| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0033/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/35 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1929003600010 дугаартай хэргийг 2020 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор 228 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мана чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхэг, чүнчигноров чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхгийг биедээ нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Миний буруу гэв.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,
- Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-р хуудас/,
- Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020.01.11-ний өдрийн №01/13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
- Геологийн төв лабораторийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1250 дугаартай дүгнэлт, шинжилгээний дүн /хх-ийн 33-35-р хуудас/,
- Гэрч Б.Жамбалдоржийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Бийн жолоочийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 46-49-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,
- Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх тухай Гаалийн Ерөнхий газрынм даргын 2009 оны 362 дугаар тушаалын хавсралт /хх-ийн 65-67-р хуудас/,
- Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 1-р хавсралт Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм /хх-ийн 71-77-р хуудас/,
- Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2-р хавсралт Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам /хх-ийн 78-81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор 228 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мана чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхэг, чүнчигноров чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхгийг биедээ нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:
- Геологийн төв лабораторийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1250 дугаартай: “...Хэрэг бүртгэлийн 192900360 дугаартай хэргийн баримтаар хураагдсан чулуунуудаас дээжлэн ирүүлсэн чулуунуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 5 ширхэг жижиг чулуу /Бөөрөнхийлж зассан, 2.0 см диаметртэй чулуу-1 ширхэг, өвөрмөц хэлбэртэй 2.0-3.8 см хэмжээтэй чулуу-4 ширхэг/ чулуунуудаас төлөөлүүлэн 2 ширхэг тунгалаг шлиф /0.03 мм зузаантай чулуун ялтас/ бэлтгэн петрографийн шинжилгээ хийж эдгээр чулууг мана чулуу болохыг тодорхойлов. 2. Хөөрөгний бэлдэц-шар халтар замагт мана чулуу, хүрэн шаргал өнгөтэй- чүнчигноров чулуу, Эд мөрийн баримтаар хураагдсан чулуунуудаас төлөөлүүлэн ирүүлсэн 5 ширхэг чулуу /бөөрөнхийлж зассан чулуу 1 ширхэг, 4 ширхэг өвөрмөц хэлбэртэй чулуу-мана чулуу, шаравтар өнгөтэй хөөрөгний бэлдэц-мана чулуу, хүрэн шаргал өнгөтэй хөөрөгний бэлдэц-чүнчигноров чулуу байна. Мана болон чүнчигноров чулуу нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрлийн алинд ч хамаарахгүй. Мана болон чүнчигноров чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд мана болон чүнчигноров чулуу нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг.” гэх дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,
- гэрч Б.Жамбалдоржийн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтын явган зорчигчийн гарах чиглэлд давхар хяналтаар ажиллаж байх үедээ Даваасүрэн овогтой Бийн биед үзлэг хийхэд гутлын түрий болон өмсөж явсан куртикны халаасанд 228 ширхэг мана төрлийн чулуу 1 ширхэг манан хөөрөг, 1 ширхэг чүнчүгноров хөөрөг илэрч материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх тухай, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 1-р хавсралт, 2-р хавсралтаар тогтоосон эрдэнийн чулууг нууц далд аргаар нэвтрүүлсэн үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн шинж нь Гаалийн Ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар онцлог бараанд тодорхойлолт олгуулахаар зааж хязгаарлалт тогтоосон эрдэнийн чулууг нууц далд аргаар биедээ нуун гаалийн хилээр нэвтэрсэн үйлдлээр илрэх санаатай үйлдэгддэг гэмт хэрэгт бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцэж байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Д.Бээс хохирол төлбөрт нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг уг хэргийн хүрээнд бусдад хохирол төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд ял шийтгэл эдэлж байгаагүй, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйл болох эрдэнийн чулууны хэмжээ нь 1,86 кг буюу бага хэмжээтэй байгаа нь нийгэмд учруулах хор аюулын шинж чанар бага түвшинтэй гэж үнэлж дүгнэлээ.
Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар уутанд савласан олон өнгийн жижиг ширхэгтэй өнгөлсөн чулуу 1,51 кг, 2 ширхэг хөөрөгний бэлдэц нь 330 гр жинтэй, нийтдээ 1,86 кг жинтэй чулууг шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн орлого болгох нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Бийг эрдэнийн чулууг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 1 500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мана чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхэг, чүнчигноров чулуугаар хийсэн хөөрөгний бэлдэц 1 ширхэг, мана чулуу нийтдээ 1,86 кг жинтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА