| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0091/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
өсвөр насны шүүгдэгч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Гантулга, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Батцэнгэл нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1902 00000 0365 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.Ц, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Амина дүрслэх урлаг, дизайны политехникийн коллежид сурдаг, ам бүл 2, ахын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамж 375 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Э.Б, 2002 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Амина дүрслэх урлаг, дизайны политехникийн коллежид сурдаг, ам бүл 6, эмээ, өвөөгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65а байр 31 тоотод оршин суух бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхон 36б-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэгт хамтран оролцож, өсвөр насны яллагдагч Э.Бтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд уулын Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 35.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны 36б байрны орцны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хүртэл хадгалсан,
Өсвөр насны шүүгдэгч Э.Б 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд уулын Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 35.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны 36б байрны орцны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хүртэл хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Н.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36б байрны 2 дугаар орцонд найз Б, Хас-Эрдэнэ, Ц бид дөрөв 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгтэл Б халааснаасаа гялгар цаасан ууттай ногоон өнгөтэй нунтаглаж бэлдсэн ургамал гаргаж ирсэн. Б үүнийгээ өвс гэж байсан. Тэгээд бид дөрөв тамхины дотор талын тамхийг нь асгаад оронд нь өвсөө хийгээд татацгаасан... Э.Бээгийн байрны орцонд бид дөрөв пиво уугаад сууж байхад Б.Цээ, Бээ хоёр 2019 оны 10 дугаар сард Богд-Уул руу гарчихаад бууж ирэхдээ түүсэн гээд нэг гялгар ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тэр өвсийг нь хэрэглэхээр болж бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь өвсөө хийж байгаад татсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Э.Бий байрных нь орцонд пиво уугаад сууж байхад Э.Б, Б.Ц хоёр Богд ууланд гарчихаад бууж ирэхдээ өвч түүсэн гэж яриад гялгар ууттай өвс гаргаж ирсэн. Тэр үед л Э.Б, Б.Ц хоёрыг өвс түүж ирээд хадгалж байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-28, 29/,
Гэрч Б.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Ций ээж нь 2008 онд Унгар улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажил хийхээр явсан юм. Тэр үед Б.Ц нь над дээр үлдсэн юм. Харин том хүүгээ аавтай нь үлдээсэн боловч хүүгээ орхиод яваад өгсөн байсан. Их зөөлөн ааштай, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, үг дуу цөөтэй, их л буйр суурьтай, юманд маш ухаалаг ханддаг. Ц гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи бол татдаг. Гэхдээ гэртээ татдаггүй, миний хажууд тамхи татдаггүй. Цийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэх зүйл анзаарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч Н.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хүүгийнхээ нийлдэг найз нөхдийн талаар мэдэхгүй. Манай хүүхдэд олон найз нөхөд байхгүй. Миний мэдэхээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй бид хоёр байнга л хамт байдаг. Миний болон манай гэр бүлийнхэний ажигласнаар миний хүүгийн зан характер болон биеэ авч явах байдал нь ямр нэгэн өөрчлөлт гараагүй, эгчийнхээ хүүхдийг байнга л сургуульд нь хүргэж өгөөд орой авч явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Гэрч Э.Хас-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бий гэрт нь очсон чинь эмээ өвөө хоёр унтаагүй байсан болохоор бид нар Бий гэрт оролгүй, унтахаар нь оръё гэж ярилцаад бид нар нь Бий байрных нь орцонд юм яриад сууж байхад Ц гэнэт чамд нөгөө өвс чинь байгаа юу гэж Бээс асуусан. Тэр үед Б байгаа гэснээ хаанаас юм бүү мэд гялгар ууттай зүйл гаргаж ирээд нөгөө өвс энэ байна гээд гаргаад ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь өвснөөсөө хийж байгаад татсан. Удалгүй гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид нарыг баривчилсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Өсвөр насны яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Анима дүрслэх урлагийн сургуульд сурдаг юм аа. 2019 оны 9 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, ангираа Богд уул руу гарсан юм. Тэгээд уулан дээр байж байгаад буцаад буусан юм. Богд уулнаас бууж ирээд Зайсангийн эцсийн автобусны буудал орох гээд явж байхад шээс хүрээд байхаар нь замын хажуу талд байсан блокон хоосон хашаа байхаар нь уг хашаа руу орж бие зассан юм. Намайг бие засаж байхад манай ангийн Ц миний хажууд ирээд бие засахаар зогссон. Би бие засаж дуусчихаад эргээд явах гэтэл Ций хажуу талд Каннабис ургамалтай төстэй ургамал ганцаараа сондгой их өндөр ургачихсан байхаар нь би Цд хандаад чиний хажууд ургачихсан байгаа ургамал каннабис мөн үү гэж асуухад Ц харж байснаа мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад уг ургамлыг тасдаж аваад гялгар уутанд хийж, Ций үүрч явсан цүнхэнд хийгээд хашаанаас гарч ангийнхан дээрээ очиж, хамт автобусны буудал орсон. Ц бид хоёр манай байрны гадаа нөгөө түүсэн каннабис ургамлаа яахаа ярилцаж байгаад манай байрны орцонд нууж тавиад мартчихсан байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний хичээлтэй суучихаад ангийнхаа Хас-Эрдэнэ, Ц, Наранбаатар нарын хамт гадуур явж байгаад манайд ирсэн. Манай гэрт эмээ, өвөө хоёр унтаагүй байсан болохоор би гэртээ оролгүй унтахаар нь оръё гэж бодоод найзуудтайгаа байрныхаа орцонд юм яриад сууж байхад Ц гэнэт чамд нөгөө өвсөө гэнэт санаад нуусан газраасаа гаргаж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо яилцаж байгаад бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь өвснөөсөө хийж байгаад татсан. Удалгүй уцагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг баривчилсан. 2019 оны 9 дүгээр сарын сард найз Цийхээ хамт анх удаагаа каннабис ургамал түүгээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ц, Наранбаатар, Хас-Эрдэнэ нарын хамт анх удаагаа хэрэглэсэн. Би каннабис ургамлын талаар интернетээс уншиж байсан. Ц бид хоёрыг бие засаад зогсож байхад блокон хашааны ёроолд ургачихсан байсан зэрлэг ургамлуудаас бид хоёрын түүсэн ургамал илүү тод ногоон өнгөтэй, их өндөр ургасан, салаалсан навчнуудтай их сондгой харагдаж байсан. Ойртож очиж үзэхэд интернетээс харж байсан каннабис ургамлын зурагтай яг адилхан харагдаж байсан...Би урьд өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй, би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, өөрийн сониуч зандаа хөтлөгдөн ийм хэрэгт холбогдож насан туршдаа өөрийн амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Би цаашдаа сургуулиа амжилттай төгсөж, сайн хүн болох болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107, 125/,
Яллагдагч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сард Богд ууланд гарчихаад бууж явахдаа нэг хоосон блокон хашаан дотор бие засаад зогсож байхад Б каннабис өвч ургачихсан байна гэхээр нь бие засаж дуусаад эргээд харсан чинь каннабис ургамал мөн байсан. Б бид хоёр урьд өмнө нь каннабис ургамал хэрэглэж байгаагүй, гэхдээ каннабис ургамлын талаарх мэдээллийг интернэт сайтууд болон сошиал хаягуудаас уншиж байсан юм. Мөн каннабис ургамлын дүрстэй хувцас өмссөн залуучуудыг урьд өмнө нь зөндөө харж байсан болохоор уг хашаан дотор ургачихсан байсан каннабис ургамлыг хараад таньсан юм. Уг ургамлын навч нь интернэтээс харж байсан зурагтай их төстэй адилхан байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад нэг өндөр ургачихсан байсныг нь тасдаж авч, гялгар уутанд хийгээд тэр үед Б цүнхтэй явсан болохоор Бий цүнхэнд хийчихсэн юм. Тэндээсээ бид хоёр гараад ангийнхан дээрээ очоод гэр гэр рүүгээ явсан. Б гэртээ хариад надад нөгөө ургамлаа орцондоо нуучихлаа гэж хэлсэн. Намайг бие засаад зогсож байхад Б чиний ард каннабис ургамал ургачихсан байна гэж анх хэлэхээр нь эргэж хараад Бий заасан ургамлыг харахад каннабис ургамал байсан. Тэр үед Б тасдаад авчих уу гэхээр нь би тасдаж аваад Бд өгөхөд Б гялгар уутанд хийгээд өөрийнхөө цүнхэнд хийгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-113/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6307 дугаартай дүгнэлт:
Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр: “...уутны амыг зангидсан, ногоон өнгийн нунтаг 35.8 гр хэмжээтэй өвс мэт зүйлийг хураан авав...” гэх /хх-ийн 19/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 23-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/, албан бичгийн хариу /хх-ийн 55-56/, каннабис ургамлын тархац, байршио, ургах орны мэдээлэл /хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91/, Анима дүрслэх урлаг, дизайны политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 94, 95/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 99/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 100/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/, нийслэлийн прокурорын тогтоол /хх-ийн 105-122/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Ц нь өсвөр насны яллагдагч Э.Бтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд уулын Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 35.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны 36б байрны орцны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хүртэл хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь,
Өсвөр насны шүүгдэгч Э.Б 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд уулын Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 35.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны 36б байрны орцны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хүртэл хадгалсан болох нь
Гэрч Н.Наранбаатарын: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36б байрны 2 дугаар орцонд найз Б, Хас-Эрдэнэ, Ц бид дөрөв 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгтэл Б халааснаасаа гялгар цаасан ууттай ногоон өнгөтэй нунтаглаж бэлдсэн ургамал гаргаж ирсэн. Б үүнийгээ өвс гэж байсан. Тэгээд бид дөрөв тамхины дотор талын тамхийг нь асгаад оронд нь өвсөө хийгээд татацгаасан...Э.Бээгийн байрны орцонд бид дөрөв пиво уугаад сууж байхад Б.Цнгүүнээ, Бээ хоёр 2019 оны 10 дугаар сард Богд-Уул руу гарчихаад бууж ирэхдээ түүсэн гээд нэг гялгар ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тэр өвсийг нь хэрэглэхээр болж бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь өвсөө хийж байгаад татсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Э.Бий байрных нь орцонд пиво уугаад сууж байхад Э.Б, Б.Ц хоёр Богд ууланд гарчихаад бууж ирэхдээ өвч түүсэн гэж яриад гялгар ууттай өвс гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Хас-Эрдэний: “...Бий гэрт нь очсон чинь эмээ өвөө хоёр унтаагүй байсан болохоор бид нар Бий гэрт оролгүй, унтахаар нь оръё гэж ярилцаад бид нар нь Бий байрных нь орцонд юм яриад сууж байхад Ц гэнэт чамд нөгөө өвс чинь байгаа юу гэж Бээс асуусан. Тэр үед Б байгаа гэснээ хаанаас юм бүү мэд гялгар ууттай зүйл гаргаж ирээд нөгөө өвс энэ байна гээд гаргаад ирсэн. Удалгүй гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид нарыг баривчилсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ц, Э.Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц, Э.Б нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Ц, Э.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгч Б.Ций хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, өсвөр насны шүүгдэгч Э.Бий хувьд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа уутны амыг зангидсан, ногоон өнгийн нунтаг “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 35.8 грамм хэмжээтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Ц, Э.Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц, Э.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны Э.Бд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Э.Бд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа уутны амыг зангидсан, ногоон өнгийн нунтаг “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 35.8 грамм хэмжээтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц, Э.Б нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, уг хэрэгт ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц, Э.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР