Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00512

 

А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Г-т холбогдох,

Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 15 589 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнбалжид, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байгууллагын даргаар 2014 оны 08 дугаар сард томилогдон ирж байсан Г.Г- нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс нягтлан бодогч Одгэрэлд манай байгууллага 4 удаагийн шүүгчийн захирамж, шийдвэрээр 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 15 359 766 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 713 549 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст төлж, үүнээс 484 312 төгрөгийг суутган авч 15 589 003 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие нь Говь-Алтай аймгийн А даргаар ажиллаж байх хугацаандаа нягтлан бодогч Одгэрэлтэй гар нийлж ажиллаж чадаагүй учраас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж нягтлан бодогч Одгэрэлийг ажлаас нь чөлөөлсөн. Санал хүсэлт их ирдэг байсан. Жил гаруй хугацааны дараа ажилдаа орсон. Ажилгүй байх хугацаандаа Одгэрэл нь төсвийн газар ажиллаж төрөөс цалин авч байсан. Надад ажил төрөл, санхүү бизнес байхгүй, мөнгөний эх үүсвэр байхгүй амьдрал хүнд байна. Тус нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 4.7.2-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах учир миний бие хариуцах боломжгүй байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 13 170 028 /арван гурван сая нэг зуун далан мянга хорин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс 2.418.975 /хоёр сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 223 801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 351 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498.5” гэсний дараа “514 дүгээр зүйлийн 514.2” гэж, “13 170 028” гэснийг “6 585 014” гэж, “2 418 975” гэснийг “9 003 989” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “223 801” гэснийг “120 310” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.4-т заасан гэм буруутай этгээд нь би биш бөгөөд энэ заалт нь одоо ажлаа хийж байгаа ажиллагсад, ажил олгогч, төрийн албан хаагч зэрэгт хамаатай заалт болох нь хуулийг уншиж үзэхэд ойлгогдож байна. Би одоо ажлаасаа гараад 1 жил болж байгаа бөгөөд Иргэний хуулинд заасны дагуу нийгмийн харилцаанд оролцож явж байгаа хувь иргэн хүн гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтын харлуулсан хэсэг дэх эд хөрөнгөд гэдэг нь Иргэний хуульд зааснаар бусдын эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж нэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх 497 дугаар зүйлийн 497.1-ыг нэхэмжлэгч байгууллагын цалин мөнгөтэй холбоотой асуудалд энэ хуулийн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 498.1-д заагдаж байгаа гэм буруутай этгээд нь ажиллагсад бөгөөд тэдний учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ. Тэгэхээр ажиллагсад, түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн заалтууд нь надад огт хамааралгүй заалт гэж үзэж байна. Би тэр үед ажил олгогч гэсэн хуулийн этгээд байсан.

...Би тухайн байгууллагад ажиллаж байхдаа Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсаны дараа Х.Одгэрэлийг ажилдаа орохыг хэлсэн боловч Х.Одгэрэл нь “би 5-р сургуульд ажиллаж байна. Хавраас ажилдаа орно.” гээд тэр үед надтай ажиллаж байсан нягтлан Хаш-Эрдэнэтэй ярьж тохиролцоод 5-р сургууль буюу төсвийн байгууллагад 1 жил шахам ажиллаад өөрөө ирж ороогүй. Энэ нь надаас шалтгаалсан зүйл огт байхгүй болно. Намайг 2016 оны 08 дугаар сарын 18-нд ажлаас гарсаны дараа Х.Одгэрэл нь шүүхэд цалин нэхэмжилж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 21-нд цалинг нөхөж олгохоор шийдвэр гаргасан байдаг. Харин анхан шатны шүүх Х.Одгэрэлийн нэхэмжлэлийг хариуцагч талгүй хуралдаж зөвхөн нэхэмжлэгч талд үйлчилсэн байгаа. Хэрэв цалинг надаас нэхэх үндэслэлтэй байсан бол энэ шүүх хуралд гуравдагч этгээдээр намайг оролцуулах боломжтой байсан бөгөөд надад дуулгалгүй хуралдсан.

Мөн Иргэний хуулийн 498.1, 498.2 зэрэг заалтууд нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэдгийг зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан эаалтуудыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45-р тайлбар гарсан байдаг.

Иргэний хуулийн 389 дүгээр зүйлийн 389.6-д “эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлнэ” гэсэн ойлголтод энэ зүйлийн 389.1-д зааснаар төр хариуцан арилгасан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу шаардаж, төрд нөхөн төлүүлэхийг, мөн зүйлийн 389.4-т заасан шууд бус хохирлыг хохирогчид төлүүлэхийг тус тус хамааруулан ойлгоно. Төрд нөхөн төлүүлэх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр прокурор гаргана гэж заажээ.

...Би өнөөдрийн байдлаар ажилгүй, орлогын эх үүсвэргүй эрүүл мэндийн хувьд хагалгаанд орсон 70 хувийн группд байгаа учир шүүх бүрэлдэхүүн миний гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт зохигчийн хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийхэд хангалтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газар нь Х.Одгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлснөөс байгууллагад учирсан хохирлын 15 589 003 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Г.Г-аас нэхэмжилжээ. Хариуцагч Г.Г- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч Г.Г- А даргаар ажиллаж байхдаа тус байгууллагын нягтлан бодогч Х.Одгэрэлийг ажлаас чөлөөлөх Б\10 дугаар тушаалыг 2014 оны 09 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ба Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр Х.Одгэрэлийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 907 287 төгрөг ажил олгогч байгууллагаас гаргуулж, Х.Одгэрэлд олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул Х.Одгэрэл шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг нэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Сум дундын 5 дугаар шүүх шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр захирамжаар 2 364 753 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталжээ.

Ажил олгогч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б\15 дугаар тушаал гаргаж, Х.Одгэрэлийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон боловч мөн өдрийн Б\16 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн ба Сум дундын 5 дугаар шүүх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр Х.Одгэрэлийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 211 713 төгрөг ажил олгогчоос гаргуулж, Х.Одгэрэлд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүх 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 761 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул Х.Одгэрэл шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг нэмж гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан ба Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр Х.Одгэрэлд 9 148 064 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Говь-Алтай аймгийн А нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан тухайн эрх зүйн маргаанд хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Харин энэ зүйлийн 498.1., 498.2.-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Хариуцагч Г.Г- А даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн  нь Г.Г-ыг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс зааглан ялгавал зохино.

Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласны эрх зүйн дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Х.Одгэрэл ч, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Г.Г- ч Говь-Алтай аймгийн Алтай хотын Тохижилт үйлчилгээний газартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д заасан байна.

Харин контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д заажээ.

Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр  хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3.-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4.-т заасан байна.

Хариуцагч Г.Г- Говь-Алтай аймгийн А даргаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн, эсхүл контрактын гэрээгээр ажиллаж байсан, ямар цалин, хөлстэй байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, хэзээ, ямар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй болно. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2.-т заасан “санаатай гэмт хэргийн улмаас учруулсанаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэх зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН