Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий, шүүгдэгч Г- овогт Х-ийн Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002380094 дугаартай, 146/2019/0090/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүннү хорум ресторанд харуулаар ажилладаг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Г- овогт Х-ийн Т-

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “___” караоке баарны гадаа Ш.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохиж унаган хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “-” караоке баарны гадаа Ш.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохиж унаган хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Ш.Г-ыг гараараа цохисон нь үнэн. Энэ бол миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүй... гэв.

Хохирогч Ш.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед би - бааранд ороод архи ууж байгаад их согтож ухаанаа алдсан байна лээ. Нэг сэрсэн чинь Хархорин нэгдсэн эмнэлэгт толгойдоо оёдол тавиулчихсан хэвтэж байсан. Миний толгойд гурван ширхэг оёдол тавьсан. Би өөрөө хэнд цохиулсанаа мэдэхгүй байгаа юм. Манай найз надад хэлэхдээ чамайг Х.Т- гэх залуу зодсон гэж хэлсэн. Би Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн. Намайг Лхагваа эмч эмчилж байсан. Б.М- маргааш өглөө нь надтай эмнэлэг дээр ирж уулзаад өчигдөр шөнө - баарны гадаа чамайг Х.Т- гэх залуу зодсон гэж хэлсэн. Миний хамар яс хугарсан байна гэсэн. Мөн толгойн оройд 3 ширхэг оёдол тавьсан байна лээ. Одоо миний биеийн байдал эрүүл болсон. Намайг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хархорин сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Х.Т- гэх залуу ирж надтай уулзаж ах аа би таныг зодчихсон юм гэж хэлсэн. Мөн надад нэг сая төгрөг өгсөн. Би Х.Т-оос авсан нэг сая төгрөгөөр өөрийгөө эмчлүүлсэн. Одоо миний бие эрүүл болсон тул Х.Т- гэх хүнээс одоо болон цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал нэг сая төгрөгийг Х.Т- өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цаг 30 минутын орчим Б.М-, Б.Б-, Ш.Г-, Ж.С- бид нар Хархорин сумын Эрдэнэзуугийн гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа - бааранд орсон юм. Бид нар - бааранд 75 грамтай нэг шил архи аваад задалж ганц нэг хундага архи ууж байтал баар хаах цаг болоод - баар хаасан. Тэгээд бид нарыг баарнаас гарах үед баарны гадаа Ш.Г-, Х.Т- нар зогсож байсан. Харин түүний цаана Ж.С-, Э.Д- нар хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд байж байтал Х.Т- Ш.Г-ыг гараараа нэг удаа цохиод унагаасан. Тухайн үед Ш.Г- Х.Т-т цохиулаад зам дээр дээшээ харж унаад хамар, толгойноос нь цус гарчихсан Ш.Г- хөдлөхгүй хэвтээд байсан чинь Б.М- гүйж очоод Х.Т-ыг чи хүн алчихлаа, цагдаа нар иртэл байж бай гээд Х.Т-ын гараас нь бариад зогсож байсан чинь гэнэт Х.Т-, Э.Д- нар зугтаагаад явчихсан. Ш.Г-ыг зүгээр зогсож байхад нь Х.Т- гүйж ирээд цохиод унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Х.Т- гэх залуу Ш.Г-тай маргалдаж байгаад Х.Т- Ш.Г-ын нүүр орчим гараараа нэг удаа цохиж унагаасан. Тухайн үед Ш.Г- Х.Т-т цохиулаад газар унаж хөдлөхгүй хэвтээд байсан чинь Х.Т-, Э.Д- нар зугтаагаад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 00 минутын орчим гэртээ байж байсан чинь манай найз Х.Т- - бааранд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 22 цаг 00 минутын орчим Х.Т- бид хоёр - баарны өмнө уулзсан. Тэгээд Х.Т- бид 2 - бааранд орж 4 шил пиво хувааж уусан. Тэгээд байж байтал Х.Т- нойл орно гээд явсан. Харин би бүжгийн талбай дээр хүмүүстэй бүжиглэж байгаад Х.Т-ийг ирэхгүй байхаар нь санаа зовоод - баарнаас гарсан чинь миний араас бааранд бүжиглэж байсан Ж.С- гэх залуу гарч ирээд Ж.С- бид 2 хоорондоо маргалдаад байж байсан чинь Х.Т- хүрч ирээд Ж.С- бид хоёрын салгасан. Тэгээд байж байсан чинь Ж.С-ын найз Ш.Г- хүрч ирээд согтуурхаад байсан чинь Х.Т- уурлаж гараараа Ш.Г-ын нүүр орчим газар нь нэг удаа цохисон чинь Ш.Г- толгойн ар хэсгээрээ газар унасан. Тухайн үед Ш.Г- Х.Т-т цохиулаад толгойноос нь цус гарчихсан газар хөдлөхгүй хэвтээд байсан чинь Б.Б- гэх эмэгтэй хүрч ирээд та нар хүн алчихлаа цагдаа дууд гээд хашгичаад байхаар нь Х.Т- бид хоёр айгаад зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Х.Т- гэх залуу Ш.Г-тай маргалдаж Х.Т- Ш.Г-ын нүүр орчим газар гараараа нэг удаа цохиж Ш.Г-ыг газарт унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт:  1. Үзүүлэгч Ш.Г-ын биед тархи доргилт, хамар ясны зөрөөтэй хугарал, толгойн орой шарх, баруун, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-7 дугаар хуудас/,

Хохирогч  Ш.Г-ыг гэмт хэргийн улмаас  эрүүл мэнддээ хохирол авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1731 дугаартай өвчний түүх, хохиролын баримтууд /хх-ийн 37-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Т- нь хохирогч Ш.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ш.Г-, гэрч Б.Б-, Э.Д-, Б.Б-, Б.М- нарын мэдүүлэг, шинжээчийн 448 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Г-т хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г- овогт Х-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г- овогт Х-ийн Т-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Т- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Г-т хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА