| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0147/э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 155
2020 02 14 2020/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: Г.Ганбагана,
Шүүгдэгч Ч.Ба (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чангас овогт Чулуунхүүгийн Бадамгаравт холбогдох эрүүгийн 1909043270155 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Цэнхэр одны гялбаа ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 1, Увс аймгийн Өмнөговь сум 3-р баг, Орлого гэх газар оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 12 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Чангас овогт Чулу Б /РД: ОЙ 95101804/,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 121 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Ба нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Э.Оюунтуяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар уруул, эрүү, дух, цээж, баруун бугалгад цус хуралт, шалбаралт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1909043270155 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Оюунтуяагийн “...2019 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчим би найз Ариунзаяагийн хамт Холливүүд бааранд орсон. Ороод нэг цаг орчмын дараа Ариунзаяа гэр лүүгээ түлхүүр өгөхөөр явсан. Энэ хооронд манай ширээнд танихгүй нэг охин суулгасан. Тэр охин шатаар буухдаа зөрсөн нэг охиныг шүргэсэн чинь тэр охидууд нөгөө охиныг цохиод байхаар нь би болиоч ээ гэсэн чинь үгийн зөрүүгүй нэг охин намайг үсдээд толгой болон биеийн баруун талаас нилээн хэд өшиглөж энэ гэмтлийг учруулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч Ү. Маналжавын “....хохирогч гээд байгаа охины хажууд сууж байсан охин үсэрч бүжиглээд хажуугаар нь зөрөхдөө үсээрээ шүргээд байсан. Тэгж байгаад шатаар бууж байхад урд хохирогч гээд байгаа охиныг Бадамгарав үсдсэн. Тэгээд хамгаалагч ирээд салгасан. Би салаад шатны дээд талд зогсож байхад хохирогч гээд байгаа охин ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. ...Бадамгарав дахиад тэр охиныг үсдсэн...гол зодсон хүн нь Бадамгарав, үсдсэн, мөн өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Н. Эрдэнэдэлгэрийн ” Би эхнэр Цэвээндарийг авах гээд очсон чинь Бадамгарав нэг эмэгтэйг үсдсэн хэрэлдээд байсан. Би бодохдоо Бадамгарав хүнтэй зодолдсон юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас /
Гэрч Д. Цэвээндарийн: “ ..хохирогч гээд байгаа охины хажууд сууж байсан охин үсэрч бүжиглээд хажуугаар зөрөхдөө хөлөн дээр гишгээд мөрлөөд байсан. Тэгээд байж байтал нэг мэдсэн чинь Маналжав тэр хохирогч гээд байгаа охинтой үсдэлцээд өшиглөж байсан. Тэгээд салгаад би нөгөө найзаас нь уучлалт гуйгаад гарах гээд шатаар бууж байтал Бадамгарав тэр охиныг гараад ир гээд байсан. Тэгээд үүдэнд тэр охиныг үсдээд нүүр ам руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн №13986 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Э.Оюунтуяагийн биед тархи доргилт, хамар уруул, эрүү, дух, цээж, баруун бугалганд цус хуралт, шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/
Хохиролын мөнгө төлсөн баримт / хх-ийн 71 дүгээр хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ба нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн орчим ажлаа тараад бид нар Холливүүд бааранд орсон. Ороод нэг нэг шил пиво аваад бүжгийн талбайд бүжиглэсэн. Хохирогч гээд байгаа охины хажууд сууж байсан охин шатан дээр Цэвээндарийг мөрлөсөн гэж Цэвээндарь надад хэлэхээр нь согтуу байна зүгээр орхи гэж хэлсэн. Тэгж байтал тэр охин намайг түлхэхээр нь би буцаагаад түлхсэн чинь хамгаалагч салгасан....би тэр охинтой харилцан үсдэлцсэн, үсдэлцэж байхдаа гараараа нүр амыг нь цохисон байж магадгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ба нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Э.Оюунтуяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар уруул, эрүү, дух, цээж, баруун бугалгад цус хуралт, шалбаралт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Оюунтуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13986 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Баын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ч. Бадамгаравыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Баыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-46 хуудас/, хохирогч Э. Оюунтуяад хохирол төлж барагдуулсан /хх-ийн 71дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд Ч.Бат хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ба нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Ба нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Э.Оюунтуяад хохиролын мөнгө 164.700 / нэг зуун жаран мянга долоон зуун/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 71 хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чангас овогт Чу Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ч.Ба нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН