| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0084/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/89 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/89
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа, шүүгдэгч М- овогт Г-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002340089 дугаартай, 146/2019/0084/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын удирдлага мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар баг, ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, М- овогт Г-гийн Б-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Захын булаг гэх газар хохирогч Б.Ч-гийн үснээс зулгааж газар унаган, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б- нь хохирогч Б.Ч-гийн үснээс зулгааж газар унаган, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хонь нийлснээс болоод бид нар уулан дээр маргалдсан. Миний уур хүрээд Б.Ч-гийн үснээс барьж аваад бид хоёр ноцолдсон. Б.Ч-н машинд суугаад явсан. Би машиндаа суугаад толинд харсан чинь миний нүүрийг самардсан байсан. Би араас нь очоод Э-ын машины арын суудал дээр Б.Ч-г дарж байгаад нүүрийг нь маажсан. Миний буруу. Би гэм буруугаа ойлгож байна гэв.
Хохирогч Б.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргэн ах Н.Д-ынд ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 00 минутын орчим манай төрсөн эгч Б.Э- эгч бид хоёр гэртээ байж байсан чинь П.О-, Г.Б- нар ирээд хонь нийлчихсэн байна гэж хэлээд явсан. Тэгээд манай эгч Б.Э- машин жолоодож бид хоёр хонь ялгах санаатай Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн ___ дээр очсон чинь уулын орой дээр П.О-, Г.Б- манай хүргэн ах Н.Д- нар хоорондоо маргалдаад байж байсан. Тухайн үед Б.Э- эгч бид хоёрын өөдөөс П.О-, Г.Б- нар чулуу шидээд байсан. Тэгээд би машинаас бууж та нар яагаад машины өөдөөс чулуу шидээд байгаан юу болсон юм бэ гэж хэлсэн чинь П.О-ын эхнэр Г.Б- уурлаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гүйж ирээд миний үснээс зулгааж намайг газар унагаагаад миний нүүрнээс гараараа базаж нүүр самардсан. Тэгээд би босч гүйгээд Б.Э- эгчийн машинд суусан. Тэгээд Б.Э- эгч бид хоёр машин асаагаад гэрээдээ явсан чинь П.О-, Г.Б- нар Б.Э- эгч бид хоёрын машины араас машинтай хөөж ирээд машины урдуур орж Б.Э- эгч бид хоёрыг зогсоосон. Тэгээд Г.Б- машинаасаа бууж ирээд Б.Э- эгч бид хоёрын машины хойд хаалгыг онгойлгож миний заамнаас барьж аваад чи миний нүүрийг урдаг ямар овоо муу янхан бэ гэж хэлээд миний нүүрийг базаж хумсаараа миний нүүрийг дахиад урчихсан. Тэгээд П.О-, Г.Б- нар машиндаа суугаад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед П.О-, Г.Б- нар Б.Ч-, Д.Э- нар луу чулуу шидээд байсан чинь Б.Ч- машинаас бууж ирээд та нар яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Г.Б- уурлаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гүйж очоод Б.Ч-гийн үснээс барьж аваад дараад унагаасан. Тэгээд Б.Ч-, Г.Б- нар хоорондоо зууралдаж байгаад Б.Ч- босож Б.Э-ын машинд суугаад зугтаасан. Харин Г.Б- уурлаж машинаа асааж Г.Б- өөрөө машин жолоодож хажуудаа П.О-ыг суулгаад Б.Ч-, Б.Э- нарын араас явсан. Харин би хонины захад үлдсэн. Тэгээд би хонь хариулж байгаад нэг цаг орчим болоод гэртээ ирсэн чинь Б.Ч-гийн нүүр нилээд олон газраа урагдсан байсан. Би юу болсон талаар Б.Ч-, эхнэр Б.Э- нараас асуусан чинь Г.Б- араас хөөж ирээд Б.Ч-гийн нүүрийг самардчихсан гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд Б.Ч- машинаас бууж П.О- руу хандаж ахаа та яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь П.О-ын эхнэр Г.Б- уурлаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Г.Б- гүйж ирээд Б.Ч-гийн үснээс барьж аваад Г.Б-, Б.Ч- нар газар зууралдаж ноцолдсон. Тэгээд байж байсан чинь Б.Ч- босч ирээд миний бие өвдөөд байна явъя гэж хэлсэн. Тэгээд Б.Ч- бид хоёр машиндаа сууж гэрээдээ явж байсан чинь араас П.О-, Г.Б- нар машинтай ирээд урдуур орж миний машиныг зогсоож Г.Б- машинаас бууж ирээд миний машины арын хаалгыг нээж арын суудал дээр Б.Ч-гийн үснээс дарж байгаад нүүрийг нь маажсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч П.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн ___ гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим манай хонь Н.Д- ахын хоньтой нийлчихсэн байсан. Тэгээд Г.Б- бид хоёр Н.Д- ахын гадаа очиж Н.Д- ахын эхнэр Б.Э-д манай хонь танай хоньтой нийлчихсэн байна гэж хэлчихээд буцаад хонины бэлчээрт очсон чинь Н.Д- ах хонины захад сууж байсан. Тэгээд би уур хүрээд Н.Д- ахыг та хонь малаа авалдаа гэж хэлээд Н.Д- ах бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Н.Д- ах бид хоёр маргалдаад байж чинь Б.Э-, Б.Ч- нар машинтай ирсэн. Б.Э-, Б.Ч- нар машинаас буугаад та нар яагаад маргалдаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь манай эхнэр Г.Б- уурлаж чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд гүйж очоод Б.Ч-гийн үснээс барьж аваад газар унагаасан. Тэгээд Б.Ч-, Г.Б- нар хоорондоо зууралдаж байгаад Б.Ч- Б.Э-ын машинд суугаад явсан. Харин манай эхнэр Г.Б- үлдэж машиндаа суугаад толинд нүүрээ харчихаад уурлаж машинаа жолоодож Б.Ч-, Б.Э- нарын араас хөөж очоод машиныг нь зогсоолгож Б.Э-ын машины арын суудал дээр Б.Ч- Г.Б- нар хоорондоо хэрэлдэж зууралдаад байсан. Тэгээд Г.Б- бид хоёр гэртээ харьсан. Б.Ч- Г.Б- нар анх маргалдахдаа Б.Ч-гийн нүүрийг нэлээд урчихсан. Мөн дараа нь Г.Б- Б.Ч-гийн араас машинтай гүйцэж очоод Б.Э-ын машины арын суудал дээр зууралдаж маргалдаад байсан. Тухайн үед бас нүүрийг нь маажсан байх. Б.Ч- Г.Б- нар нэлээд маргалдсан. Анх маргаан болох үед Б.Ч- Г.Б-гийн нүдний доод хэсэгт бага зэрэг маажчихсан байсан. Тэгээд л манай эхнэр уурлаад байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дугаартай дүгнэлтэн: 1 .Б.Ч-гийн биед дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зулгаралтууд гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Цаашид амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх 35 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Б.Ч-гийн үснээс нь зулгааж, газар унагаан, нүүрэн тус газар маажиж зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.Ч-, гэрч Б.Э-, Н.Д-, шинжээчийн 490 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Б.Ч- эмчилгээний зардалд нотлох баримтаар огноо байхгүй, хаанаас хааш явсан нь тодорхойгүй 19300 төгрөгийн НӨАТ-ын баримт, хөнгөлөлтийн карт, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн АИ–92 шатахууны 21000 төгрөгийн НӨАТ-ын баримт, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шатахууны 24000 НӨАТ-ын баримт, АИ-92 шатахууны 2019 оны 11 дүгээр сарын 02-ны, 04-ний өдрийн 23000, 25000 төгрөгийн НӨАТ-ын баримт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19300 төгрөгийн Хархорин сумаас Улаанбаатар хүрэх унааны зардалын баримтуудыг ирүүлсэн байна /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь ямар эмчилгээ хийхэд гарсан баримт болох нь тодорхойгүй байх ба шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 1500000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн байна. /хх-ийн 10 дугаар хуудас/,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүгдэгчээс хохирогчид 800000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгчээс нийт 2,300,000 төгрөгийг хохирогч төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролд 2300000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шүүгдэгч энэ хэргийг хянан шийдвэрлэх үед хохирогчид учирсан хохирол, эмчилгээний зардалыг төлсөн байх тул хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас гүйцсэн хээр зүсмийн морийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогт Г-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овогт Г-гийн Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролд 2300000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас гүйцсэн хээр зүсмийн морийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА