Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2078

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01151 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Автомашины лизингийн гэрээний үүрэгт 11 357 290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тайлбарт: ХХ нь 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр авто машины лизингийн гэрээ байгуулан 3 700 000 төгрөг нэг сарын 3,65 хувийн урамшуулалт болон 4 хувийн үндсэн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл зээлж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ХХ нь 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөх хугацааг нэг хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн болон төлөгдөх зээлийн хуваарийн дагуу төлж чадаагүй тул тухайн сарын хүүг 4 хувиар тооцож 6 455 630 төгрөг, үндсэн зээлийн 3 610 530 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 1 291 130 төгрөг, нийт 11 357 290 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч ХХос гаргуулан өгнө үү. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж ойлгож байгаа бол 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ХХ "Х" ХХК-нд зээлийн төлөлт 3 удаа хийсэн байдаг. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ хийсэн үндэслэл байхгүй. "Х" ХХК нь ХХос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэгт үндсэн зээл 3 610 530 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1341 хоногийн хүүг 1 хоногт 4814 төгрөгөөр тооцоод 6 455 630 төгрөгийн хүү, 1 291 130 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 11 357 290 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдлыг илт мушгин гуйвуулж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Анхнаасаа ингэж тохироогүй. Мөнгө авахад машиныг чинь авна гэсэн. Машинаа шилжүүлээд өгчихсөн. Намайг төлөх боломжгүй гэдгийг мэдэж байсан тул машиныг аваад тооцоо дуусахаар болсон. Машины өмчлөл одоо тухайн хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байгаа. Саяхан биднийг уг машиныг олоод өгчих тэгээд л болоо гээд байснаа одоо болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би төлбөртөө авчихсан гэж ойлгож байсан. Өөрийн хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байгаа машиныг хууль бус эзэмшигчээс нь гаргуулахын оронд одоо их хэмжээний мөнгө нэхэмжилж намайг хохироож байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн талаар ингэж тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй. Би өөрийн нөхрөөс машиныг лизингээр авах боломжгүй. Бид тухайн хадгаламж зээлийн хоршооны хүмүүст хууртагдсан байна. Гэрээ хийхдээ автомашинаа худалдаж байна гэж бодож худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тухайн хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13.6-д заасан заалтыг зөрчсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч талын хэлж байгаа тайлбар, тухайн гэрээг харахаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж явж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй гээд ирэхээр нэхэмжлэгч тал санхүүгийн түрээсийн гэрээгээр тайлбарлаж болохгүй гэж үзээд байна. Тийм болохоор тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөөгүй байгаа ба албан ёсоор хэргийн материалд байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг удирдлага болгон хариуцагч ХХос зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу 11 357 290 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 11 357 218 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХос 196 665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдал болон талуудаас гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт хууль зүйн хувьд дүгнэлт өгч, талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хууль зүйн хүрээнд үнэн зөвөөр дүгнээгүйн улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироосон шийдвэрийг гаргасан. Тухайлбал:

1. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд автомашин лизингийн гэрээ байгуулагдсан байдаг. Хариуцагч ХХд уг гэрээгээр “машиныг нь худалдан авч байна. Мөнгийг чинь өглөө одоо нэрээ шилжүүлээд өгчих” гээд машины нэрийг шилжүүлж аваад мөнгийг өгсөн. Хариуцагч тухайн үед машинаа худалдчихлаа гэж ойлгосон байдаг. Хадгаламж зээлийн хоршоо нь "Автомашины лизингийн гэрээ" гэж байгуулсан бөгөөд ийнхүү санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй байсан гэдэг нь хэргийн материалд байгаа Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Хадгаламж, Зээлийн хоршооны тухай хуулийн 13.4, 13.5, 13.6-д хуулиар хориглосон, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ байсан ч Иргэний хуулийн 317.1-д заасны дагуу зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байсан. Ийм учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх боломжгүй юм. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан "... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" байхад, мөн уг хэлцлийг хийгдээгүй байна гэж дүгнэсэн мөртлөө зээлийн гэрээ гэж үзээд, хийгдээгүй бас хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тусгагдсан нөхцлийг "Зээлийн гэрээ"-нд тусгагдсан хүчин төгөлдөр нөхцөл мэт дүгнээд төлбөр гаргуулж байгаа нь хууль буруу хэрэглэж байна.

2. Анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй.

2.1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.1-д "Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгоно", 20.1-д "Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ", 21.3-д "Тухайн хадгаламж зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ", Х ХЗХ-ны дүрмийн 10.1-д "Хоршооны гишүүд нь Хоршооны тухай хуулийн 11.2.2-т заасны дагуу хоршоог үүсгэн байгуулагч гишүүдийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүс болон энэхүү дүрмийн 11-д заасны дагуу хоршоонд элссэн хүмүүс байна", 11.2-д "Хоршоонд элсэхийг хүссэн тухай өргөдлөө хоршооны Тэргүүлэгчдэд бичгээр гаргана", 11.3-д "Гишүүнээр элсэх өргөдлийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." 11.4-д "Тэргүүлэгчид нь гишүүнээр элсэхийг хүссэн өргөдөл, түүнийг гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ", 20.1.2-д "Гишүүн бус этгээдэд зээл олгохгүй", 35.11-д "Тэргүүлэгчид хоршооны гишүүдийн бүртгэл хөтөлнө" гэж заасан байх ба Х ХЗХ-д ХХ гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн тэмдэглэл болон гишүүнээр элсүүлэх тухай шийдвэрлээгүй. Мөн Х ХЗХ-ны гишүүний бүртгэлд байхгүй.

2.2. ХХтой зээлийн хорооноос зээлийн гэрээ байгуулсан нотлох баримт байхгүй. Хариуцагчийн зүгээс зээл хүссэн өргөдлийг зээлийн хороонд гаргаж байгаагүй.

2.3. Хэрэв хариуцагч ХХд зээл авах хүсэл зориг байсан бол зээл хүссэн өргөдөл гаргах байсан. Хариуцагч нь зээл хүссэн өргөдлийг Х ХЗХ-д гаргаж байгаагүй.

3. Тухайн үеийн бодит нөхцлийг мэдэж байгаа ХХ-ын гаргасан тайлбар болон Х ХЗХ-ны дарга ХХХХХ нь худалдах, худалдан авах гэрээ гэж хэлж байсныг шүүх хуралдааны явцад хэлсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр зээлийн гэрээ гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүгчийг асуухаар Автомашин лизингийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардаж байна гэж хариулаад өөрсдөө тайлбар хэлэх болохоор зээлийн гэрээ гэж хэлээд өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг харвал нэхэмжлэлийн үндэслэлээ ямар гэрээ болохыг ч тодорхойлж чаддаггүй. Уг гэрээг зээлийн гэрээ эсвэл автомашин лизингийн гэрээ гэж үзэх боломжгүй.

Худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж 45-12 УБК condor маркийн автомашиныг өөрсдийн эзэмшилд байхгүй гэж тайлбарлаж байгаа ба уг машиныг хаана байгааг олж тогтоох мөн үнэлэх ажиллагаа хийгдээгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01151 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу харилцан солилцон зүйлийг буцааж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК нь хариуцагч ХХд холбогдуулан автомашины лизингийн гэрээний үүрэгт 11 357 290 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

"Х" ХХК нь ХХд 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 01/59 дугаартай гэрээгээр 24 сарын хугацаатай, сард 4 хувийн үндсэн хүүтэй,  3.65 хувийн урамшуулалт хүүтэй, зээл төлөх хуваарийг тасалдуулсан тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон 3 700 000 төгрөг зээлдүүлсэн байх бөгөөд шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч ХХ гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 3 610 530 төгрөг, хүүд 6 455 630 төгрөг, нийт 10 066 160 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дууссан тул гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй "Х" ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

 

Талууд гэрээг автомашины лизингийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулга нь хэргийн оролцогчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээний шинжийг илэрхийлэхгүй байх ба шүүх гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн тайлбарласан байна.

 

Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч "Х" ХХК-д олгогдоогүй нь хэргийн 48-р талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр тогтоогдсон, санхүүгийн түрээсийн гэрээний гол нөхцөл болох түрээслүүлэгч гэрээний хугацаанд түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл талуудын хооронд байгуулсан гэрээгээр хангагдаагүй, худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч "Х" ХХК, хариуцагч ХХ нар байгуулсан гэх баримтгүй, маргаан бүхий автомашины эзэмшил нэхэмжлэгчийн эзэмшилд биш иргэн ХХХХХын эзэмшилд шилжсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэж  хариуцагч ХХос үндсэн зээл 3 610 530 төгрөг, хүүд 6 455 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 191 114 төгрөг нийт 11 357 218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 ШҮҮГЧИД                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            А.МӨНХЗУЛ