| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0141/Э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Г. |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 200
2020 02 03 2020/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч Б.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт Б.ийн О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06574 2745 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1964 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Б.ийн О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О. нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын гаднаас 02-80 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Уянгын эзэмшлийн LG маркийн гар утас 1 ширхэг, Huawei Honor smart маркийн гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Уянгын өгсөн: “...нөхөр Батхүүгийн хамт 08-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж давс худалдсан... 18:00 цагийн орчимд “Баянзүрх” захын урд талын дэлгүүрт нэг шуудай давс оруулах гэж тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр биет 1.380.000 төгрөг, LG маркийн гар утас 1 ширхэг, Huawei P smart нэртэй утас 1 ширхэгийг үлдээгээд 3 настай, 8 настай хүүхэд үлдсэн... Манай 8 настай хүүхэд орж ирээд “ээж ээ, машин дотор байсан 2 ширхэг гар утсыг эрэгтэй, эмэгтэй 2 хүн аваад явсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч Г.Мөнхжаргалын өгсөн: “...тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаад чимээгүй байж байхад нэг эмэгтэй хүн ирээд арын багажны хаалга онгойлгож үзээд, “биш байна” гээд хаалга хаасан. ...Тэгээд урд талын хаалга онгойлгоод ээжийн суудаг суудал дээр байсан 2 ширхэг гар утсыг авсан... Намайг зодоогүй, зүгээр хурууны үзүүрээр дух руу түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Г.Солонгын өгсөн: “...манай нийтийн байранд галч хийдэг Б.О. “2 ширхэг гар утас олсон” гэж хэлээд зарсан... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү Анхбаярын сургууль дээр цагдаа очоод хүүхэдтэй цуг манай гэрт ирсэн... Тэгээд тухайн үед 2 ширхэг гар утас Б.О. гэх хүнээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-33/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
Яллагдагч Б.О.ийн өгсөн: “...”Баянзүрх” захаас гараад явж байхад нэг автомашины хаалга онгорхой байсан...”хурдан яв” гээд нөхөр яваад өгсөн... Тэгээд хажуу буланд байсан автомашины жолоочийн эсрэг талын суудал дээр байсан гар утсыг авахад 2 ширхэг утас байсан... хэд хоногийн дараа Г.Солонгод олсон гэж хэлээд 150.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.О. нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын гаднаас 02-80 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Уянгын эзэмшлийн LG маркийн гар утас 1 ширхэг, Huawei Honor smart маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Уянгын мэдүүлэг, гэрч Г.Мөнхжаргал, Г.Солонго нарын мэдүүлэг, Б.О.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О.ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.Уянга хэргийн материалтай танилцахдаа гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, мөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр 2 ширхэг гар утсыг нь хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.О.ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 34, 83 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Б.О. нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 65 дугаар тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б. овогт Б.ийн О.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О.т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.О.т тайлбарласугай.
4. Шүүгдэгч Б.О. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА