Дг уг хэргийн хүрээнд бусдад хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд ял шийтгэл эдэлж байгаагүй, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйлээс гэмт хэргийн хор аюулын шинж чанарыг үнэлж дүгнэлээ.

Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 182 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг чанар нь муудсан талаарх дүгнэлт гаргаагүй бөгөөд шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн орлого болгох нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд унзадынхны овогт Цэвээнямын Дд хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 2 000 /хоёр мянган/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж нийтдээ 182 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА