Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00511

 

Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 352 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Г-т холбогдох,

Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 950 844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнбалжид, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байгууллагын даргаар 2014 оны 08 сард томилогдож ирсэн Г.Г- нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс сахиул Л.Нармандах манай байгууллагад ажиллаж байсан бөгөөд ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон. Шүүхийн шийдвэрээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 950 844 төгрөгийг Г.Г- дарга төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа сахиул Л.Нармандахыг хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн. Хүүхдийн паркийн сахиулаар ажиллаж байсан Л.Нармандах нь ажлын өдөр удаа дараа архи ууж, мөн байгууллагын ажилчдыг уруу татдаг байсан учраас байгууллагын хурлаар удаа дараа авч хэлэлцэж, сануулах арга хэмжээ авч, мөн цалинг 20 хувиар хасч байсан.

Тэгээд цагдаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулсан учраас ажлаас чөлөөлсөн бөгөөд Л.Нармандах шүүхэд нэхэмжлэл гаргаад, улмаар шүүх хуралдаанд орж согтуу байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна гээд анхан шатны шүүхэд би ялагдсан юм. Тэгээд шүүх хурал болсноос 8 хоногийн дараа би өөрөө ажлаасаа халагдаад дахиад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж чадаагүй, дараагийн томилогдсон дарга нь эргүүлээд ажилд нь авсан ийм л асуудал болсон. Тийм учраас энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх амьдралын боломж байхгүй, өөрийгөө яая гэж байна.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хууль мөрдөгдөөд буруутай албан тушаалтнаас гаргуулж байгаа юм байна. Иргэний хуульд болохоор албан тушаалтан, хуулийн этгээд гэсэн нэршилтэй байгаа, ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй. Би ажилгүй, санхүү мөнгөний эх үүсвэргүй, бизнесгүй, амьдрал хүнд байгаа учир харгалзан үзнэ үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 352 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шарнууд овогтой Гомбожавын Ганбаатараас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 950 844 /есөн зуун тавин мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 27 371 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 498.4-т заасан гэм буруутай этгээд нь би биш бөгөөд энэ заалт нь одоо ажлаа хийж байгаа ажиллагсад, ажил олгогч, төрийн албан хаагч зэрэгт хамаатай заалт болох нь хуулийг уншиж үзэхэд ойлгогдож байна. Би одоо ажлаасаа гараад 1 жил гаран болж байгаа бөгөөд Иргэний хуулинд заасны дагуу нийгмийн харилцаанд оролцож явж байгаа хувь иргэн хүн гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтын харлуулсан хэсэг дэх эд хөрөнгөд гэдэг нь Иргэний хуульд зааснаар бусдын эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж нэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх 497.1-ыг нэхэмжлэгч байгууллагын цалин мөнгөтэй холбоотой асуудалд энэ хуулийн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн   шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж, мөн зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхгүй/-рээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заажээ. Тэгэхээр ажиллагсад түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн заалтууд нь надад огт хамааралгүй заалт гэж үзэж байна. Би тэр үед ажил олгогч гэсэн хуулийн этгээд байсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхгүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заажээ. Энэ заалтын буруутай этгээд нь төрийн албан хаагч бөгөөд тухайн этгээдийн учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэж заажээ.

...Би өнөөдрийн байдлаар ажилгүй бизнес орлогын эх үүсвэргүй эрүүл мэндийн хувьд хагалгаанд орсон 70 хувийн группд байгаа учир шүүх бүрэлдэхүүн миний гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт зохигчийн хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийхэд хангалтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газар нь Л.Нармандахын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлснөөс байгууллагад учирсан хохирлын 950 844 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Г.Г-аас нэхэмжилжээ. Хариуцагч Г.Г- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч Г.Г- Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагын сахиул Л.Нармандахыг ажлаас чөлөөлөх Б\17 дугаар тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ба Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр Л.Нармандахыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 950 844 төгрөг ажил олгогч байгууллагаас гаргуулж, Л.Нармандахад олгохоор шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан тухайн эрх зүйн маргаанд хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Харин энэ зүйлийн 498.1., 498.2.-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Хариуцагч Г.Г- Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн  нь Г.Г-ыг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс зааглан ялгавал зохино.

Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласны эрх зүйн дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Л.Нармандах ч, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Г.Г- ч Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар  зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны  нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д заасан байна.

Харин контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д заажээ.

Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3.-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4.-т заасан байна.

Хариуцагч Г.Г- Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын даргаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн, эсхүл контрактын гэрээгээр ажиллаж байсан, ямар цалин, хөлстэй байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, хэзээ, ямар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй болно. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 352 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН