Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 16

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  яллагдагч  Э.Ст холбогдох 2016000290006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ..., эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Т овогт Э-н С гэв.

   Шүүгдэгч Э.С нь 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд  шилжих шөнө 01 цагийн үед ... сумын төвд өөрийнхөө гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн голомт татаж унагалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан П.Ныг цохисны улмаас толгойн ар хэсгээр модон дээр унаж дагзны төвгөрийн зүүн тал болон толгойн оройн зүүн талд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд  шилжих шөнө 01 цагийн үед ... сумын төвд байх өөрийнхөө гэрт гэрийн голомт татаж унагалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан П.Ныг цохисны улмаас хохирогч П.Н нь зуухны доод талын мод руу унаж, түүний биед дагзны төвгөрийн зүүн тал болон толгойн оройн зүүн талд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.С гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Э.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...01 дүгээр сарын 13-ны орой 8-9 цагийн үед гэртээ 2, 3 найзтайгаа сууж байсан. Ажлаасаа амарч ирээд удаагүй байсан болохоор манай найзууд ирсэн. Би эхнэртэйгээ гарч 0,75 граммтай архи авч ширээ засах чихэр жимс авч ирэхэд хашаан дотор танихгүй согтуу хүн байхаар нь нөгөө хүмүүсээс хэн юм гэж асуухад мэдэхгүй гэсэн. Архи уугаад хөзөр тоглож байхад П.Н согтуу орж ирэхээр нь чи харьж амар гэхэд яваагүй. Хэсэг хугацааны дараа тэр хэд соёлын төв рүү яваад буцаад ирсэн. Би гэртээ байсан. Тэгээд гаднаас П, Н 2 эргэж орж ирсэн. Орж ирэхдээ дэлгүүрээс 3 шил архи гаргаж ирсэн. Тэрийг би сайн хараагүй, надад 0,75 граммтай Ерөөл нэртэй архи өгсөн. Тэрийг авч бурхан дээр тавьсан. Өөрөө нэг 0,5 граммтай архи задалж тойруулсан. Төд удалгүй нэлээд согтоод хүн, хүнтэй муудалцаад байхаар нь дахиж гаргаад ахын дүү харьж амар гээд 2-3 удаа гаргаад яваагүй. Пг энэ хүнийг гэрт нь хүргээд өг гэхэд машины сэнсний ремэн тасарсан байна. Засчихаад хүргээд өгье гэхээр нь гадаа тамхи татангаа ахын дүү хариарай гэж хэлээд машинд оруулж суулгаад хашааны хаалга уячихаад буцаж гэртээ ороод гаргаж явуулсан. Тэгтэл буцаад орж ирсэн. Тэгэхээр нь манайд унтаж амраад өглөө яв гэсэн. Гэр доторх хүмүүстэй юм яриад сууж байхад яндан зуух пижгэнээд хүүхэд унтаж байсан орон дээр унасан. Чи яагаад ахынхаа голомтыг татдаг юм гэж хэлээд цээжин хэсэг рүү цохиход зуухны доод талын мод руу унаж толгойгоо хагалсан. Толгой хагарсныг би мэдээгүй. Хэн нь авч гарсныг мэдэхгүй байна. Эргэж орж ирэхдээ толгой хагалсан байна гэж орж ирсэн. Манай эхнэр, Б хоёр толгойг нь хүйтэн усаар угаасан. Тэр үед цагдаа дуудаад өгье гэхэд өөрөө яваагүй. Миний буруу, П.Ныг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Санаатайгаар тийм зүйл хийгээгүй. П.Нт хохиролд 100.000 төгрөг төлсөн. Торгуулийн хамгийн доод  хэмжээгээр торгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг,  

    Хохирогч П.Нын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Б, А 2-ыг дагаад гэрт орсон. Гэрт ороод Атай хэрэлдсэн. А Сын гэрийн зүүн орон дээр сууж байгаад над руу нэг юм шидсэн. Тэр нь аяга байх шиг байсан. Тэгээд Атай хэрэлдээд удаагүй байтал А тэгвэл гаръя пизда минь гээд миний шилэн хүзүүн дээрээс өмсөж явсан хувцасны захнаас хойш нь татсан. Хойшоо унахдаа би 2 гараа алдлаад гэрийн яндан, багана хоёрын дунд зогсож байсан учир унахдаа яндангаас нь зуураад тэр айлын зуухыг нь татаад унагаасан. Тэгтэл С гэрийн зүүн хойноос босож ирээд 2 пизда минь гэрийн голомт унагалаа гэж уурлаж босож ирээд миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгтэл С, Б, Д 3 боль гэсэн. ...Амараа миний зүүн гар талаас барьчихсан байсан шиг санагдаж байна. буцаагаад Сын гэрт наадах чинь толгой нь хагарчихаж гэсээр гэрт намайг оруулж ирсэн. Ороод толгой хагарсан гэдгээ мэдсэн. Маргааш нь эмнэлэг орж толгойдоо оёо тавиулсан... Сын гадаа А, С нартай хэрэлдээд гарахад Б зүүн мөрний доод талд баруун гараараа нэг удаа цохисон. Бас зүүн нүд рүү нэг удаа цохисон. Гэрт ороод байж

байхад А над руу уурлаад аяга шидсэн тэр аяга намайг оноогүй. А намайг Сын гэрээс гаргах гээд шилэн хүзүүнээс хойш нь татахад би гараа алдлаад унахдаа гэрийн яндангаас татаад зуухны хойшоо унасан. Унаад босож ирэхэд С уурлаад 2 пизда голомт самарлаа гэж хэлээд намаг баруун гараараа цээж орчимд нэг удаа цохиход би хойшоо савж унасан. Тэгэхдээ зуухны доор тавьдаг модыг дагж хэсгээрээ төргөж унаад толгойгоо хагалсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх34-35-рт/,

    Гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Атай мууцалдаад эхэлсэн. Дараа нь Стай мууцалдаад эхэлсэн. Гэтэл А за одоо очиж амар гэж мөрөн дээрээс нь таттал хойшоо унасан. Унахдаа янданг зуухтай нь цуг татаад унагачихсан. Гэрийн шалан дээр галын цог болоод сандраад тэрийг бүгд хамсан. Түймэр дэгдэх шахсан. Тэгээд цог хамчихаад эргээд хартал С Ныг цохиод Н газар унахдаа зуухны доод талд тавьдаг модыг толгойгоороо мөргөж унаад толгойн дагз хэсэгтээ хагарсан байсан. Ныг архи уухаараа тавьтаргүй болохоор тэнд сууж байсан хүмүүс түүнийг гэр рүү нь явуулах сонирхолтой байсан. Би зүүн нүд рүү нь цохиогүй. Зүүн мөр рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх40-рт/,

    Гэрч Д.Дын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н өмнөөс уйлаад ирсэн. Тэгээд надад хэлэхдээ найз нь сумдаа ирлээ. Намайг гэх хүн үгүй байна. Яахаараа намайг зоддог юм гээд энэ тэр юм яриад байсан. Би түүнээс хэн чамайг зодсон юм гэтэл мэдэхгүй гэсэн. Тэгээд эргээд гэрт ортол гэрийн яндан уначихсан байсан. Юу болсон талаар асуутал зуух татаад унагачихлаа гэсэн. Та нар хүүхэд зодсон юм уу гэтэл зодоогүй наадах чинь агсам тавиад байна гээд С, Б 2 хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх42-рт/,

    Гэрч Б.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...С толгойг нь хагалсан. Болдоггүй борыг цохиод унагасан. Унахдаа хойшоо савж унасан. Тэгэхдээ толгой нь хагарсан. Болдоггүй борыг гэрээс авч гарахад толгой хагарсан эсэх нь мэдэгдээгүй боловч машинд аваачаад явуулах гээд суулгахад Болдоггүй бор машин дотор оронгуутаа миний толгой хагарчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад очъё гэсэн боловч өөрөө яваагүй. Тэгээд гэрт оруулж цус гарсан эсэхийг нь хартал толгойнх нь зүүн хойд хэсгээс бага зэрэг цус урсаж байсан түүнийг нь Пөлдөгөө, Сын эхнэр 2 угааж өгч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх49-рт/,

    Хохирогч П.Нын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 39 дугаартай акт /хх54-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

    Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

    Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

    Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

     2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

     Шүүгдэгч Э.Ст ял оногдуулахдаа хохирогч П.Нын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Энэхүү учруулсан хохиролд Э.С нь 100.000 төгрөг өгсөн. Одоогоор миний биед ямар нэгэн гэмтэл, шарх, зовиур байхгүй тул Э.Ст гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг харгалзан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

    Шүүхээс шүүгдэгч Э.Сыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч П.Нт 100.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.С нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Э-н Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ст танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч П.Нт 100.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА