| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0172/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч М.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Од-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07123 0156 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ц.О, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийнУлиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Мөнх төргөрийн ноёд харуул хамгаалалтын газар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Скай таун хотхоны 99-р байр 137 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.О нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 08-183 тоотод иргэн Х.Цацралын толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа” гэв.
Хохирогч Х.Цацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ ганцаараа хэвтэж байхад үл таних 35-40 насны залуу орж ирээд намайг “бос” гэхээр нь би айсандаа сандал дээр суухад “хувцсаа тайл” гэхээр нь “чадахгүй” гэхэд миний элэг рүү хүчтэй цохьсон...хаана байсан нь мэдэгдэхгүй том архины шилээр миний толгойн ар тал руу 4 удаа цохьсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэргэхэд миний толгой хагарч, маш их хэмжээний цус алдсан, босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,
Гэрч Б.Гүнж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажлаа тараад өөрийн амьдардаг нийтийн байрандаа ирээд Ёндон гэх залуугийн гэрээр ороход Цацрал эгч болон Ёндон, бас өөр нэг залуу тэр 3 нийлээд архи уугаад сууж байсан...би гэр рүүгээ орчихоод буцаад гарч ирэхэд Цацаа эгчийн гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогш ороход Цацаа эгч шалан дээр хэвтсэн, толгой, нүүр хэсэг цус болсон байдалтай ганцаараа байж байсан...надад өөрөө хэлэхдээ “Од намайг гэмтээчихлээ” гэсэн. Миний бодлоор хамт архи ууж байсан залуу байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Яллагдагч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...Би иргэн Х.Цацралийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14418 тоот дүгнэлтэд:
1. Х.Цацралын биед тархи доргилт, дух, баруун, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.О нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 08-183 тоотод иргэн Х.Цацралын толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Х.Цацралын: “...гэртээ ганцаараа хэвтэж байхад үл таних 35-40 насны залуу орж ирээд намайг “бос” гэхээр нь би айсандаа сандал дээр суухад “хувцсаа тайл” гэхээр нь “чадахгүй” гэхэд миний элэг рүү хүчтэй цохьсон...хаана байсан нь мэдэгдэхгүй том архины шилээр миний толгойн ар тал руу 4 удаа цохьсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэргэхэд миний толгой хагарч, маш их хэмжээний цус алдсан, босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Од-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Цацрал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч М.Од-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.О-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.О-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Од-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР