| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0312/и |
| Дугаар | 527 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******т оршин суух, ******* овгийн *******ын С /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******т оршин суух, ******* овгийн *******ийн Б /РД: *******/
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, хариуцагч С.Б, нарийн бичгийн даргаа З.Өрнөл нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бтай 1996 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. Гэр бүл болсноос хойш 1995 оны 11 сарын 13-ны өдөр хүү *******, 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Бадам, 2003 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Батбаяр нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байсан. Б нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьж, ааш зан нь доройтож, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаагаар зогсохгүй хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Иймд С.Бгаас гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр сарын хугацаанд эвлэрэх арга хэмжээ бол аваагүй. С.Б өөр эхнэр хүүхэдтэй болсон. Хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүйгээр гэрлэлтээ цуцлуулмаар байна. Хүүхдүүд маань амралтаараа аав дээрээ очиж хэд хоноод ирэхдээ, аав өөр эхнэр хүүхэдтэй болсон байна гэсэн. Тиймээс хүүхдээ асрамжинд нь байлгаж чадахгүй. Эвлэрлийн тал дээр бол шүүх өөрөөр шийдэхийн бол би шүүхийн хаалга хаачаад та хоёрыг ална гэж, охиныхоо нүүрэн дээр хүү бид хоёрыг ална гэж хэлсэн. Би энэ хүнтэй эвлэрлээ гэхэд ахиад ийм зан ааш гаргахыг бол үгүйсгэхгүй, охиноо аавынх нь асрамжинд өглөө гэхэд ахиад архи дарс уугаад хүүхэд айлгаад янз бүр болох байх гэж бодож байна. Аав нь оюутан хүүхэддээ мөнгө төгрөг өгдөг нь үнэн. Би ч бас чадах чинээгээрээ өгөөд явдаг. Оюутан хүүхдээ бодоод баталгаагаа салгуулчихвал өрх толгойлсон эмэгтэй гэдэг утгаараа энэ тэндээс тусламж, дэмжлэг өгөх гэх зүйлүүд байж магадгүй гэж бодож байна. Аавынх нь асрамжинд хүүхдээ өгөхгүй. 08 дугаар сарын 15-нд архи ууж ирчихээд агсан тавиад байхаар нь бид гурав зугтаагаад эгчийндээ очиж хоносон. Хамгийн сүүлд тийм ааш гаргасан гэв.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эхнэр П.Стай 1996 онд гэрлэлтээ батлуулж амьдарсан. Бид гэр бүл болсноос хойш 1995 онд хүү *******, 1998 онд охин Бадам, 2003 онд хүү Батбаяр нарыг төрүүлж өсгөж ирсэн. Гэр бүлийн маргаанаас болж бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүхдийн сургалтын төлбөр болон ахуйн хэрэгцээг нь би гүйцэлдүүлж ирсэн. Одоо том хүү ******* нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж, дунд охин Бадам БНХАУ-д суралцагч, бага хүү Батбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр сургуульд сурдаг. Эхнэр С нь сүүлийн үед архи ууж, дэмий сэлгүүцэж явдаг болсон тул хүүхдийн амьдрал авч явж чадахгүй гэж хүүхдүүд болон миний зүгээс үзэж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бол хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж хүмүүжүүлмээр байгаа. Би бол эхнэр хүүхэд байхгүй. Манай хүүхэд ихэнхдээ ганцаараа байдаг. Бага насны хүүхэд учраас өөр дээрээ авмаар байна. Дандаа намайг хилсээр гүтгэдэг. Ээмэг бөгжөө авч яваад ломбарданд тавьсан. Сүүлийн хоёр жил архи дарс уусан, оюутан хүүхдэд мөнгө өгч явуулдаг гэдэгт итгэхгүй байна. Түрүү жил оюутан хүүхэддээ мөнгө өгч явуулахад замаас аваад хичээлийг нь хүртэл таслуулж байсан. Тэрнээс болж манай хүүхэд сургуулиасаа хөөгдөөд ирсэн гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч П.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн баталгааны хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан тухай тэмдэглэл, Хүрмэн сумын Тулга багийн Засаг даргын тодорхойлолтууд, Багийн засаг даргын тодотгол, Хүрмэн сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, хүүхэд асуусан тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.С нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн С.Бгаас гэрлэлтээ цуцлуулахыг хүсчээ. Хүүхдийн тэтгэлэг тотоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Хариуцагч С.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд П.С, С.Б нар нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсоныг 1996 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1995 оны 11 сарын 13-ны өдөр хүү *******, 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Бадам, 2003 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Батбаяр нар төржээ. Хүү Б.*******, охин Б.Бадам нар нь насанд хүрсэн бөгөөд Б.Батбаяр нь насанд хүрээгүй байна. Дээрхи байдал нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч П.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний “...Хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүйгээр гэрлэлтээ цуцлуулмаар байна. Одоохондоо энэ асрамжийн асуудлыг шийдүүлэхгүй...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхээс даалгасан эвлэрэх хугацаанд эвлрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүүхдийн асрамжийн талаар мэтгэлцдэг бөгөөд нэхэмжлэгч П.С нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч С.Б нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хуульд заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Бгаас дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар С.Б, П.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
3.Нэхэмжлэгч П.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгохоор шийдвэрлэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ