Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга М.Даваажаргал,  улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч А.Төлөөгөн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* ******* овогт ******* *******д  холбогдох эрүүгийн 1936003060258 дугаартай, 178/2020/0025/Э/ индекстэй хэргийг 2020 оны 01 сарын 20- ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1981 оны 07 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ард казак, боловсролгүй, төмрийн дархан мэргэжилтэй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа хөрөнгөгүй,Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Шар цэхээ багт оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян-өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багаас хохирогч Н.******* 1 тооны 7 настай, шулдан гал тамгатай морь хулгайлж, 850000 төгрөгний хохирол учруулж ,

- 2019 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Төлөөгөний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газарт байсан бэлчээрээс нь 7 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Төлөөгөнд 6000000 төгрөгний хохирол учруулж, мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан,

-2018 оны 11 дүгээр сард хохирогч Ж. эзэмшлийн улсын дугааргүй  цэнхэр өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хуурч авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  / ******* регистрийн дугаартай, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин / ******* овогт ******* ******* өгсөн ...Манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт намаржиж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01 - 02- нд шилжих шөнө миний өөрийн хонь хариулахдаа унадаг байсан 1 тооны морь алдагдсан. 11 сарын 01-ний орой хонинд явж ирээд морио гэрийнхээ гадна чөдөрлөөд тавьсан. Миний морь шулдан гал тамгатай, хүрэн зүсмийн, 7 настай морь байсан.Би цагдаад мэдэгдээд, мөрдөгчийн хамт хайж явахдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт А.Жанболат гэх залуугаас мориныхоо сургийг гаргасан.А.Жанболат ярихдаа ” 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 7 морь туугаад морь унасан нэг залуу ирээд цай уугаад явсан. Маргааш 10 цагийн үед адуугаа алдаад Хашаат гэх газраас явган туугаад ирж байхад нь би урдаас нь мориороо очиж тосож адууг нь хашаанд хашиж байгаад шулдан гал тамгатай хүрэн морийг барьж өгсөн” гэж хэлсэн. А.Жанболат тухайн адуу тууж явсан хүн гэрт нь ороод цай уух хооронд нь гараад адууных нь зургийг дарсан гээд надад зургийг үзүүлэхэд миний алдсан хүрэн морины зураг мөн байсан. Мөн манай нутгийн А.Төлөөгөн гэх хүний “33” гэсэн тоон тамгатай 7 адуу байсан. А.Төлөөгөн ах бидэнтэй хамт явсан ба зургийг хараад өөрийнхөө адууг таньсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/

Н.******* 2018 оны мал тооллогын баримт / хэргийн 12-13-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн ... 7 настай адуу 1 толгой-850000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 15-р хуудас/

Гэрч А.Жанболатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Адуунуудыг нь хашаанд хашиж байгаад шулдан гал тамгатай хүрэн морийг барьж өгсөн.Тэр хүн шөнө мөсөөр адуунуудаа гаргах гэж байгаад алдчихаад шөнө олж чадалгүй, одоо л олж байна гэж хэлсэн.Би тэр хүнээс ” та адуунуудаа нэг хүнээс авсан юм уу” гэж асуухад “ хэд хэдэн хүнээс авсан” гэж хэлсэн.Тэгэхэд нь би 8 адуунаас 7 адуу нь “ 33” гэсэн тоон тамгатай байхад яагаад олон хүнээс авсан гэж хэлж байгаа юм бол гэж сэжиглэсэн.  Би тэр хүнийг “ манайд цай ууж бай “гээд  гэрт  үлдээгээд  гарч адуунуудынх нь зургийг авсан.  А.Төлөөгөн, Н.Банзрагч, Эрдэнэбүрэн сумын хэсгийн төлөөлөгч нар хайгаад явж байхдаа надад гар утаснаасаа С.******* гэдэг хүний зургийг үзүүлсэн.Тухайн үзүүлсэн зурган дээр байсан хүн нь адуу туугаад явж байсан хүн мөн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/

Гэрч Х.Тавасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэг залуу 8 тооны адуу мөсөөр гаргах гэж байгаад алдчихлаа.Ховд аймгийн Буянт сумаас явсан гэж хэлсэн.8 тооны адуу харвал та эзэн болоод байж байгаарай гэж надад захиад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд...11-р сарын 3 гэсэн хэсэгт 7 кадр адууны зураг байх ба адуунуудыг 1,3,7-оор нь бөөнд нь урдаас нь хажуугаас нь авсан зургууд байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 28-30-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  / регистрийн дугаартай, 73 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт/ овогт өгсөн...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай талийгаач хүү “ ээж машиныг чинь зарлаа шүү” гэж надад хэлэхээр нь “яаж зарах гэж байгаа юм” гэхэд “ тугалтай 2 үхрээр зарлаа” гэсэн. Хүү маань 2019 оны 04 дүгээр сарын дундуур машины ослоор нас барсан. Би машин зарсан гэсэн хүнтэй нь холбогдоод “ машины оронд өгнө гэсэн 2 тугалтай үхрээ өгөөч “гэхэд “ удахгүй өгнө” гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй.Тэгэхээр нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг / хэргийн 90-91-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн ... эм үхэр 2 толгой-1400000 төгрөг, тугал 1 толгой-200000 төгрөг, нийт 1600000 төгрөг гэх дүгнэлт / хэргийн 81-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн ... Зил-130 машин -1 ширхэг-1500000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 85-р хуудас/

Н.Ганзоригийн 2019 оны 04 сарын 15-ны өдөр нас барсан тухай гэрчилгээ / хэргийн 92-р хуудас/

Гэрч А.Авдихадарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 дүгээр сард С.******* гэдэг хүн над дээр ирээд цэнхэр өнгийн Зил-130 машин авчирсэн. Баян-Өлгий аймаг руу явах гэсэн чинь хүрэхгүй юм шиг байна, та надад машинаа тулчих гэхээр нь би 14-79 ХОА улсын дугаартай Ексель маркийн машинаараа сольсон.С.*******  надаас авсан машинаараа Баян-Өлгий аймагт оччихсон байна гэж 2 хоногийн дараа ярьсан. Тэрнээс хойш  огт залгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 94-р хуудас/

Гэрч К.Айнурын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.******* 2 ширхэг Зил-130 машин, Уаз-469 машин, 2 ширхэг Фургон маркийн машинуудыг Увс, Ховд аймгаас авч ирж зарж байсан.Авч ирсэн машинууд нь ямар дугаартай, хэнд зарсан болохыг мэдэхгүй. Ховд аймгаас нэг хүн танай нөхөр С.******* надаас Зил-130 машин авч явсан гэж байнга залгаж байгаад одоо больсон... гэх мэдүүлэг / хэргийн 12—130-р хуудас/ зэрэг баримтаар,

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / ПО73042631 регистрийн дугаартай, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт хувиараа мал малладаг /  Ботахара нура овогт Авилхааны Төлөөгөний өгсөн...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газар байсан манай 7 тооны адуу 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө алга болсон. Тэгээд би 4 хоног хайгаад олохгүй болохоор цагдаад хандсан. Хаа болон гуяндаа дээшээ харсан хагас саран тамгатай, зөв талын гуяндаа мэнгэтэй хүрэн азарга, бусад 6 адуу нь “33” тооны тамгатай цагаан-1, хүрэн-4 хар хээр-1, улаан хээр-1, хоёр нь 5 нас хүрч байгаа, гурван бүдүүн морь 6 настай нэг хээр морь, азарга нь 6 настай байсан. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хонгор өлөн гэх газар хүн туугаад явж байна гэх сураг сонсоод сумынхаа хэсгийн төлөөлөгчийн хамт А.Жанболат гэх залуугийнд очиход хар куртиктай, хар малгайтай, бэлтгэлийн ноосон өмдтэй хүн шулдан гал тамгатай зайдан хүрэн морь унасан “33” тоон тамгатай 7 тооны адуу туугаад явж байсан талаар ярьсан. Мөрдөгч С.*******ы зургийг үзүүлэхэд А.Жанболат мөн байна гэж хэлсэн. Би одоо бүх адуугаа алдсан явган үнэхээр хэцүү байна. Ноднин 5 адуугаа алдсан олохгүй байгаа. Адуугаа хайхад маш их зардал гарсан. Энэ хүн хэргээ хүлээхгүй байхаар нь машин хөлслөөд, гэрч нартай нь уулзлаа, адууныхаа зургийг үзлээ, энэ хүний ээж дээр нь очоод миний адууг өгөөч гээд залбирч гуйлаа. Адуугаа 6 сая төгрөгөөр үнэлснийг зөвшөөрсөн. Миний азарга хурдан удмын, үнэтэй азарга байсан. Өнөөдөр хүүхдүүд унааны морьгүй явган уйлаад гүйж байна. Би маш яаралтай хохирлоо авмаар байна. Маш их гомдолтой байна . .. гэх мэдүүлэг / хэргийн 160-161-р хуудас/

Хохирогч А.Төлөөгөний 2018 онд мал тоолуулсан тооллогын бүртгэлийн баримт / хэргийн 163-164-р хуудас/

Гэрч Н.Солтанбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Айлд хонож байгаад адуугаа алдчихлаа, миний 8 тооны адуу энэ уулын хажууд байна, намайг адуун дээр хүргээд өг гэхээр нь би мотоциклиороо адуун дээр нь хүргэж өгчихөөд явсан... гэх мэдүүлэг / хэргийн 176-177-р хуудас/

Гэрч И.Лизагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Шөнө манайд нэг хүн ирсэн, би босож хараагүй. Маргааш өглөө нь манай хүүгийн хамт 8 адуу туусан хүн ирээд манай хашаанд адуугаа шахаж байгаад манай хүүгээр морио бариулж аваад явсан. Би хүүгээсээ “ ямар хүн бэ” гэж асуухад “адуугаа алдчихсан байсан, би туслаад явууллаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 178-179-р хуудас/

Гэрч Т.Өмирханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай ах Т.Хосылбай зарах адуу ирсэн байна.Чи авах юм уу” гэхээр нь би үнэтэй юм байна гэхэд 600000 төгрөгөөр ав гэхээр нь очиход шар зүсмийн 5 орчим насны бүдэг тамгатай морь байсан.Би С.*******д бэлэн мөнгөө өгөөд авсан... гэх мэдүүлэг / хэргийн 184-185-р хуудас/

Гэрч Т.Хосылбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.******* гэх залуу манай гэрт ирээд “аймаг руу 2 адуу зарах санаатай явж байна, Баяннуур сумаас явж байна” гэсэн.Би адуу чинь ямар үнэтэй юм гэхэд “ 800000 төгрөг” гэхээр нь миний мөнгө хүрэхгүй юм байна гэхэд “ 600000 төгрөгөөр ав” гэхээр нь би хар хээр зүсмийн адууг бас манай дүү Т.Өмирхан бас нэг адууг 600000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг / хэргийн 187-188-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн... 6 настай азарга 1 толгой- 1000000 төгрөг, 5 насны морь 2 толгой-1600000 төгрөг,бүдүүн морь 3 толгой-2550000 төгрөг, 6 насны морь 1 толгой-850000 төгрөг, нийт 600000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 191-р хуудас/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан...гэрч С.Лизагаар 4 хүний зураг үзүүлж асуухад “4” гэж дугаарласан С.*******ы зургийг зааж байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 194-197-р хуудас/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан...гэрч А.Жанболатаар 4 хүний зураг үзүүлж асуухад “1” гэж дугаарласан С.*******ы зургийг зааж байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 198-201-р хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 203-206-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Съезханы хэргээ хүлээн  мэдүүлсэн... Би 2018 оны 11 сарын 26- ны өдөр Ховд аймагт ирээд Н.Ганзориг гэх залууд байсан Зил-130 маркын машиныг 1200000 төгрөгөөр тохироод зээлээр худалдаж авсан. Би болбол мөнгийг өгнө болохгүй бол хоёр тугалтай үхэр өгөхөөр тохирч авч яваад зарж өөртөө ашигласан. Гэтэл машины эзэн  нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Ховд аймгийн цагдаа дуудахаар нь ирж мэдүүлэг өгөөд буцах замдаа  2019 оны 10 сарын 28 – ны шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио гэх газрын гүүрнээс наана байсан адуунаас 8 тооны адууг тасалж туугаад тэр шөнөө Хонгор өлөн гэх газар очсон. Тэнд байсан айлд цай уусан. Тэндээсээ цааш явж байгаад адуугаа  мөсөөр гаргах гэж байгаад алдсан. Тэгээд дахин буцаад явж байтал нөгөө айлын залуу таарсан. Би тэр залууд адуугаа алдсан талаар хэлсэн. Тэр залуу хараагүй гэхээр нь буцаад алхаж байтал нэг мотоцикльтой хүн таараад  тэр залуугийн дурангаар дурандаж адуугаа хартал Хашаатын хөтөлийн наана адуу байхаар нь мотоцикльтой залуугаар адуундаа хүргүүлсэн. Тэгээд адуугаа туугаад шөнө ирсэн айлдаа дахин очиж, залуугаар нь 1 морь бариулж аваад зайдан унаад явсан. Тэр айлд байх үедээ зүс таних ах руугаа залгаад урдаас эмээл аваад ирээ гэж хэлэх гэсэн боловч боломж алга хөдөө явж байна гэсэн. Би тэр айлаас цааш Баян- Өлгий руу уул даваад зам дөтөлж явсаар Хатуугийн хөтөл дээр шөнө очсон. Тэнд нэг айл байхаар нь орсон өвгөн, эмгэн хоёр байсан. Тэр айлд Баяннуураас ирж байна гээд хөл нь муудсан хоёр адууг 1200000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 6 адуугаа туугаад Баян- Өлгий оруулаад зарсан. Тэр үед идэшний үе байсан тул бүгдийг  зарсан. Надад ямар нэгэн тусалж хамтарсан хүн байхгүй. Би адуугаа зарж дуусаад 10 сарын 30 - ны өдөр Хотгорын нүүрсний уурхай руу явсан. Би хохирогч А.Төлөөгөнөөс уучлалт гуйж байна. Тухайн үед яагаад энэ хүний адууг тууж явсан бэ гээд өөртөө харуусаж байна. Би цагдан хоригдож байгаа тул энэ хүний хохирлыг төлж чадахгүй байна. Хэрэв гадуур гарвал энэ хүний хохирлыг ах дүү нараасаа гуйгаад ямаа самнах үед төлөх боломжтой. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...  гэх мэдүүлэг зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч С.Съезхан нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн  Ж. хүү Н.Ганзоригоос Зил-130 маркын машиныг нь  2 тугалтай үхрээр худалдаж авахаар тохиролцоод авч явсан боловч  2 тугалтай үхрээ өгөхгүй байсан тул иргэн  Ж.Цэндээ нь Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад машины үнийг төлсөн  хэргийн үйл баримт нь хохирогч Ж. өгсөн... Манай хүү Н.Ганзориг нь 2018 оны 11 сарын 26- ны өдөр машиныг чинь хоёр тугалтай үхрээр зарсан “ гэж хэлсэн. Манай хүү 2019 оны 04 дүгээр сард авто ослын улмаас нас барсан. Би машин худалдаж авсан хүнээс  2 тугалтай үхрээ шаардсан боловч өгөхгүй байсан тул цагдаагийн газарт хандсан ... гэх мэдүүлэг, гэрч А.Авдихадарын ... 2018 оны 11 сарын сүүлээр С.Съезхан нь цэнхэр өнгийн Зил-130 маркын машин авах уу гээд ирэхэд өөрийн Эксель маркын ХОА 14-79 дугаартай машинаар сольж авсан. С.Съезхан нь надаас авсан машинаараа Баян- Өлгий орсон гэсэн. Түүнээс хойш холбогдоогүй ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч С.Съезханы  хэргээр хүлээн мэдүүлсэн...  Би Н.Ганзоригоос улсын дугааргүй, цэнхэр өнгийн Зил-130 маркын машиныг 2018 оны 11 сард аваад хоёр тугалтай  үхэр өгөхөөр тохиролцсон. Тухайн машиныг Ховд аймгийн зүүн хаалганд байдаг Кадир гэдэг хүнд зарсан. Би банкны өр зээлтэй байсан тул Н.Ганзоригт мөнгийг өгч чадаагүй. Миний малын тоон дээр үхэр байхгүй. Жалтайн Сүрэнхорлоод машин зараад үхэр авсан байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч С.Съезхан нь 2019 оны 11 сарын 01- нээс 02- нд шилжих шөнө  Ховд аймгаас Баян- Өлгий аймаг руу явах замдаа  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт дэвсгэр Шарнуур гэх газраас  хохирогч А.Төлөөгөний ...  хаа болон гуяндаа дээшээ харсан саран тамгатай, зөв талын гуяндаа мэнгэтэй хүрэн азарга, 33 гэсэн тамгатай 6 адуу , мөн  хохирогч Н.*******  чөдөртөй  байсан шулдан гал тамгатай хүрэн морь нийт 8 тооны адууг  авч, Баян- Өлгий аймагт хүргэх үедээ   2 адууг нь 1200000 төгрөгөөр  Т.Хосылбай, Т.Өмирбек нарт зарсан, бусад адуугаа Баян- Өлгий аймагт оруулж зарсан  гэх   хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаараа мэдүүлсэн  хохирогч Н.******* ... 2019 оны 10 сарын 30- ны орой манайд Съезхан гэх залуу явган ирсэн. Тэр саравчтай малгайтай, бараан өнгийн хувцастай, богино куртиктэй байсан. Тэр машин эвдэрсэн сэлбэг байна уу гэж ирсэн. Би сэлбэг байхгүйг хэлсэн. Нэрийг нь асуухад Съезхан гэж хэлж байсан. Би түүнийг  мотоциклиор Шургийн гүүрэн дээр  хүргэж өгсөн. Маргааш өглөө нь  миний чөдөртэй байсан  шулдан гал тамгатай, хүрэн зүсмийн морь алга болсон байсан. Баян–Өлгий аймгийн  Толбо сумын А.Жанболат  гэх  залуугийн утсан дээрхи зурганд миний хүрэн морины зураг  байсан. С.Съезхан гэх хүний зургийг нь үзүүлэхэд  манайд ирсэн өөрийгөө Съезхан гэж  танилцуулсан хүний зураг мөн байсан. Би адуугаа 1000000 төгрөгөөр үнэлнэ ... гэх мэдүүлэг, хохирогч А.Төлөөгөний өгсөн... Би 2019 оны 11 сарын 01- нээс 02- нд шилжих шөнө  Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг Шар нуур гэх газраас өөрийн 7 тооны адуугаа  алдсан. А.Жанболат гэх хүний утсан дээрхи адуунуудын  зураг миний алдсан 7 тооны адууны зураг  мөн байсан. Адуугаа 4 өдөр Ховд, Баян- Өлгий аймгийн нутгаар хайсан. Хохирлоо яаралтай төлүүлж авмаар байна. Гомдолтой байна... гэх мэдүүлэг,  С.Съезхан нь 8 тооны адууг тууж явсан, түүний зургийг нь авсан талаар гэрч М.Лизагийн өгсөн... 2019 оны 11 сарын 03- наас 4- нд шилжих шөнө манайд нэг залуу ирсэн. Маргааш  өглөө нь найман адуу туусаар нөгөө залуу ирсэн.  Манай хашаанд адуугаа шахаж байгаад манай хүүгээр  морио бариулаад аваад явсан. Би хүүгээсээ ямар хүн болохыг асуухад өчигдөр шөнө ирсэн хүн гэж хэлсэн. Адуугаа алдчихаж би туслаад явууллаа гэж хэлсэн. Хар өнгийн богино куртиктэй, саравчтай хар малгайтай, саарал даавуун өмдтэй хүн байсан... гэх мэдүүлэг, гэрч А.Жанболатын өгсөн... 2019 оны 11 сарын 03- наас 04- нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумаас адуу худалдаж аваад туугаад явж байна гэсэн нэг хүн ирсэн. Тэр ядарч байна гээд манайхаас цай уугаад явсан. Тухайн үед шөнийн 05 цаг болж байсан байх. Өглөө нь 09 цагийн үед босоод хонио бэлчээрт гаргах үед нөгөө хүн манайхыг чиглээд ирж байсан. Би мориор очиж тосож аваад адуунуудыг нь хашаанд хашиж байгаад шулдан гал тамгатай хүрэн морийг  нь барьж өгсөн. Тэр хүнийг гэртээ оруулаад цай өгсөн. Та адуугаа нэг хүнээс авсан юмуу гэхэд хэд хэдэн хүнээс авсан гэж хэлсэн. Би 8 адууны 7 нь нэг тамгатай байгааг сэжиглээд гэрт цай уугаад байж байх үед нь гарч адуунуудын зургийг утсаараа дарж авсан. Өөрийгөө Баян- Өлгий аймгийн Алтанцөгц сумынх гэж байсан. Богино хар куртиктэй, саравчтай хар малгайтай, монхор хамартай, бүлцгэрдүү нүдтэй, 150-160 см өндөр, өөртэй зохисон махтай хүн байсан. Н.Банзрагч болон А.Төлөөгөн нар адуугаа хайгаад ирсэн. Хэсгийн төлөөлөгчид утсан дээрээ байсан Съезханы зургийг үзүүлэхэд нь би мөн гэдгийг нь хэлсэн... гэх мэдүүлэг,утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, адуунуудын гэрэл  зураг, гэрч И.Лиза болон А.Жанболат нараар яллагдагч С.Съезханы зургийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч Н.Солтанбекийн ... 2019 оны 11 сарын эхээр нэг өглөө үхрээ хураагаад явж байтал явган хүн гараа өргөөд зам тосоод гүйгээд ирсэн. Андарбекийн гэрт хонож байгаад адуугаа алдчихлаа, миний 8 тооны адуу  энэ уулын бэлд байна, намайг адуунд хүргээд өг гэхээр нь мотоциклиороо адуунд нь хүргэсэн. Хар царайтай, хар өнгийн богино куртиктэй, 40 орчим насны хүн байх шиг байсан. Адуугаа Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Буянт , Дарви сумаас цуглуулж авлаа, Баян- Өлгий аймаг орно гэж байсан ... гэх мэдүүлэг,    мөн шүүгдэгч С.Съезхан нь  Баян – Өлгий  аймаг явах замдаа хохирогч нарын 8 тооны адуунаас 2 тооны адууг нь Т.Өмирбек, Т.Хосылбай нарт  1200000 төгрөгөөр  зарсан нь ...  гэрч Т.Өмирбекийн өгсөн... Намайг 2019 оны 11 сарын 04- ний өдөр гэртээ байхад ах Т.Хосылбай залгаад “ адуу ирсэн байна чи авах уу, үнэ нь 800000 төгрөг ” гэхээр нь миний  мөнгө хүрэхгүй байна гэхэд нэг адуу байна, 600000 төгрөгөөр авчих гээд  байна гэхээр мөнгөө аваад очсон. Намайг очиход шар өнгийн 5 орчим насны бүдэг 33 тамгатай, жаахан туранхай адуу байхаар нь авсан. С.Съезхан гэх залууд бэлэн мөнгөө өгсөн. Миний адуу ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь авсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Хосылбайгийн өгсөн... Намайг 11 сарын 05-ны өдөр гэртээ байхад С.Съезхан гэх залуу ирсэн. Тэр аймаг руу 2 адуу зарах санаатай явж байна, Баяннуур сумаас явж байна гэхээр нь үнийг асуухад 800000 төгрөг гэсэн. Миний мөнгө хүрэхгүй байна гэхэд 600000 төгрөгөөр авчих гээд хар хээр адууг авсан. Миний төрсөн дүү адуу авах гэж байсан тул хэлсэн. Түүнд нэг адууг  миний адуу хээр байгаа гээд буцаж яваад нэг адуу авчирч өгсөн. Бид хоёр адууг нядалж авсан. Миний авсан адуу 33 гэсэн тоон тамгатай байсан. Би мөнгөө бэлэн өгсөн... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах  ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Съезханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Съезхан болон түүний өмгөөлөгч нар нь  залилах болон бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмч, эд зүйлийг мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд шилжүүлэн авч, ирээдүйд эд зүйл, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцаан өгөхгүй ашиглах захиран зарцуулах эрхийг олж авах зорилготой байдаг.

Шүүгдэгч С.Съезхан нь мал тоолуулаагүй, малгүй болох нь  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төрийн сангийн төлөөлөгчийн 2019 оны 10 сарын 15- ны өдрийн тодорхойлолтоор / хэргийн 136 дугаар хуудас  /  тогтоогдож байгаа нь  шүүгдэгч С.Съезхан нь  хохирогч Ж. Зил-130 маркын машиныг худалдан аваад  2 тугалтай үхэр өгөх санаа зорилго  байгаагүй,  харин  хохирогчийг хуурч, тухайн машины өмчлөх  эрхийг өөртөө шилжүүлэн авч, бусдад зарж өөртөө ашиглах санаа зорилготой байсан нь тогтоогдсон  гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч С.Съезхан нь өөртөө малгүй атлаа  хохирогч Ж. Зил-130 маркын машиныг хоёр тугалтай үхэр өгнө гэж хуурч, өөртөө шилжүүлэн авч, гэрч А.Авихадарт өгч, Эксель маркын машинаар сольж, түүнийгээ өөртөө ашиглан хохирогчид   2 тугалтай үхэр  өгөөгүй  үйлдэл нь ... хуурч , өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан... гэх  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “ залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч С.Съезханыг  хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Мөн шүүгдэгч С.Съезхан нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутэг дэвсгэрээс хохирогч Н.******* чөдөртэй морь, хохирогч А.Төлөөгөний  7 тооны адуу нийт 8 тооны адууг шөнийн цагаар нууцаар авч, Баян-Өлгий аймаг  орох замдаа болон аймагт оруулан зарж байгаа үйлдэл нь “ хулгайлах гэмт хэргийн...  бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эзэмших эрхийг нь өөртөө шилжүүлэн авах, өөрөөр хэлбэл бусдын  8 тооны адууг шөнийн цагаар нууцаар авч, замд буусан айлдаа худалдан авсан гэж хуурч, өөрийн адуу гэж итгүүлэн зарсан үйлдэл нь  ... бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Съезханыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч С.Съезхан нь хохирогч Ж.Цэндээд Зил-130 маркын машины үнийг төлсөн нь  хохирогч Ж.Цэндээ хэрэг танилцахдаа хохиролгүй... гэсэн  байх тул хохирогч Ж. хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Харин  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Банзрагч ... нэг адууны хохирлоо төлүүлнэ... гэснийг болон шинжээчийн тухайн адууг 850000 төгрөгөөр үнэлсэн, хохирогч А.Төлөөгөний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 7 адууны үнэ 6000000 төгрөгийг төлүүлнэ... гэх мэдүүлэг, шинжээчийн 7 тооны адууг нийт 6000000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт  зэргийг үндэслэн шүүгдэгч С.Съезханаас нийт 6850000 төгрөг гаргуулан хохирогч Н.Банзрагчид 850000 төгрөг, хохирогч С.Съезханд 6000000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Съезхан нь Баян-Өлгий аймаг дахь  сум дундын шүүхийн 2003 оны 05 сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын малыг хулгайлсан үйлдэлдээ  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  хэргийн 55-60 дугаар хуудас дахь 61, 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь урьд мал хулгайлах гэмт хэрэгт 2 удаа шүүхээр шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хэргийг хоёр түүнээс олон удаа үйлдсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Съезханыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн1- зааснаар, бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар  болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Съезханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Съезханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоногийг хорих ялыг нэмж нэгтгээд шүүгдэгч С.*******ы нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,  түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих  ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч С.Съезхан нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 2 тооны адууг  бусдад зарж, 1200000 төгрөгний орлого олсон нь гэрч нар болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого  1200000 төгрөгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Съезханаас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх  нь зүйтэй байна.

Харин улсын яллагчаас  6 тооны адууг Баян- Өлгий  аймгийн төвд  нэг бүрийг 800000 төгрөгөөр борлуулсан орлогыг хураан, улсын төсөвт шилжүүлэх дүгнэлт, тайлбар  гаргасан боловч, шүүгдэгч С.Съезхан нь шүүхийн хэлэлцүүлэгт  6 тооны адууг Баян-Өлгий аймаг оруулан  зарсан боловч үнийг нь аваагүй байсан гэж байх тул   орлого олсон  гэж үзэх боломжгүй  байна.  

Шүүгдэгч С.Съезхан нь  2019 оны 12 сарын 07- ны өдөр баривчлагдаж,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09- ний өдрийн 2019/ ЦХШЗ/ 23 дугаартай  шүүгчийн  “ Яллагдагчаар цагдан хорих тухай”  захирамжаар цагдан хоригдож, мөн шүүхийн  2020 оны 01 сарын 06- ний өдрийн 2020/ ЦХШЗ/ 05 дугаартай  шүүгчийн  “ Цагдан хорьж мөрдөх 1 дүгээр хугацааг сунгах тухай ”  захирамжаар   шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 62  хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцохоор тогтоов.

            Эрүүгийн 1936003050265 дугаартай хэрэгт эрүүгийн 1936003060258   дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг хуурч өмчлөгчийн  эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан,  бусдын малыг  хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг 02 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч С.Съезханд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Съезханд  оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ы цагдан хоригдсон 62 /жаран хоёр/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн 1936003050265 дугаартай хэрэгт эрүүгийн 1936003060258   дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  тус тус  дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 6850000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Банзрагчид 850000 төгрөг, хохирогч А.Төлөөгөнд 6000000 төгрөг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т  зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1200000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

9.Шүүгдэгч С.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА