Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

2020          02         03                                   2020/ШЗ/202

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч П.Болормаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэндаваа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Хангай /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2752/

шүүгдэгч С.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/, Н.Нарантуяа /ҮД:1292/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Урианхан овогт Сандагдоржийн С.Эт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806008010457 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Э, Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, “Монгол наадам” ОНӨТҮГ-т мэргэжилтэн ажилтай байсан,  ам  бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол  дүүргийн 8 дугаар  хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоотод оршин түр суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол, 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан сан актив” банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж, уг орон сууцыг бусдад зарж, “Алтан сан актив” ББСБ-га буюу Б.Баярмагнайг хуурч залилан 50,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол, 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан сан актив” банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж, уг орон сууцыг бусдад зарж, “Алтан сан актив” ББСБ-га буюу Б.Баярмагнайг хуурч залилан 50,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Э гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Гэрч О.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 оны 12 дугаар сард “Алтан Сан Актив” ББСБ нягтлангаар ажилд орсон. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банкны салбарын захирал С.Э гэх хүн манай байгууллага дээр ирээд зээл хүссэн. С.Эын бүрдүүлсэн материалууд нь зээлийн шаардлага хангаж байсан. Тухайн үед С.Эын байрыг барьцаанд авч зээл өгөхөөр болсон. Зээлийн гэрээг бүртгүүлж ирээд 50 сая төгрөгийг манайхаас авсан. С.Э тухайн хугацаанд үндсэн зээлд 5.008.896 төгрөг, алданги 6.706.342 төгрөг, хүүний мөнгөнөөс 7.384.762 төгрөг хасагдсан. Ингээд үүнээс хойш төлөлт хийгдээгүй тул манайх шүүхэд хандсан. Шүүх дээр бид эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 4 сая төгрөг төлөгдсөн. Тэгээд мөнгөө төлөхгүй байхаар нь барьцааны байрыг авах гэтэл өөр хүнд шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь манайх цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг[1],

2.Гэрч С.Гэсэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Барьцааны гэрээг би харлаа. Гэрээнд дарагдсан тамга тэмдэг миний дугаартай боловч би бүртгээгүй байна. Тэмдэг нь миний дардаснаас арай том харагдаж байгаа нь энгийн нүдээр харагдаж байна” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Гандан Бороо хочит Ч.Батхуяг, С.Э нарыг танина. Гандан Бороо хочит Ч.Батхуягтай 2014 онд танилцаж байсан. Тэр цагаас хойш энгийн ажил хэргийн харилцаатай байсан. Гандан Бороо бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгөлцөж авалцах гэх мэтийн ажил байдаг байсан. Би С.Эын байрыг худалдаж аваад танилцсан. Байрыг нь нэр дээрээ шилжүүлж аваад л салсан. Гандан Бороо надтай уулзаад байр зарна гэхээр нь би тэр байрыг нь үзсэн. Тэр байр нь Хан-Уул дүүрэгт байдаг 3 өрөө байр байсан. Байраа 99.000.000 төгрөгөөр зарна гээд эзэмшигч нь С.Э гэдэг залуу байсан. С.Э мөнгө хэрэгтэй байна гээд байсан тул би мөнгө зээлээд байрыг нь өөрийнхөө нэр дээр болгосон юм. Надаас 99.000.000 төгрөг аваад уг байрандаа нэг жил орчим амьдарсан” гэх мэдүүлэг[3],

4.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн “...Би “Алтан сан актив” ББСБ-аас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа тухайн ББСБ-ын захирал Баярмагнайтай уулзаж авсан. Тэгээд бид зээлийн гэрээгээ хийгээд 16-17 цаг болсон байсан. ...Би Гандан Бороо гэдэг хүнд өглөгтэй байсан. Би орой болчихлоо үл хөдлөхөд бүртгүүлж амжихгүй нь гэсэн чинь Гандан Бороо нь би бүртгүүлээд өгье материалаа аваад хүрээд ир гээд Хан-Уул дүүргийн Үл хөдлөх байгууллагын гадна миний материалыг авч яваад удалгүй 30 минутын дараа бүртгүүлчихлээ гээд гараад ирсэн. Тэгээд буцаад ББСБ дээр бүртгүүлчихлээ гэж очоод мөнгөө авсан. Би тухайн үед яаж бүртгүүлсэн гэдгийг нь мэдээгүй таньдаг хүн дээрээ бүртгүүлчихлээ л гэж бодсон. Тэр надаас мөнгөө байнга нэхээд дарамталдаг байсан. Тэгээд надад “чи байраа зар” би хүн олчихлоо, байраа зараад надад мөнгө өг гэж хэлэхээр нь би байраа барьцаанд тавьчихсан гэж хэлэхэд боломж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд би анх бүртгүүлээгүй юм байна гэж гадарласан учраас би зээлийг маш хурдан төлж барагдуулах ёстой юм байна гэж бодож зээлийн төлөлтийг хийсэн. ...Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[4],

5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэндаваагийн өгсөн “...С.Э нь манай байгууллагын захиралтай арван жилийн нэг анги байсан. 2015 онд манай ББСБ дээр ирээд би Хаан банкны салбарын захирал ажилтай гэж хэлсэн. Би өөрийнхөө банк дээр зээлтэй байгаа учраас өөрийнхөө банкнаас зээл авч болохгүй байна. Төмрийн компанид хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гээд манай тавьсан шаардлагуудыг хангаж зээл авсан юм. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулагдсан. Тэгээд барьцааны гэрээгээ үл хөдлөх дээр бүртгүүлээд ирье гэж авч явчихаад бүртгүүлчихээд ирлээ гээд 50,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Ингээд зээлийн төлөлтөө эхний нэг сар хийчихээд түүний дараагийн төлөлтүүдээ хийхгүй яваад байсан учраас Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүхэд С.Э нь зээлийн хүүг болон нэхэмжилж байгаа мөнгийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн захирамж гаргуулж авсан. Тэгээд 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах Эвлэрлийн захирамжтай байсан юм. Тэгээд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шийдвэр гүйцэтгэлийн явцад 9 дүгээр сард “Худалдах худалдан авах” гэрээг байгуулаад орон сууцаа шилжүүлэхээр болсон. Тэгээд улсын бүртгэлийн байгууллагад татвар хураамжаа 1,800,000 төгрөгийг төлөөд тухайн үл хөдлөхийг барьцаалбараас гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд хариу ирэхдээ энэ орон сууц С.Э гэх хүний нэр дээр байхгүй байна. Мөн танай байгууллагад барьцааны бүртгэлгүй байна гэсэн хариу ирсэн. Барьцааны гэрээн дээр дарагдсан тамга, улсын бүртгэгчийн тамга биш байна. Хуурамч тамга байна гэсэн хариу ирсэн. Улмаар манай байгууллага энэ хүнд залилуулсан байна гэдгээ мэдсэн. Тухайн байрыг эвлэрлийн гэрээ хийснээс 2 сарын дараа зарж борлуулсан байраараа эвлэрлийн гэрээ байгуулж, “Худалдах худалдан авах гэрээ” хийсэн нь дахин залилсан гэж үзэж цагдаад өгсөн” гэх мэдүүлэг[5],

6. Шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2015 оны 01 дүгээр сард “Алтан Сан Актив” ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авсан. Би зээл авахдаа өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 65-20 тоот хаягтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Би мөнгө хүүлдэг байсан Гандан Бороо гэж дууддаг ахад 30 сая төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрөө төлж чадахаа байж байхад Гандан Бороо ах надад “Алтан сан Актив” ББСБ-ыг зааж өгөөд очиж уулзаад зээл ав гэсэн. Би тэр байгууллага дээр очиж уулзаад өөрийн байрыг барьцаанд тавьж зээл авахад шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлэн өгөөд 50.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөсөө Гандан бороо ахад 20 гаран сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өөрийн бизнес хийх хэрэгцээндээ зарцуулсан. Зээлийн гэрээг аваад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэхэд Гандан Бороо гэх хүн би их хурдан үл хөдлөх хөрөнгийн газарт зээлийн гэрээг чинь бүртгүүлээд өгий гэхээр нь зээлийн гэрээгээ өгөөд явуулсан. Яг ном журмаар нь зээлийн гэрээг бүртгүүлэхээр хонож гарна гэсэн. Гэтэл Гандан Бороо ах надаас их хурдан мөнгөө авахын тулд би зээлийн гэрээг хурдан бүртгүүлнэ гэж хэлээд гэрээг авч яваад тамга даруулаад ирсэн. Тэгээд би зээлийн гэрээг “Алтан сан Актив” ББСБ-д хүргэж өгөөд зээлээ өөрийн дансаар авсан. Би Гандан Бороо ахын өрийг бүгдийг нь төлж чадаагүй юм. Гэтэл сар гарангийн дараа Гандан Бороо гэж дууддаг ах манай гэрт ирээд суучихсан. Тэгээд л намайг хараагаад дарамтлаад байдаг болсон. Гэтэл байраа барьцаанд тавь гэхээр нь би үл хөдлөх хөрөнгийн газарт барьцаанд байгаа ш дээ гэхэд дахин гэрчилгээ авч болно гээд байсан. Тэгээд орон сууцны гэрчилгээ шинээр гаргуулах маягтан дээр надаар гарын үсэг зуруулсан. Миний байрны гэрчилгээний эх хувь “Алтан Сан Актив” ББСБ дээр байгаа. Гэтэл дахин гэрчилгээ гаргуулсан. Ингээд нөгөө гэрчилгээгээ тавиад Энхээ гэдэг хүнээс 90.000.000 төгрөг авч Гандан Бороо ахын өрийг дарж дуусгасан. Энхээ гэдэг хүнээс 90.0 сая төгрөг аваад гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн нэг нотариат дээр очиж гэрээгээ батлуулсан. Тэгээд сүүлдээ нөгөө өрнүүдээ дарж чадахаа болиод Гандан Бороо, Энхээ нарын шахалтаас болж байраа зарж өрийг дарж дуусгасан. Би сүүлдээ Гандан Бороо гэдэг хүнд хууртагдаж байснаа ойлгосон. Би “Алтан Сан Актив” ББСБ авсан зээлийг хууль ёсны гэж ойлгож явсан. Гэтэл улсын бүртгэгчийн дардасыг хуурамчаар дарсан байсныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг[6],

7.Хохирогч Б.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай “Алтан сан Актив” ББСБ нь 2013 онд байгуулагдан одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2015 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд манай санхүүгийн байгууллага дээр манай нутгийн дунд сургуульд нэг ангид сурч байсан С.Э ирж уулзаад өөрийгөө “Хаан банк”-ны салбарын захирал хийж байгаа өөрөө банкнаас зээлтэй учраас зээл авч болохгүй байна гэсэн. Тэгээд “Бигхом” гэдэг компанид хөрөнгө оруулалт хийж төмрийн үйлдвэрлэлийн бизнес хийх гэж байгаа 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, 6 сарын хугацаатай авий гэсэн. Тухайн үед манай хүү 5 хувьтай байсан. Манайхаас тавигдах шаардлагыг С.Э хангаж байсан ба өөрөө ч нөхцлөө зөвшөөрөөд зээл авахаар болоод гэрээ байгуулсан. С.Э зээл хүссэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “Бигхом” компанитай холбоотой гэрчилгээ, гэрээ энэ тэрийг бүрдүүлээд өөрийнхөө нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-65 дугаар байрны 20 тоот 85,36 мкв орон сууцыг зээлийн барьцаанд байхгүй гэсэн лавлагааны хамтаар авч ирээд зээл авахаар болсон. Зээл олгохоос өмнө би хийгдсэн гэрээг С.Эт өгч явуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт аваачиж зээлийн барьцаанд байгаа талаар бүртгүүлээд ир тэгээд мөнгөө аваарай гэж хэлээд явуулсан. Манайх ер нь бол тэгэж гэрээг батлуулдаг юм. Гэтэл С.Э зээлийн гэрээтэй хамт хийгддэг барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн жагсаалт дээр Улсын бүртгэгч 6/2-23 дугаартай тэмдэг хажууд нь дарагдсан бүдэг дөрвөлжин тэмдгийг хуурамчаар үйлдэн манай байгууллага дээр гэрээг авчирсан байсан. Би хуурамч үнэн эсэхийг нь ялгаж чадахгүй учраас улсын бүртгэлд зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэж үзээд С.Эт 50 сая төгрөгийг өгөөд явуулсан. С.Э гэрээний дагуу эхний сарын төлөлтийг хийгээд түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Тэгээд С.Эыг гэрээний үүргээ биелүүлээгүй гээд гэрийн хаягаар нь буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хүү, алданги тооцоод нийт 97.965.164 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг С.Э хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид нар мөнгөө төлөхгүй бол барьцааны байрыг авах болохоор байранд нь очиж үзэхээр өөр хүн гарч ирдэг байсан. С.Эаас асуухаар манай ах амьдарч байгаа л гээд байдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу үнийн дүнгээр 1.891.600 төгрөг төлөөд материалаа бүрдүүлээд улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Гэтэл С.Э бидэнд мэдэгдэлгүйгээр уг байрыг бусдад зарсан байсныг мэдсэн. Ингээд С.Э манай байгууллагыг хуурч биднээс 50 сая төгрөг авсан байна гэж үзсэн” гэх мэдүүлэг[7],

8.”Алтан сан актив” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Баярмагнайгийн цагдаагийн байгуулагад гаргасан гомдол”[8], 9.С.Эын нэр дээрхи үл хөдлөх гэрчилгээ эх хувиар 000147334[9], 10.Зээлийн гэрээ[10], 11.Барьцааны гэрээ[11], 12. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ[12], 13.Иргэний хэргийн шүүхийн Шүүгчийн захирамж[13], 14.хохирол төлсөн баримт[14], 15. Хэв загвар дээж авсан тэмдэглэл[15], 16. Шинжээч томилсон тогтоол[16], 17. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1480 тоот албан бичигт “Ү-2206012774 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/ ХД-65 дугаарын байрны эзэмшигчийн талаарх мэдээлэл[17],18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2032 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн “2015.01.12” гэсэн огноотой “№40000009-01” дугаартай “Барьцааны гэрээ” гэсэн баримтын 3 дахь хуудасны 2 дугаар талд “Барьцаа хөрөнгийн жагсаалт” гэсэн хүснэгттэй давхцан байрлах шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйлүүдийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн” гэх дүгнэлт[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.С.Эт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал[20], 21.Прокурорын тогтоол[21], 22.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл[22], 23.С.Эын хөрөнгийн лавлагаа авсан баримтууд[23] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э “...Би Ганданбороо гэдэг хүнд өглөгтэй байсан. Би орой болчихлоо үл хөдлөхөд бүртгүүлж амжихгүй нь гэсэн чинь Ганданбороо нь би бүртгүүлээд өгье материалаа аваад хүрээд ир гээд Хан-Уул дүүргийн Үл хөдлөх байгууллагын гадна миний материалыг авч яваад удалгүй 30 минутын дараа бүртгүүлчихлээ гээд гараад ирсэн. Тэгээд буцаад ББСБ дээр бүртгүүлчихлээ гэж очоод мөнгөө авсан. Би тухайн үед яаж бүртгүүлсэн гэдгийг нь мэдээгүй таньдаг хүн дээрээ бүртгүүлчихлээ л гэж бодсон. Тэр надаас мөнгөө байнга нэхээд дарамталдаг байсан. Тэгээд надад “чи байраа зар” би хүн олчихлоо, байраа зараад надад мөнгө өг гэж хэлэхээр нь би байраа барьцаанд тавьчихсан гэж хэлэхэд боломж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд би анх бүртгүүлээгүй юм байна гэж гадарласан учраас би зээлийг маш хурдан төлж барагдуулах ёстой юм байна гэж бодож зээлийн төлөлтийг хийсэн. ...Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна” гэж мэдүүлдэг.

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. “Идэвхтэй хууран мэхлэлт” нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч С.Э нутагтаа дунд сургуульд нэг ангид сурч байсан ангийн найз Б.Баярмагнайгийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд өөрийгөө “Хаан банк”-ны салбарын захирал хийж байгаа бөгөөд өөрөө банкнаас зээлтэй учраас зээл авч болохгүй байгаа талаар хэлээд “Бигхом” гэдэг компанид хөрөнгө оруулалт хийж, төмрийн үйлдвэрлэлийн бизнес хийх гэж байгаа 50,000,000 төгрөг хэрэгтэй байна, 6 сарын хугацаатай авий...” гэж “Алтан сан актив” ББСБ-га дээр очсон байдаг.

Тэрээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-65 дугаар байрны 20 тоот 85,36 мкв өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж, “Алтан сан актив” ББСБ-гад Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлсэн гэж итгүүлэн улмаар уг орон сууцыг бусдад зарж, “Алтан сан актив” ББСБ-га буюу Б.Баярмагнайг хуурч залилан идэвхтэй хууран мэхлэлтийн аргыг хэрэглэсэн байдаг.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгдөг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзнэ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 97,765,164 /ерэн долоон сая долоон зуун жаран таван мянга нэг зуун жаран дөрөв мянга/-н төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч С.Э нь 43,000,000 /дөчин гурван/ сая төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Харин “Алтан сан актив” ББСБ-с Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргаснаас хойш тооцсон хүү, алдангийг эрүүгийн хэргийн хохиролд тооцохгүй бөгөөд уг гэм хорын хохирлын зөрүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зохих нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт: “энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдснээс хойш таван жил өнгөрсөн;” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад: “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;” гэж тус тус хуульчилсан байдаг.

Энэ гэмт хэрэг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох 1806008010457 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх 5 /тав/ жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас 15 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох 1806008010457 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх 5 /тав/ жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас 15 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч С.Э 43,000,000 /дөчин гурав/ сая төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

5. Шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 67-68 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 69 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 153-154 дүгээр тал

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 83 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 11-13 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 17 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 73, 149, 174 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 74-76 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 155 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 79-80 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 81,178 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 39-41 дүгээр тал

[22] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал

[23] Хавтаст хэргийн 87-90 дугаар тал