Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,  

Шүүгдэгч: Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий, шүүгдэгч Ж- овогт Т-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002290095 дугаартай, 146/2019/0089/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Ж- овогт Т-ын Б-

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Ш.Д-ийн зүүн гаран тус газарт сандалаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Ш.Д-ийн зүүн гаран тус газарт сандалаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

 Үүнд: Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би хүргэн ахыгаа хөдөө авч явах гээд гадуур унаа хайж байгаад гэртээ иртэл манай хашаанд хүмүүс архи уугаад сууж байсан. Би тэр хүмүүстэй хамт архи хувааж уусан. Гэртээ ороод эхнэрээ хоол хийгээд өг гэсэн чинь манай эхнэр намайг аашилж загнаад байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ сандал авч шидсэн. Тэгээд би гэрээсээ гарч яваад айлд очиж хоол идчихээд гэртээ иртэл манай эхнэр байхгүй байсан гэв.

Хохирогч Ш.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авч ирээд хоолоо хийчихээд хувцасаа угааж байсан чинь Т.Б- гаднаас архи уучихсан орж ирсэн. Тэгээд Т.Б- намайг өдөр шөнөгүй тэнэж байх юм гээд байхаар нь би хийсэн хоолоо авч өгөөд би яаж тэнсэн юм, би сургууль цэцэрлэгийн хүүхэд зөөсөөр байгаад таарлаа гэсэн чинь манай нөхөр Т.Б- надруу сандал аваад шидсэн. Тэгээд би гараараа хаасан юм. Миний зүүн гарын шуу хэсэг рүү манай нөхөр Т.Б- модон сандал шидэж гэмтэл учруулсан. Миний зүүн гарын шуу хэсгээр хөхөрч, зөөлөн эд нь гэмтсэн. Урьд өмнө Т.Б- намайг зодож цохиж гэмтэл учруулж байгаагүй. Т.Б- архи их уудаг, анх удаагаа миний биед хүрч байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Бат-Өлзий сумын төв дээр Т.Б-ийн гэрт 19 цагийн үед өөрийнхөө дээлийг авах гээд орсон чинь Т.Б-ийн эхнэр Ш.Д- зүүн талынхаа орны хажууд зүүн гараа бариад уйлчихсан зогсож байсан. Т.Б- сандал шидчихсэн гээд уйлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтэнд: 1. Үзүүлэгч Ш.Д-ийн биед зүүн гарын шуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэжээ /хх-ийн 35 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/ ,

Яллагдагч Т.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн модон сандалыг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, гэрэл зураг, үнэлгээ /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Д-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт үзүүлсэнийг нотлох эмчийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Б- нь хохирогч Ш.Д-ийн зүүн гаран тус газарт сандалаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч Ш.Д-, гэрч Б.Б-, шинжээчийн 474 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байх тул хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 900000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцов.

            Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж- овогт Т-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж- овогт Т-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 ширхэг модон сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 900000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА