| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0029/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/32 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч А.А, Ц.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Алтанцэцэгийн А, Олонхнууд овогт Цэвээндоржийн Г нарт холбогдох эрүүгийн 1929002220007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А, Ц.Г нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухай” хилийн боомтоор 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Фотон маркийн 23-02 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49-27 БЧ дугаарын чиргүүлийн нүүрсний доор хориглосон бараа болох 17 боодол 508.4 хас чулууг нууж, Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Бараа тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24, 25-29-р хуудас/
17 боодол бүхий 508.4 кг хас чулууг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45-47-р хуудас/
Гэрч Х.Нурланы өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гашуун Сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх явцад Фотон маркийн 23-02 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49-27 БЧ дугаарын чиргүүлд үзлэг хийхэд урд хэсгийн нүүрсэн доороос хар өнгийн 17 боодолтой 509 кг цайвар улаан өнгийн жижиг ширхэгтэй байгалийн чулуу хураан авч, үзлэг хийсэн. Байгалийн чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/
А.Аын гэрчээр өгсөн: “Тухайн чулууг ачихад би машин дээрээ байгаагүй. Миний машин дээр эд зүйл ачихыг би мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
Ц.Гантулгын гэрчээр өгсөн: “Би Аын машинд чулуу ачиж Ганц модруу оруулаад 1500 юань өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
Б.Шинэчимэгийн гэрчээр өгсөн: “Тухайн үед манай нөхөр Г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Булган сумын танихгүй 3 эмэгтэйгээс тэр чулууг худалдаж аваад Цагаан хадан дээр авчирч Аруу утсаар яриад машин дээр нь ачуулсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/
Геологийн төв лабортори ТӨҮГ-ын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 856 дугаартай:
ирүүлсэн 1.1 кг жинтэй шаргал болон улаан хүрэн өнгөтэй чулуунууд нь хас чулуу байна.
хавсралтаар эрдэнэийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг.” гэх дүгнэлт /хх-ийн 66-70-р хуудас/,
А.Аын яллагдагчаар өгсөн: “Би 2019 онд 08 дугаар сарын 05-ны өдөр Г гэх залуутай утсаар ярьж холбогдоод “машинд чинь 10 боодол юм хийгээд урагш нь оруулах гэсэн юм, 1 боодол нь 150 юань өгье” гээд 1500 юаниар авахаар тохиролцсон. 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед шалган нэвтрүүлэх 4-р цэгээр гарч машинаа замын хажууруу шахаж зогсоод Груу залгаж машины номерыг хэлээд Цагаан хаданд буудалд очиж амарсан. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр машин дээрээ очоод Груу залгаад “ачсан юм уу” гэхэд “ачсан” гэхээр нь цааш яваад оочерт 1 хоноод маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Гашуун сухайт хилийн боомт дээр ирээд нүүрсний гарах чиглэлд гаалийн байцаагчид шалгуулаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/
Ц.Гантулгын яллагдагчаар өгсөн: “Би 2019 онд 08 дугаар сарын 05-ны өдөр Аруу утсаар яриад “машинд нь 10 боодолтой юм тавиад урагш нь оруулъя” гэхэд “за тэгье” гэхээр нь маргааш нь буюу 08 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед Аын жолоодож явсан 23-02 ӨМҮ улсын дугаарта Фотон маркийн тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 4-р цэгийн урд зогсож байхад нь 17 боодол чулууг чиргүүлийнх нь нүүрсэн доор булсан. Тэгээд 08 дугаар сарын 08-ны өдөр Гашуун Сухайт хилийн боомтоор А гарах гэж байгаад гаалийн байцаагч нарт баригдсан тухай хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/
Шүүгдэгч А.Аын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/,
Шүүгдэгч А.Аын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98-101-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Гантулгын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Гантулгын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-92-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч А.А, Ц.Г нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухай” хилийн боомтоор 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Фотон маркийн 23-02 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49-27 БЧ дугаарын чиргүүлийн нүүрсний доор хориглосон бараа болох 17 боодол 508.4 килограмм хас чулууг нууж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.
Шүүгдэгч А.А, Ц.Г нар нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг ангилсан бөгөөд өнгөлгөөний чулуунд хамаарах 17 боодол 508.4 килограмм хас чулууг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А, Ц.Г нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хариуцлагаар тус тус 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтийн талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 17 боодол 508.4 килограмм хас чулууг хураадаг ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Алтанцэцэгийн А, Олонхнууд овогт Цэвээндоржийн Г нарыг улсын хилээр хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ц.Г нарыг тус бүр 1 000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /Нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.А, Ц.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 боодол 508.4 килограмм хас чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА