Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/26

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга Н.Ням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Б- овгийн Т-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000110022 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хан Сэнтий ХХК-д мод бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг ___ тоотод суух хаягтай ба, одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газар түр оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 1985 онд Эрүүгийн хуулийн 169а-д заасны дагуу 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, ___ регистрийн дугаартай, Б- овгийн Т-ын Б-

                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн Ж.И-ийн гэрт хохирогч Г.Г-ын баруун гарын шуун тус газарт хайчаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн Ж.И-ийн гэрт хохирогч Г.Г-ын баруун гарын шуун тус газарт хайчаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ж.И-ийнд очсон. Тэнд Ж.И-, А- бид 3 юм яриад сууж байсан. Орой нь гаднаас Г.Г-, Г- 2 орж ирсэн. Би Г-тай сайн уу, баярын мэнд гээд гар барьсан. Г.Г- намайг танихгүй. Г.Г- намайг чи юу юм бэ? гээд бид 2 хоорондоо маргалдаад гэрийн гадна гарсан. Гараад Ж.И-ийн байшингийн гадна Г.Г- намайг боосон. Тэгэхээр нь би сулраад цаашаа мөлхсөн чинь дахиад бариад авсан. Би буцаад бэлхүүсээр нь тэврээд авсан. Гэтэл өөрөө суларсан. Тэгэхээр нь би зугтаад Ж.И-ийнд ороод авдарын тэнд зогсож байтал Г.Г- гаднаас ороод ирсэн. Би гүйгээд ороод ирэхээр нь бас зодох байх гэж бодоод хажуудаа байсан хайчийг аваад хатгачихсан. Тэгээд би шууд гараад гэр рүүгээ гүйгээд явчихсан. Г.Г- гаднаас орж ирэхдээ жаахан согтуу байсан. Би өмнө нь ахындаа жаахан архи уусан байсан. Ж.И-, А- бид 3 бол юм яриад сууж байхдаа архи уугаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо дахин ийм хэрэг хийхгүй гэв.  

Хохирогч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед Г-тай цуг Г.Э- гэх найзындаа мод хөрөөдөөд тэнд нэг шил архи Г-тай хамт уучихаад тэгээд Г.Э-ийнхөөс гараад явж байгаад Ж.И- ахынд ороод гаръя гээд гэрт нь орсон чинь Ж.И-, Т.Б-, Г.А- нар байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүст шинэ оны мэнд хүргэчихээд сууж байсан чинь Т.Б- гэх хүн юм ярихаар буруу яриад маргалдаад байсан. Тэгээд би гадаа тамхи татах гээд гараад зогсож байсан чинь Т.Б- ах гарч ирээд хэрүүл гуйгаад, би аав шигээ хүнтэй хэрэлдэхгүй гэсэн, тэгсэн Т.Б- гэдэг хүн би чамайг шаачих уу гээд Ж.И- ахын гэрлүү яваад орсон. Тэгээд би араас нь Г- ахыг дуудах гээд ороод Г- ах явъя гэсэн чинь Т.Б- хайч барьчихсан би шаачих уу гээд байсан. Би тоглож байгаа байлгүй гээд зогсож байсан чинь Т.Б- хайчаар миний гар луу чичихээр харсан чинь миний баруун гарын шуунаас цус гарсан. Тэгээд Т.Б- гараад зугтаасан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Т.Б- дунд зэргийн согтуу байсан. Г-, Ж.И-, Г.А- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Г- ах бага зэрэг согтуу байсан. Миний биеийн баруун гарын шуу хэсэгт хайчаар дүрүүлж хөнгөн гэмтэл учирсан. Би Т.Б-ыг нэг ч удаа цохиогүй, хоолойг боосон асуудал байхгүй миний баруун гарын шуу хэсэгт зүсэгдэж хөнгөн гэмтэл учирсан. Би эмчилгээ хийлгэхэд 277.000 төгрөгний хохирол учирсан. Миний эмчилгээний төлбөрт Т.Б- 277.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Г.Г-а Т.Б-ыг зодож цохисон асуудал байхгүй. Т.Б- зуухны хажууд Г.Г-ын баруун гар хэсэгт хайчаар дүрээд баруун гарын шуу хэсгээс цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Ж.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Г.Г-а, Т.Б- нар хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тэгээд удалгүй Г.Г-а баруун гарынхаа шуу хэсэгт зүсэгдсэн, цус гарсан байсан. Би 2 шил архи уучихсан шал согтуу шахуу байсан. Г.Г-а, Т.Б- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хир зэрэг согтуу байсныг мэдээгүй. Г.А- их зэргийн согтуу байсан. Г.Г-а Т.Б-ыг зодож цохисон талаар мэдсэн зүйл байхгүй. Манай хайч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

            Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Т.Б-, Г.Г-а нар хоорондоо юм яриад маргалдаад байсан. Тэгээд Г.Г-а гараад явсан, араас нь Т.Б- гараад явсан. Тэгээд эхлээд Т.Б- гүйж авдар дээрээс хайч авсан. Тэгээд Г.Г-а намайг явъя  гэсэн. Орж ирээд Т.Б-тай хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэгсэн Т.Б- маш хурдан ирээд Г.Г-ын гар луу хайчаар дүрчихсэн. Би Г.Э- гэх айлд 0.5 граммийн нэг шил архи Г.Г-атай хамт хувааж уусан. Бага зэргийн согтуу байсан. Г.Г-а Т.Б-ыг зодож барьж авсан асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

            Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Г.Г-ын биед үзлэг хийхэд баруун гарын шуу хэсгийн дотор талд урт 2см хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Тэр зүсэгдсэн шархны яг хажуу талд зулгарсан шарх байсан. Өөр биед ил харагдах шарх байхгүй байсан. Шархны гүнийг үзэх гэхээр цус их гарч байсан болохоор үзэх боломжгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Өвөрхангай  аймгийн   Шүүхийн   шинжилгээний  албаны   шинжээч  эмч Э.Хүрэлсүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 216 тоот:

1. Г.Г-ын биед баруун шуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин   зүйлийн   үйлчлэлээр  үүсгэгдэх  боломжтой.

3. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хөх өнгийн иштэй хайч зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Б- нь хохирогч Г.Г-ын баруун шуун тус газарт хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Г-д хохиролд 227,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд торгох ялаар шийтгэж,  шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөх өнгийн иштэй хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Б-ы  эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн Т-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Т-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Т.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөх өнгийн иштэй хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА