Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/31

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга Н.Ням

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Т- овогтой М-н Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 11827001500024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй. ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ___, Т овгийн М-н Б-.

                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газарт хохирогч Ц.М-ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газарт хохирогч Ц.М-ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: ...

Хохирогч Ц.М-ын   өгсөн: "...2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 30 минутын орчим О-, С- нар Б- ахыгаа зодох гээд дайраад байхаар нь та нар ахыгаа зоддог юм уу төрөл садангийн хүмүүс байж болиоч гэсэн чинь О- намайг гөлөг минь дуугүй байгаарай гэхээр нь өөрсдөө учраа олох юм байгаа биз гэж бодоод Т ахын гэр рүү орсон. Би Т ахынд орсон чинь манай эхнэр гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Би тухайн үед эхнэрээ сэрээх гэсэн чинь манай эхнэр сэрэхгүй байсан ...О- намайг та яагаад эмэгтэй хүн татаад байгаа юм гэж хэлсэн. Харин би хариуд нь энэ хүн манай эхнэр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд О- уурлаж намайг заамдаад би зөрүүлээд О-ыг заамдаад О- бид хоёр зууралдаад гэрээс гараад зууралдаж байсан чинь манай хүүхэд О- харчихаад манай аавыг О- ах зодоод байна гэж ээж рүүгээ гүйсэн ...тэр үед О- бид хоёр заамдалцаж байгаад дээрээсээ давхаралцаад унасан чинь М.Б- хүрч ирээд О- бид хоёрыг салгасан. Тэгээд М.Б- надтай маргалдаж байгаап миний нүд рүү гараараа 2 удаа цохисон ...О- намайг цохиогүй ...Одоо миний бие эрүүл болсон ...дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..."  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25- р хуудас/

2019-03-25-ны өдөр өгсөн "...М.Б- миний нүд рүү гараараа 2 удаа цохисон ...маргаанд өөр хүн оролцоогүй ...одоо миний бие эрүүл болсон. ...М.Б- надад эмчилгээний зардал нэг сая төгрөг өгсөн. ...надад ямар нэгэн гомдолгүй тул түргэн шуурхай шийдэж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б.О-ы өгсөн "...Ц.М- ах орж ирээд О-оо чи намайг цохьчихлоо шүү гээд байхаар нь би цохиогүй гээд байж байтал гаднаас Б- ах орж ирээд найз нь чамайг дэлсчихсэн юм гээд тэр хоёр тэврэлдээд гарсан. Түүнээс хойш юу болсныг м- ...нүд рүү нь Б- ах гарынхаа шуугаад дэлсээд авсан юм. Түүнээс болж гэмтэл учирсан байх..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/

Өвөрхангай   аймгийн   Шүүхийн   шинжилгээний   албаны   шинжээч   эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн "...Ц.М-ын биед тархи доргилт. зүүн нүдний салстад салстын доорхи хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой   ...Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, ...Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн 502 тоот дүгнэлт /хх-ийн 43-44- р хуудас/

Яллагдагч М.Б-ын өгсөн "...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...Ц.м-ыг 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зодсон нь үнэн ...шинжээчийн дүгнэлттэй танилцсан ...дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ...Ц.м-од 1 сая төгрөг эмчилгээний зардалд өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

 Хохирлын баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, гар утасны үнэлгээ, /хх-13-21-р хуудас/

Хохирогч Ц.М-ын эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтууд /хх-ийн 13-р хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч М.Б- нь хохирогч Ц.М-ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Ц.М-од хохиролд 1 000 000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн гэж мэдүүлсэн /хх-27-р хуудас/ байх тул шүүгдэгч М.Б-ыг бусдад төлөх гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд торгох ялаар шийтгэж, шүүгдэгч М.Б-ад оногдуулсан торгох ялыг ..... сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч М.Б-ын эзэмшлийн 450 000 төгрөгийн үнэ бүхий iphone-6 маркийн  гар утас битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн М-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн М-н Б-ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан торгох ялыг .....сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 450 000 төгрөгийн үнэ бүхий iphone-6 маркийн гар утас битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА