Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/046

 

Г.Мид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мид холбогдох эрүүгийн 201705000133 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.М, 1975 оны 2 дугаар сарын 3-нд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесерь мэргэжилтэй, ам бүл 7, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Жансайн үзүүр” гэх газарт ******* улсын дугаартай портер маркийн автомашины бүхээгт хувийн сэдэлтээр Б.Оы зүүн далан тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Мид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас  Г.Мид холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Мийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мийг 9 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний энэ хэргийн учир цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Г.Мийн хувьд ногдох хөрөнгө 1 тооны үнээ, 10 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 1 тооны үнээ, 10 тооны хонь, 10 тооны ямааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхнэр Д.Жаргалсайханд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” нэг ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж,”Амуу буудай” нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ханцуйгүй цамц 1 ширхэг, 15 см урт ажлын хэсэгтэй, 11.5 см урт шар эрээн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Мөрдоржид урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн ар гэрт учирсан хохирол болох 6.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан, эхнэр хүүхдийг нь насан туршдаа харж хандаж байх болно. Хүний амь насыг хохироож эхнэр 3 хүүхдийг нь өнчрүүлсэндээ үнэхээр харамсаж байна. Миний ар гэрийн байдал маш хүнд байгаа, эхнэр минь 3 нялх хүүхэдтэй үлдсэн. Иймд үйлдсэн хэргийг минь хөнгөрүүлж, ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Хэргийн зүйлчлэлийн талаар: Г.М нь тухайн хэргийн талаар сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу би талийгаачийг амьд байгаасай гэж бодож эмнэлэгт хурдхан шиг хүргээд яаралтай тусламж үзүүлэх гээд явсан боловч ийм зүйл болсонд харамсалтай байна, тэр хутга манай хадам ах Д.Сынд байсан мах идэж байсан хутга байна лээ, талийгаачийг яаж авсаныг би мэдэхгүй гэхдээ надтай маргалдаж байхдаа тэр хутгаар мах идэж байсан, тэгэхээр тэр хутгыг гарахдаа Д.Сынхаас аваад гутлын түрүүнд хийсэн байх...” 2-р хавтас 65-68-р тал болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нь энэ хэргийн хувь заяаг хэрхэн яаж шийдвэрлэхэд шалтгаалах гол зүйл байна гэдгийг анхан шатны шүүх анхаарахгүй зөвхөн өөрт ашигтайгаар мэдүүлж байна гэх өнгөц дүгнэлтийг хийж байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ хэрэгт хүнийг санаатай алсан гэж үзэх үү гэдгийг заавал анхаарах нь гол асуудал юм. Гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэргийг бодитоор дүгнэхээр байна.

Г.Мийн удаа дараагийн өгсөн мэдүүлгүүдэд нь анхаарахад би түүнийг санаатай алах ямар ч сэдэлт зорилго байгаагүй юм шүү гэдгийг хэлээд байдаг. Гэтэл түүнийг нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх боломжгүй юм. Тэрээр хууль эрх зүйн мэдлэг дутмаг бөгөөд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гээд байгааг нь ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэнгүй.

Г.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.000.000 төгрөг төлж барагдуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол бүрэн төлөгдсөн ба шүүх хуралдаанд хохирогч нарын зүгээс нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Мөн Г.Мийг бага наснаас нь нэг нутаг ус, айл саахалт байсан учраас бие биеэ мэдэж ойлгох бөгөөд амьдралын төлөө, төлөв даруу зантай, хүнд тусархуу, ядуу бусдын мал маллаж эхнэр хүүхдүүдээ тэжээх гэж амьдарч байгаа болон түүний хувийн байдлыг нь ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж үзээгүйд гомдолтой байна. Г.Мид холбогдох хэргийн зүйлчлэл, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийн аль хүнд зүйл анги байх тул сэдэлт нь болгоомжгүй гэж үзэн хөнгөрүүлэн зүйлчлэх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн талаар зөвлөлдөж аймгийн прокурорын газраас Г.Мид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх бүрэлдэхүүнд гаргасан саналт, дүгнэлт болох “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4 хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.5 өөрийгөө илчилсэн, 1.6 нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг нарийвчлан тооцон үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх бодит боломж байхад үүнийг харгалзан үзсэнгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулахаар заасныг үндэслэн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Т давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмгөөлөгч ******* болон шүүгдэгч Г.М нараас гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Г.М хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ял шийтгэлээ хөнгөрүүлж өгөхийг та бүхнээс хүсэж байгааг нь хохирогчийн зүгээс ойлгож байна.

Төрсөн дүүгээ Г.Моор алуулчихаад амьд явахын аргагүй хүнд зовлонг би сөрж яваа ч түүний ар гэр, бага насны 3 хүүхэд миний адилаар өөрийн дүүгийнхээ төлөө зовж шаналж яваа хэдэн эгчийг нь бодож би Г.Мийг өршөөж байна. Хайртай дүү минь нэгэнт босоод ирэхгүй болохоор энэ залуугийн ирээдүйн амьдралыг бодож өөрийн зүрх сэтгэлээ чангалан байж өршөөлөө гэжээ.

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, талийгаачийн хань, үр хүүхдүүдийг өнчрүүлсэндээ маш их харамсаж байна, цаашид насан туршдаа харж үзэн явах болно. Эхнэр маань ажилгүй, айлын мал маллаж амьжиргаагаа залгуулдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд амьдрал ядуу, хүний мал малладаг. Ар гэрийн нөхцөл байдал хүнд байдаг тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг харин өмгөөлөгч гэм буруу дээр маргалддаг тул энэ байдлыг нэг талдаа ойлголцож явах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь хуульд нийцэж байгаа энэ нь давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ тул ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Г.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20-21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Жансайн үзүүр” гэх газарт ******* улсын дугаартай портер маркийн цэнхэр өнгийн автомашины бүхээгт Б.О нь түүний хоолойг чинь хэрчинэ шүү хэмээн өөрийн гутлын түрүүнд байсан хутгыг гаргаж ирэх үед уг хутгыг нь булаан авч зүүн далан тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Мөнхзул “...нөхөртэйгөө уулзаагүй байж байгаад ийм хэрэг болсоныг мэдлээ..., ...маш их гомдолтой байна...” /хх-ийн 1-р хавтас 84-86-р тал/,

Б.Т “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад манай том ахын охин Уртнасан нь Б.О ах хүнд хутгалуулсан эмнэлэг дээр ирсэн их муу байна би хөдөөнөөс сонслоо гэж хэлсэн..., ...тэгээд намайг Жаргалант суманд ирэхэд нас барсан байсан...” /хх-ийн 1-р хавтас 91-94-р тал/,

Гэрч ******* “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цаг 00 минутын орчимд эмнэлэг дээрээс над руу хүнд хутгалуулсан хүн ирлээ гэх дуудлагаар би 22 цаг 05 минут гээд эмнэлэг дээр ирэхэд хүн байхгүй байсан ба сувилагчаас хүн хаана байгаа юм бэ гэхэд машин дотор байгаа, орж ирэхгүй байна, яасан юм болоо гэж хэлээд гадаа сувилагч байж байсан..., ...оруулаад би орон дээр гаргаж хэвтүүлээд хүүхэн харааг нь харахад хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн, зүрхний цохилт байхгүй, захад судас тэмтрэгдэхгүй, амьсгалгүй болсон байсан, гэхдээ хүүрийн хөшилт явагдаагүй байсан, тэгээд би энэ хүн чинь нас барсан байна гэж хэлээд дээлийг нь тайлж үзэхэд зүүн далны орчимд хутгалуулсан шархтай гадагш бага зэрэг цус гарсан дээл мөн цоорсон байсан...” /хх-ийн 1-р хавтас 100-102-р тал/,

Ш.Ж “...ээлжээ хүлээн авч сувилагч Ж.Эийн хамтаар эмнэлэг дээр байсан, тэгэхэд орой 22 цаг болж байхад эмнэлгийн үүдэнд мотоцикль ачсан цэнхэр өнгийн портер машин зогсож дотроос нь жолооч болон нэг эмэгтэй хүн бууж ирж эмнэлэг рүү орж ирсэн..., ...манай сумынхан Улаанаа гэж дууддаг Г.М нь эхнэрийнхээ дүү Д.Огийн хамтаар байсан, тэгээд дуудлага өгөх гэсэн юм гэхэд нь яасан юм гэхэд ухаангүй, ухаан алдсан хүн байна гэхэд нь сувилагч Ж.Э нь яахаараа ухаан алддаг юм та нар архи ууж зодоон хийсэн юм уу гэж асуусан чинь хажуугаас нь Д.О гэж хүүхэн нь хутга булаацалдаж байгаад гээд дуугай болж нүүр нь улайгаад худлаа хэлж байгаа хүн шиг надад санагдсан..., ...Г.М нь машинаас хүн гаргах гээд байгаа бололтой машины хажуу талд тэр 2-оос гадна нэг хүн өргөөд гаргаж ирсэн тэгэхэд тэр хүн нь ухаангүй гулжигнаад ямар ч мэдрэлгүй юм байсан, сувилагч Ж.Э нь буцаагаад машиндаа хийчих гэж хэлээд би тэр хүнийх нь судасны цохилтыг үзэхэд ямар ч цохилт байхгүй байна гээд эмч ******* руу залгаж энэ хүн чинь бараг өнгөрчихсөн юм биш үү та гялс хүрээд ир гэж хэлсэн байсан...” /хх-ийн 1-р хавтас 103-106-р тал/,

Ж.Э “...Г.М дуудлага өгөх гэсэн юм ухаангүй, ухаан алдсан хүн байна гэхэд нь би яахаараа ухаан алддаг юм, та нар архи ууж зодоон хийсэн юм уу гэж асуусан чинь хажуугаас нь Оюундалай гэж хүүхэн хутга булаацалдаж байгаад гээд дуугай болсон, тэгэхээр нь би тэгээд яасан юм тэр хүнээ аваад ир гэхэд Г.М, Д.О нар гараад явсан би тэгэхэд эмч *******г дуудаж гадаа ухаан алдсан хүн ирлээ гэж хэлсэн байсан..., ...асрагчтайгаа гараад очиход Г.М нь нэг хүн өргөөд гаргаж ирсэн тэгэхэд тэр хүн нь гулжигнаад ямар ч мэдрэлгүй юм шиг байхаар нь би буцаагаад машиндаа хийчих гэж хэлээд би тэр хүнийх нь судасны цохилтыг үзэхэд ямар ч цохилт байхгүй байхаар нь эмч ******* руу дахин утасдаж энэ хүн чинь бараг өнгөрчихсөн юм биш үү та гялс хүрээд ир гэж хэлсэн...” /хх-ийн 107-110-р тал/,

А.Э “...сумын цагдаа Б.Гын хамт ажил дээрээ байхад миний утсанд дуудлага ирж би авахад эмнэлгээс асрагч Ш.Ж нь яриад Шаарав гэгч /Б.О/ нь хүнд хутгалуулсан байдалтай ирлээ, цагдаагаа аваад хүрээд ирээч гэхээр нь цагдаа Б.Гд хэлж эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтайгаар хэвтүүлсэн, хажууд нь эмч *******, асрагч Ш.Ж нар байсан...” /хх-ийн 1-р хавтас 111-113-р тал/,

Б.Г “...ажил дээрээ ирээд өрөөндөө дагуулж ороод за юу болсон юм үнэнгээ хэл Д.А та хоёрын хэн нь хутгалсан бэ? гэхэд Г.М нь би үнэнгээ хэлсэн гээд би энд баймааргүй байна гэртээ харих хэрэгтэй байна гэж байгаад сүүлд нь би талийгаачийг хутгалчихсан юм, талийгаач над руу хутга бариад хоолойг чинь огтолно гэхлээр нь би хутгыг булааж аваад хутгалчихсан гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 114-117-р тал/,

Д.С “...манайд ийм хутга байдаг..., ...ширээн дээр түмпэнтэй махтай хамт шар иштэй хутга гаргаж тавьсан харагдаж байсан, тэр хутга энэ мөн байх шиг байна..., ...учир нь манай хутганы үзүүр нь бага зэрэг мурийсан байсан болохоор нь тэрийг нь хараад таньж байна, учир нь би энэ хутгаар цэцгэн толгойтой боолт тайлах гэж байгаад би өөрөө мурийлгасан юм...” /хх-ийн 1-р хавтас 118-123-р тал/,

******* “...Г.М нь би энэ хоёртой холхон очиж ярьж хөөрөөд ирье гээд гараад машинаа асуугаад манай гэрээс урагшаа нилээн хол явсан, би нэг гараад харахад нилээн хол явж байгаа харагдсан, тэгээд нилээн байж байгаад эргээд хүрээд ирж байгаа юм шиг машин дуугарч ирээд хотны үүднээс зөөж байсан хөрний хажуу талаас дүү Д.Ог дуудаж буцаж орж ирээгүй яваад өгсөн...” /хх-ийн 1-р хавтас 124-128-р тал/,

Д.О “...Г.М ахын машинтай Амгаа, Шаарав, Г.М ах нар явцгаасан, тэр гурав нам газар руу буугаад зогсож байгаа харагдсан би тугал уяж байсан, нилээд удаан зогсож байгаа харагдсан..., ...Г.М ах ирээд намайг дуудаж машиндаа суулгасан ба машинд Амгаа, Шаарав нар байсан, Амгаа ах согтуу, Шаарав хөдөлгөөнгүй урд суудал дээр, Г.М ах жолооны ард сууж байсан, Г.М ах надад ах нь хүн хутгалчихлаа миний дүү суучих ах нь хүн алчих шиг боллоо гэж хэлээд суулгасан...” /хх-ийн 1-р хавтас 132-144-р тал/,

О.Б “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүртээ байсан, энэ өдөр 15 цагийн үед байх Шаарав буюу Б.О, Амгаа буюу Д.А нар нь орж ирээд Амуу нэртэй 0.5 литрийн архинаас 4 шилийг авъя гээд байхгүй 3 шил байна гэхэд 3-г аваад бас нэг шил Эзэн Чингис нэртэй 0.75 литрийн архи аваад гарсан...” /хх-ийн 1-р хавтас 148-149-р тал/,

насанд хүрээгүй гэрч С.А “...намайг мал дээр байхад Г.М ахын машин урагшаа нилээн явж байгаад зогсож нилээн байж байгаад буцаад Д.С ахын гадаа ирээд Д.О эгчийг дуудаад байх шиг байсан би тэгэхэд мал дээрээ байсан, тэгээд Д.О эгчийг суулгаад сумын төв явдаг зам руу явсан..., ...би өдөр мах чанаж идсэн нь үнэн, миний чанасан махыг өдөр ирсэн 2 хүн бас орой нь Д.С ах, Г.М ах, ******* эгч, Д.О эгч нар идсэн, тэр махыг тэднийд байдаг бор шар өнгийн иштэй хутгаар идсэн, энэ хутга тэднийд байдаг юм..., ...миний мах идсэн хутгатай адилхан хутга байна...” /хх-ийн 1-р хавтас 150-153-р тал/ нарын мэдүүлэг, “...Г.М нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, ...болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Г.М нь сэтгэцийн хувьд эрүүл гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, одоогийн байдлаар сэжигтэн Г.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” талаар гарсан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа /хх-ийн 1-р хавтас 224-226-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №67 тоот кримналистикийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Оы хэрэг гарах үед өмсөж байсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн майк, ханцуйгүй урдуураа товчтой ноосондуу материалаар хийгдсэн цамц нь зүсэгдсэн урагдалтай байна, шинжилгээнд ирүүлсэн хувцасанд үүссэн зүсэгдсэн урагдалт нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, эдгээр зүсэгдсэн урагдалт нь хутганы үйлчлэлээр үүссэн байж болно, хар хөх өнгийн ноосон материалтай ханцуйгүй цамц болон ногоон өнгийн дээлэнд үүссэн 2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалт нь нэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дээрх хувцаснуудад үзлэг хийхэд саарал өнгийн майк болон хөх өнгийн босоо захтай ханцуйтай цамцны ар талд үүссэн гэмтэл нь 2 см хэмжээтэй байсан, харин шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн майк болон хөх өнгийн босоо захтай ханцуйтай цамцанд үүссэн 4х2.5 см, 4.5х1.5 см тус тусын хэмжээтэй зүсэж огтолсон урагдалт нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн дэслэгч *******гийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 4114 тоот дүгнэлтэд биологийн шинжилгээ хийх явцдаа үүсгэгдсэн гэмтэл байна, энэ гэмтэл нь зах ирмэг жигд бус нэг бүхэл хэсгийг үүсгэхгүй байгаа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно, шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн дээлэнд үүссэн 2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалтууд нь шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газраас хураан авсан хутганы үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 238-243-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4113 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн Батсүхийн Отгон гэж хаягласан цусанд 3.3 промилли, Г.М гэж хаягласан цусанд 1.1 промилли спиртийн агууламж илрэв, Дамбын Амгаланбаатар гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн, 3.3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх химийн шинжээчийн /хх-ийн 2-р хавтас 6-7-р тал/, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №4114 тоот “...талийгаач Б.О, Г.М, Д.А нарын биеэс авсан цусны дээж шинжилгээнд тэнцэж байна, Г.М, Д.А нарын цус О /I/ бүлгийн харьяалалтай, Б.Оы цус AB/IV/ бүлгийн харьяалалтай байна, хэргийн газраас хураан авсан хутганы ажлын хэсэгт цус илэрсэн, уг цус нь AB/IV/ бүлгийн харьяалалтай талийгаач Б.Оы цустай бүлгийн харьяаллын хувьд тохирч байна, шинжилгээнд ирүүлсэн талийгаач Б.Оы өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр хөх өнгийн цамц, саарал өнгийн майк, ханцуйгүй урдуураа товчтой ноосондуу материалаар хийгдсэн цамц зэрэгт цус илэрсэн, уг цус нь AB/IV/ бүлгийн харьяалалтай ба талийгаач Б.Оы цустай бүлгийн харьяалалын хувьд тохирч байна...” гэх биологийн шинжээчийн /хх-ийн 2-р хавтас 8-9-р тал/, талийгаач Б.Оы нас барсан шалтгаан болон бусад асуудлуудыг тогтоох зорилгоор хийсэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 24-ны №26 тоот “...талийгаач Б.Оы биед зүүн далны дотор дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, баруун дал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, харин нуруу, баруун дал, хэвлийн зулгаралтууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл болно, дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн, зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ..., ...талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй...” гэх задлан шинжилгээний /хх-ийн 2-р хавтас 23-26-р тал/ буюу мөн энэ талаар гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №630 тоот “...талийгаач Б.Оы биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус алдалт /1700мл/ зүүн уушигны уналт, нуруу, баруун дал, хэвлийд хуучин зулгаралт гэмтэл учирчээ, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, нуруу, баруун дал, хэвлийн хуучин зулгаралтууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл болно, дээрх цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндийн цус алдалт /1700 мл/, зүүн уушигны уналт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, талийгаач нь цээжний хөндийн цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ, талийгаачид элэгний хатуурал архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно, талийгаачийн биед бусадтай амь өрсөлдсөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй, уг гэмтлийг авсан даруйд тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба гэмтсэнээс хойш ямар хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй, талийгаачид эмнэлгийн яаралтай нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй, урьд гаргасан №26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй...” /хх-ийн 2-р хавтас 34-38-р тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт, цогцосны гадна бие, задлан шинжилгээний үед болон Г.Мийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 5-28, 34-41-р тал/, Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ...” гэж заасны дагуу Г.Мид холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн, уг зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ 10 жил байсан бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь 8 жил болж багассан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Учир нь хорих ял бол Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн ялтай харьцуулашгүй хамгийн хатуу цээрлэлийг агуулж байдаг бөгөөд цаашид дахин гэмт зан үйлээ үргэлжлүүлэхээс татгалзуулан хүмүүжүүлэх зорилготой юм. Энэхүү ял нь тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчин явах гэх мэт олон заяагдмал эрхийг хязгаарлаж нийгмийн хэвийн амьдралыг нь тодорхой хугацаагаар хязгаарлаж тусгай байгууллагын хяналтад байлгаж эдлүүлдэгээрээ онцлогтой юм.

Г.Мийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, ял эдлүүлэхээр тогтоосон дэглэм нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Г.М нь гэм буруугаа хүлээж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн болон ар гэрийн байдал, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлж давж заалдах шатны шүүхэд тайлбар ирүүлсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт прокурорын газраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн мэтээр дүгнэсэн, талийгаачийн согтолтын зэргийг буруу бичсэн байгааг тус тус дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад шүүгдэгчийн овгийн үсгийг буруу бичсэн байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулсан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1, 1.5

дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч,  Г.Мийг есөн жилийн /09 жил/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Мийг 6 жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэж

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Г.Мид 09 жилийн хугацаагаар оногдуулсан...” гэснийг “...Г.Мд оногдуулсан 6 жил...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Ш.Мд...” гэснийг “...Г.Мид...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                         В.ЦЭЦЭНБИЛЭГ