Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/047

 

Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд  Ц.Б

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 17 тоот эсэргүүцэл, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор  Ц.Бд холбогдох эрүүгийн 201705000160 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хуацай овогт  Ц.Б, 1982 оны 11 дүгээр сарын 4-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу автомашинаар ирж явах замдаа *******тэй маргалдаж автомашины жолоо булаацалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Ц.Бд Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хуацай овогт  Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар  Ц.Быг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.2 дахь хэсэгт зааснаар  Ц.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.3 дахь хэсэгт зааснаар  Ц.Бын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч  Ц.Бд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Бийн хохирлын нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Ц.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс  Ц.Быг цагаатгасан тогтоол дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Ц.Б нь эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсаныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодож байхад нь хохирогч машины рүлийг булаацалдсан үйлдлийн улмаас учирч болж магадгүй байсан хохирлоос бага хэмжээний хохирол учруулсан...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрч Д.Бы “Б.Б нь  Ц.Быг машин жолоодож байхад би машин барина гэж машины рүлээс булаацалдан Ц.Бын нүүр рүү нь нулимахад  Ц.Б машинаа зогсоогоод эргэж хараад Б.Бийн нүүр рүү нь гараараа 3 удаа цохиж авсан. Б.Бийн баруун талын хөмсөгний дээд тал халцарсан байсан” гэх мэдүүлэг,

Ц.Бын “Б нь машины рүль булаацалдаад нүүр рүү нулимахаар нь би машиныг зогсооход түлхүүр татаж хугалаад дахин нүүр рүү нулимахаар нь би гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг зэргээр Ц.Б нь автомашиныг зогсоосны дараа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч  Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хамаарахгүй байна.

Мөн хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхээр баримт байхгүй бөгөөд шүүхээс ямар нотлох баримт нь эргэлзээтэй талаар дүгнээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг барьсан ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан байхад шүүх “ Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байна” гэж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “ Ц.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж шийдвэрлэв гэсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь өөр хоорондоо зөрчилдөж байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд цагаатгах тогтоол нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Намайг согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан эрүүл саруул архи уугаагүй  Ц.Б, Д.Б нар үгсэн худал мэдүүлэг өгсөн. Миний бие машины рулийг булаацалдаагүй, агсам согтуу тавиагүй, харин тээрэмд оруулах чулуу байгаагүй учраас мөнгө өгнө гэж худлаа ярьж энд авчирлаа гээд намайг зодсон.

Хэрвээ би машины руль булаацалдсан байлаа гэж бодоход хоёрын хоёр насанд хүрсэн, эрүүл ухаантай хүмүүс намайг зодож цохиж, машинаас буулгаж, чирж, толгой тархи руу өшиглөж, эрүүл мэндэд минь хохирол учруулахгүйгээр ямар нэгэн арга хэмжээ авч болох байсан гэж бодож байна. Одоогоор байнгын толгой тархи өвдөж, өөрт маш их зовиуртай байгаа. Миний бие нь иргэн хүнийхээ хувьд хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарч байна. Учир нь: Шүүгч шийдвэрээ танилцуулахаас өмнө  Ц.Бын өмгөөлөгч ******* нь “хэрэг манай талд шийдэгдэнэ, шүүгч Д.Батцэнгэлийг зөвлөлдөх тасалгаандаа ороод удсан чинь өмгөөлөгч ******* “шүүгч одоо унтаж байгаа, хонх дуугарсаны дараа өө зүүдлээд хонхоо дарчихлаа” гэх мэт сонин зүйлүүд ярьж байхад би их гайхсан. Гэтэл өмгөөлөгч *******ын ярьж байснаар шүүхийн шийдвэр гарсан.

Энэ үед би эдгээр хүмүүс ярьж шийдвэрээ /урьдчилан/ гаргачихаад зөвлөлдөх өрөөндөө унтаж байгаад гарч ирж иргэн биднийг хуурдаг юм байна гэсэн ойлголт авсан. Иргэн миний хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж хохирол гомдолгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Цагаатгагдсан этгээд  Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Б миний бие 2017 оны 5 сарын 3-ны өдөр Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу ирэх замдаа иргэн Б.Бтэй маргалдаж, зүй бус харилцаа гаргаснаа ойлгож буруугаа хүлээж байна.

Тухайн өдөр гэрч болох Д.Б нь Цагаан цахир яваад өгөөч бензин тосыг нь хийе, эргэж ирээд хоосон байхгүй, 5 цаас өгнө гэхээр нь миний бие зөвшөөрч өөрийн эзэмшлийн 64-61 УБО улсын дугаартай “верна аксент” маркийн машинтай Батсайхан гэх айлд очсон. Намайг очиход Б, ******* гэх хоёр хүн нь архи уусан байдалтай байсан. Тэгээд дээр дурьдсан хүмүүсийн хамт Цагаан цахир уурхай явсан. Явах замд Б, ******* хоёр нь машины арын суудалд нэг шил архи гарган уусан. Бид явсаар очих газар нь хүртэл иргэн Б.Бийн авна гэсэн чулуу нь байхгүй байсан учир бид эргэсэн. Буцаж ирэх замд Б.Б нь дэргэдээ явсан ******* руу чи миний халаасанд байсан 2100 төгрөгийг хулгайллаа гэх шалтгаанаар дайрч эхэлсэн. Харин ******* нь унтаад өгөхөөр нь Б.Б чи согтуу байна, би машин барина хэмээн машины руль булаацалдаж замаас гаргасан. Тэр үед миний дэргэд сууж явсан Батсайхан нь Бийг хорьж, арын суудал руу 2-3 удаа түлхэж суулгасан боловч Б.Б нь улам агсагнаж, миний өмсөж явсан дээлний энгэрийг зулгаан урж, машины кундакторт байсан түлхүүрээс татан хугалсан. Тэр үед би машинаа зогсоож, болиулах гээд эргээд хартал Б.Б нь миний нүүр рүү нулимсанд миний уур хүрч духан хэсэг рүү нь 2-3 удаа цохисон нь үнэн болно.

Тухайн үед болсон асуудлыг гэмт хэрэг гэхээс илүүтэй согтуу хүний болчимгүй үйлдлээс гарч болох осол аваар, хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох байсан хохирлыг таслан зогсоосон гэж үзэж байна.

Тухайн үед Б.Бийн гаргасан үйлдлийг өөрөөр зогсоох арга байгаагүй нь үнэн. Тийм учраас миний бие Б.Бийн гаргасан болчимгүй үйлдлээс шалтгаалан надад гарсан хохирлыг зохих хэмжээнд барагдуулахыг хүсч байна.

1. Сарын 1.500.000 төгрөгийн цалинтай алтны уурхай болон ажлаасаа халагдсан

одоо ажилгүй байгаа.

2. Өмгөөлөгчийн хөлс

3. Цааш нааш явах унаа машины зардал, цаг хугацаа болон сэтгэл санааны хохирол

гэх мэтчилэн хохирлоо төлүүлэхийг хүсэж байгаа учир миний энэхүү асуудлыг хуулийн дагуу зөв зүйтэй шийдэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүх шүүгдэгч  Ц.Быг гурван үндэслэлээр цагаатгасан нь үндэслэлгүй болсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц.Быг цохьсон үйлдэл нь машин зогссоны дараа болсон байдаг, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Цагаатгагдсан этгээд  Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хохирогчийн ярьж байгаа шиг зүйл болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд  Ц.Бын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр гарсан байдаг тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Тус хэрэгт прокуророос үйлдсэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тухайн хэрэгт хохирогчоор Авга овогт Балжиннямын Бийг тогтоон мэдүүлэг авч, Б.Бийн биед учирсан гэмтлийн талаар Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 214 дүгээр шинжээчийн дүгнэлт гарчээ. /хх-ийн 14-17, 28-р тал/

Гэтэл Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 72 тоот яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “... Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу автомашинаар ирж явах замдаа *******тэй маргалдаж автомашины жолоо булаацалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... Ц.Б нь үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай...” гэсэн нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу прокурорын яллах дүгнэлт бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар улсын яллагч *******гийн эсэргүүцэл, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн

1.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Ц.Бд холбогдох эрүүгийн 201705000160 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол  Ц.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

       ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                       В.ЦЭЦЭНБИЛЭГ