| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0014/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Жд холбогдох 1916003590001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ... оршин суух, .. регистрийн дугаартай, З овогт М-н Ж гэв.
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нүхт гэх газраас хохирогч А.Гын хээр халтар зүсмийн, баруун талын гуян дээрээ зөв эргэсэн хас тамгатай нас гүйцсэн гүү болох 1 тооны адууг хулгайлан хохирогч А.Гт 900.000 төгрөгний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нүхт гэх газраас хохирогч А.Гын хээр халтар зүсмийн, баруун талын гуян дээрээ зөв эргэсэн хас тамгатай нас гүйцсэн 1 тооны гүүг хулгайлан хохирогч А.Гт 900.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Ж гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “А.Гын адууг бэлчээрт байхад нь мотоциклиор тууж хашаад орой Д гэдэг хүнтэй очиж авсан. Өглөө нь Б гэдэг хүнд өгч наашаа явуулсан. Б-с мотоцикль авсан байсан учраас мотоциклийнхоо үлдсэн өрөндөө өгсөн. 1 тооны адуу авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ногоо ургахаар унагатай гүү авна гэсэн. Одоогоор хохирлоо төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг тэнсэж өгнө үү? ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны үед адуугаа харахад манай адуу Нүхтийн дээд сайрт байсан. Дурандаж харахад 12 тооны адуу байсан. Нэг адуу дутсан. Уг нь тоогоороо 13 тооны адуу байдаг юм. Тэгээд адуун дээрээ яваад очсон чинь хээр халтар зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү алга байсан. Энэ жил сувай тарган гүү байсан. Би алга болсон гүйгээ хайгаад Нүхтийн хашаан дээр очиход адуу хашсан бололтой шинэхэн мөр байсан. Бас машины мөр байсан...” гэсэн мэдүүлэг /хх18-рт/,
Гэрч Г.М-н мөрдөн байцалтад өгсөн: “...манай аавын адуу байгаа юм. Алга болсон гүү 2019 оны 11 дүгээр сарын 01-нд адуугаа эргэхэд адуунд байсан хээр халтар зүсмийн буруу талын ташаан дээрээ зөв эргэсэн хас тамгатай сувай гүү алга болсон байсан. Гүйлгээд харахад хээр халтар гүү алга болсон байсан гэж манай аав хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх27-28-рт/,
Гэрч Т.Д-н мөрдөн байцалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүл үед л байсан шиг санагдаж байна. Өдрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байсан чинь Ж 98947511 гэсэн утсаар яриад өвөлжөөн дээрээс нэг гүү авч ирж хүнд өгөх гэсэн юм. Хөтлөөд ирэх гэсэн чинь оройтчихоод болдоггүй. Та яваад өгөөч. Танаас өөр гуйх хүн байдаггүй гээд гуйгаад байхаар нь хаана юм гэсэн чинь Мянгайн дээд манай өвөлжөөн дээр гэсэн. Би хадам ах болдог Ганзориг гэх хүний пронтер маркийн машиныг унаж байсан юм. Тэр машинаар явсан юм. ...хашаатай адуунаас хээр зүсмийн нэг гүү барьж аваад машинд ачсан. Тэгээд сумын төв дээр ирээд сургуулийн урд талд өөрийнхөө хашааны гадаа Ж адуугаа буулгаж үлдээсэн. Би ч гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх29-30-рт/,
Гэрч Ё.Б-н мөрдөн байцалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. миний өөрийн эзэмшлийн Даюн 150 маркийн цэнхэр өнгөтэй мотоциклийг аймгийн төв дээр М.Ж нь өөрөө ирж авсан бөгөөд 1.700.000 төгрөгөөр худалдан авсан. 2019 оны 10 дугаар сард багтаагаад надад 300.000, 500.000 төгрөгийг тус тусад нь миний 5323008768 дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдсэн үнэд нь бүдүүн морь өгнө гэж байсан. Тэгээд 11 сард хээр зүсмийн 1 тооны адуу өгсөн. Тухайн адууг 800.000 төгрөгөөр бодож авсан. Одоо 100.000 төгрөгний авалтай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх32-33-рт/,
Гэрч Ё.Б-н мөрдөн байцалтад гэрчээр дахин мэдүүлсэн: “...М.Жтай төлбөр тооцоо дууссан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх35-рт/,
Гэрч С.А-н мөрдөн байцалтад өгсөн: “...М.Ж нь Бигэр сумын төвд хашаанаасаа ачуулсан. Б нь М.Жаас мотоциколийнхоо өрөнд авч байгаа юм гэж хэлээд авсан. Миний ачсан гүү хээр зүсмийн аль ташаан толгойн дээрээ байсныг нь санахгүй байна. Ташаан дээрээ хас тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх36-рт/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцалтад өгсөн: “...Би хөдөөнөөс ирээд сумын төвөөс бинзен авахаар ирчихсэн байсан. Тухайн үед манай гэрийн түлхүүр Жийнд байсан юм. Тэгээд би гэрийн түлхүүр авахаар очиход Ж нь хөдөө явж адуу ачаад ирье гэж хэлсэн. Тэгээд би хамт яваад адууг нь ачиж ирсэн. Мянгайн дээд талд Нүхт гэх газраас 1 тооны хээр зүсминй адуу ачсан. Тухайн үед тамгыг нь би сайн анзаарч хараагүй. Ямар учиртай адуу ачиж байгаа талаар Ж надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх41-рт/ болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Жийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүх хавтаст хэргийн 21 дүгээр хуудсан дахь хохирогч А.Гын хохирогчоор 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...миний хохирлыг барагдуулаагүй, манайд нагац ах нь ирж уулзаад явсан...” гэж мэдүүлсэн байхад 95 дугаар хуудсан дахь хохирогч А.Гын “Миний бие А.Г 2019.10 сарын сүүлчээр хээр зүсмийн, хас тамгатай гүү алдсан. Ж нь 2020 оны 06 дугаар сард унагатай гүү өгнө гэж хэлсэн. Тухайн үед ээж, аавтайгаа хамт ирсэн. Иймд одоо ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт гаргасныг шүүгдэгч М.Жыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүх дээрх үндэслэлээр хохирогч А.Гт хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн учир “...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Иймд хохирогч А.Гт учирсан хохирлын 900.000 төгрөгийг шүүгдэгч М.Жаас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун 150 маркийн улсын дугааргүй 1.387.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж, мотоциклийн үнийн 1.387.000 төгрөгнөөс Иргэний хуульд зааснаар гаргуулах 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гт олгож, үлдэх 487.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Ё.Б-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн М-н Жийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаас 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун 150 маркийн улсын дугааргүй 1.387.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж, мотоциклийн үнийн 1.387.000 төгрөгнөөс Иргэний хуульд зааснаар гаргуулах 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гт олгож, үлдэх 487.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, М.Жийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Ё.Б-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА