Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Т.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Түдэвийн Эод холбогдох эрүүгийн 1929003580009 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 5.930 кг 1188 ширхэг мана чулуу 0.06 кг 4 ширхэг мөнгөн оосортой хүзүүний зүүлт /кулон/-ийг биедээ нууж Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э нь мэдүүлэхдээ: “Би 2019 оны 12 сарын 04-ний өдөр Гашуунсухайт боомтоор чулуу нууж гарах гэж байгаад баригдсан. Намайг Дундговь аймагт байхад Халиут хотод чулууны үзэсгэлэн худалдаа гарна гэж ярьсан учир би явсан. Миний явж байсан машины ах авч явж байсан чулуу хараад хилээр гаргадаггүй юм биедээ хий гэж хэлсэн. Тэгж хэлээгүй бол буцаад явах байсан” гэв.

Бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “Т.Эыг шалгахад өөрийн дотуур өмд, гутлын түрийнд хийж нуусан 1188 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мөнгөн сэнжтэй мана төрлийн чулуугаар хийсэн хүзүүний зүүлт буюу кулон 4 ширхэгийг тус тус өөрийн биедээ нуун улсын хилээр нэвтрэх үедээ гаалийн хяналт шалгалтаар илэрсэн” /хх-ийн 11-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/

5.93 килограмм 1188 ширхэг мана чулуу, 0.06 килограмм 4 ширхэг металл сэнжтэй хүзүү зүүлт /кулон/ 4 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р хуудас/

Ш.Ганбаярын гэрчээр өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Гашуун сухайт хилийн боомтын явган зорчигчийн гарах чиглэлд хяналт шалгалтаар ажиллаж байх үедээ Түдэв овогтой Эын биед үзлэг хийхэд өмдний салтаа хэсэгт хатуу зүйл мэдрэгдэхээр нь нягтлан шалгахад өмдний дотор тал болон гутлын түрийнээс хүнсний скочинд боож бэлтгэсэн 1188 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мөнгөн сэнжтэй мана төрлийн чулуугаар хийсэн хүзүүний зүүлт 4 ширхэг илэрч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мана төрлийн чулуу нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд хамаардаг” гэх мэдүүлэг  /хх-ийн 23-р хуудас/

Т.Эын гэрчээр өгсөн: “БНХАУ-ын Халиут хотод чулууны үзэсгэлэн худалдаанд очиж зарахаар Монголын хилээр гарах гэж байгаад баригдсан ... Надад чулуу гаргах зөвшөөрөл байхгүй учраас биедээ нуучихсан юм. Боомт дээр штамб даруулахын өмнө Гаалийн байгууллагын ажилтан шалгаж илрүүлсэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/02 дугаартай “1 кг мана чулуу 8 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

Геологийн төв лабортори Төрийн өмчит үйлчилгээний газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1249 дугаартай:

  1. Эд мөрийн баримтаар хураагдсан чулуунуудаас төлөөлүүлэн ирүүлсэн

чулуу нь мана чулуу байна.508.4 кг жинтэй чулуунаас дээжлэн

  1. Мана чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна.
  2. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтад

эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд мана чулуу нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг.” гэх дүгнэлт /хх-ийн 31-34-р хуудас/,

Яллагдагч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг  /хх-ийн 40-р хуудас/

Шүүгдэгч Т.Эын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Т.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,

            Шүүгдэгч Т.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46-48-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 5.930 кг 1188 ширхэг мана чулуу 0.06 кг 4 ширхэг мөнгөн оосортой хүзүүний зүүлт /кулон/-ийг биедээ нууж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.

Монгол улсын засгийн газрын 2010 оны 281-р тогтоолын 2 дугаар хавсралтын 6.2.3-т заасан гоёл чимэглэлийн чулууны 8 дугаарт “мана” чулуу ордог байна. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан. Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын хилээр чулууг нэвтрүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, гэрч Ш.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 28/ , 5.93 килограмм 1188 ширхэг мана чулуу, 0.06 килограмм 4 ширхэг металл сэнжтэй хүзүү зүүлт /кулон/ 4 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь  сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Т.Эод  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтийн талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5.93 килограмм 1188 ширхэг мана чулуу, 0.06 килограмм 4 ширхэг металл сэнжтэй хүзүүний зүүлт /кулон/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Түдэвийн Эыг улсын хилээр хориглосон хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5.93 килограмм 1188 ширхэг мана чулуу, 0.06 килограмм 4 ширхэг металл сэнжтэй хүзүүний зүүлтийг /кулон/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА