| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0179/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1906 07345 0038 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.М, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 16 дугаар 105-3-20 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй
Шүүгдэгч М.М нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тамир” баарны гадна иргэн Б.Мягмаржавын толгойн тус газар нь өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрт нийт 900.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.
Хохирогч Б.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим хуучин эцсийн Тамир нэртэй пабад ороод 2 пиво уугаад хэдэн залуучуудтай маргалдсан. Тэгээд гараад шатаар буугаад намайг эхлээд цохисон. Бас тэр баарны эзэн гэх Мийгаа гээд залуу намайг хавирч унагаад цохиод өшиглөөд зодсон...намайг газарт унасан байхад Мийгаа гэх залуу миний нүүр рүү хэд хэдэн удаа хүчтэй өшиглөөд цээж рүү 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,
Гэрч Л.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М манай нөхрийг хавсарч унагаагаад газарт унасан байхад баруун нүдний орчимд гараараа 1-2 удаа цохиод мөн нүүр рүү буюу баруун талын нүдний орчимд нилээн хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед манай нөхрийн хамарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Амгаланбаяртай зууралдаад байхаар нь Буянхишиг, Золбоо 2 түүнийг салгасан. Тэгтэл үл таних залуу Амгаланбаатарыг салгах явцад 2 удаа цохихоор нь би найзыгаа өмөөрөөд үл таних залууг түлхээд газарт унахаар нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл үл таних залуугийн эгч нь ирж салгаад манай найз нар ч мөн салгаад бид хоёр салаад манай найзууд намайг аваад явсан. Би шинжээчийн №256 дугаарын дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг хохирогчийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №256 тоот дүгнэлтэд:
1. Б.Мягмаржавын биед 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралттай, 2 нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хана 1.9 см өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.3 см гүн цөмөрсөн, доод хана 1.1 см өргөн хэсэгт гайморын хөндий рүү 0.4 см гүн цөмөрсөн, зүүн нүдний ухархайн дотор хана 1.9 см өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт. /хх-ийн 30/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.М нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тамир” баарны гадна иргэн Б.Мягмаржавын толгойн тус газар нь өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Мягмаржавийн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим хуучин эцсийн Тамир нэртэй пабад ороод 2 пиво уугаад хэдэн залуучуудтай маргалдсан. Тэгээд гараад шатаар буугаад намайг эхлээд цохисон. Бас тэр баарны эзэн гэх Мийгаа гээд залуу намайг хавирч унагаад цохиод өшиглөөд зодсон...намайг газарт унасан байхад Мийгаа гэх залуу миний нүүр рүү хэд хэдэн удаа хүчтэй өшиглөөд цээж рүү 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Туяагийн: “...М манай нөхрийг хавсарч унагаагаад газарт унасан байхад баруун нүдний орчимд гараараа 1-2 удаа цохиод мөн нүүр рүү буюу баруун талын нүдний орчимд нилээн хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед манай нөхрийн хамарнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Мягмаржав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч М.М-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.М*д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР