Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2079

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 83 020 021 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХ, ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ, ХХХ нар нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Х ХХК-тай ЗГ1305012919 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 84 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ЗБ1305012919 дугаарт ипотекийн гэрээгээр ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХ тоот 40 м.кв, гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 306 хоног хэтрүүлж, зээлийн гэрээний үлдэгдэл 77 698 571 төгрөг, зээлийн хүү 5 296 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 086 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг 2 ба түүнээс дээш сараар хэтрүүлсэн байхыг ойлгож байгаа. Энэ талаар тусгайлан орон сууцны зээл олгох журмаар зохицуулсан зүйл байхгүй учир манайх баримтаар гаргаж өгөх боломжгүй байна. Иймд зээлдэгч ХХ, ХХХ нараас 83 020 021 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь гэрээний үүргийн төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хтай зээлийн гэрээ байгуулсан. Би эрхэлж байсан бизнесийн ашгаараа зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Гэтэл ажил маань түр зогсож ашиг орлогогүй болж зээлээ төлөх боломжгүй болсон. Ингээд банкнаас хугацаа хүсэхэд бидэнд хугацаа олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Бидний төлсөн мөнгө үндсэн зээлээс ерөөсөө хасагдаагүй байна. Залуу гэр бүлд боломж олгож өгнө үү. Зээлээ төлөөд явах боломжит хугацаа олгож өгнө үү. Ямар ч байсан төлбөрөө төлнө. Миний ажил одоо орон нутгийн сонгуулиар эхлэх байх гэж бодож байгаа. Би хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээлээ төлж чадахгүй байдлаас болж гэр бүлээрээ орох оронгүй болох гээд байна. Хугацаа өгөөч ямар ч байсан банкны нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулна. График гаргаад төлнө гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 83 020 021 төгрөгийг бүтнээр нь төлүүлэх гээд байгааг зөвшөөрөхгүй. 365 хоног хэтрээгүй байхад найдваргүй зээлд оруулж болохгүй байх гэж бодож байна. Үндсэн мөнгөө төлнө, хүү болон хүүгээс хүү бодсон байгааг зөвшөөрөхгүй. Манай нөхөр бүх зүйлийг мэдэж байгаа, надад мэдэх зүйл алга байна. 4 хүүхэдтэйгээ орох оронгүй, гудамжинд гарахад хүрээд байгаа тул хугацаа өгөөч гэж хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар ХХ, ХХХ нараас зээлийн төлбөрт 83 020 021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай "Х" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах гомдолдоо:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Х” нь ХХ, ХХХ нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг 306 хоног хэтрүүлж үндсэн зээл энэ хугацаанд 7 227 072 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан боловч гэрээ цуцлах хуульд заасан үндэслэл байх боломжгүй гэж үзжээ.

Хариуцагч нар гэрээний хугацаанд нийт 144 541 605 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх зээл, хүүгийн төлбөр болох 7 227 072 төгрөгийг нийт үүрэгтэй харьцуулахад 4,99 хувь болж байна. Энэ тохиолдолд гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэдгийг шууд тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар байхгүй байх бөгөөд ялимгүй эсэхийг тодорхойлохдоо үүргийн дүн болон зөрчлийг хувиар тооцон илэрхийлэх зохицуулалт байхгүй байна. 15 жилийн хугацаатай үргэлжилж байгаа үүрэгт тийм тооцооллыг ашиглах нь утгагүй юм. Шүүгчийн дүгнэлтэд зааснаар нийт үүргээс хувиар тооцоолж олон жил үүргээ зөрчсөнийг ялимгүй зөрчил гэж үзэхээр байна.

ХХ, ХХХ нар нь 2013.08.06-ны өдөр Хтай ЗГ1305012919 дугаарт Зээлийн гэрээ байгуулж 84 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээл нь орон сууцны зориулалттай зээл байсан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр олгосон зээлийн үндсэн дүн болон хүүгийн төлбөрт cap бүр тэнцүү хэмжээний төлбөр төлөх үүрэг хүлээхээр гэрээ байгуулсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн төлбөрийн 2015 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлөөгүй буюу зээлийн гэрээнд заасан хуваарьт төлбөрийг төлөх үүргээ нийт 10 сарын турш буюу 10 удаа зөрчсөн /одоогийн байдлаар 16 cap/ байдаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх нь түүний үндсэн үүрэг мөн болно.

Иймд буцаан төлөхөөр тохирсон хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөхгүй байх нь гэрээг ноцтой зөрчсөнд тооцно гэж талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 2.5 зааж өгсөн байгаа нь дээрх хуульд нийцсэн үйлдэл болно.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "... эргэн төлөлтийг хэд хоногоор хэтрүүлбэл гэрээг нэг талын санаачлагаар цуцлах нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн 2 cap ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг нэг талын санаачлагаар цуцална гэсэн тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна" гэж буруу дүгнэжээ. Зээлийн гэрээний 4.1.1-д зээлдэгч нь гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасан заалтад заавал хэд хоног хэтрүүлэхийг заах шаардлагагүй. Иргэний хуулийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг авч үзэх ёстой тул дээрх заалтыг тайлбарлахдаа гэрээний хуваарийг аливаа байдлаар зөрчих гэж ойлгох ёстой.

Зээлийн гэрээний 2.5 дахь заалтын хувьд "удаа дараа зөрчвөл" гэдэг нөхцөлийг шүүх мөн тодорхой бус, нэхэмжлэгч нь 2 ба түүнээс дээш удаа гэж тайлбарлаж байгааг нотлох баримтаар нотлоогүй гэсэн нь утгагүй бөгөөд 10 удаа үндсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, хүлээн зөвшөөрсөн үйлдлийг удаа дараа зөрчсөн зөрчил биш гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хэдий Иргэний хуулийн тайлбар биш боловч Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 03 сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолд "... удаа дараа" гэдгийг гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчихийг ойлгохоор тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төсөөтэй хэрэглэж болох үндэслэлтэй юм.

Иймд ХХ, ХХХ нар нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ 306 хоногоор хэтрүүлж, хуваарьт төлбөр төлөх үүргээ 10 удаа зөрчиж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан гэрээг цуцлах зөрчил мөн болно. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлүүдэд олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй болсон гэж банк үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардах эрхтэй болно.

 

2. Хариуцагчийн зөвшөөрөл:

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэг хянан хэлэлцэж эхлэхээс өмнө "би өөрөө байраа зарж байгаад өр төлбөрөө барагдуулах саналтай байна. Зах зээлийн үнээр зарах боломж олгож өгнө үү, зээлээ төлөх хугацаа олгоно уу” гэж хүссэн байхад шүүхийн шийдвэрт” зээлийн гэрээг үргэлжлүүлэн төлөх боломж олгож өгнө үү” гэж хүссэн мэтээр буруу ташаа тусгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, эсхүл шүүх хуралдааны явцад зөвшөөрч байгаа бол зөвшөөрсөн фактыг хүлээн авч шүүх талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл шүүгч талуудын мэтгэлцээнийг үл харгалзан өөрийн санаачлагаар тооцоо хийж дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 83 020 021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн байна.  

   

2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Х ХХК хариуцагч ХХ, ХХХ нарт 84 000 000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь орон сууцны зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

           Нэхэмжлэгч нь зээлдэгч ХХ, ХХХ нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 306 хоног хэтрүүлэн, үндсэн зээл, хүүгийн төлбөр 7 227 072 төгрөгийг төлөөгүй гэж, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийцээгүй, 15 жилийн буюу урт хугацаатай гэрээний хувьд 7 227 072 төгрөгийн зөрчил нь гэрээний нийт дүн 144 541 605 төгрөгтэй харьцуулахад ялимгүй зөрчил гэж шүүхээс үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

 

Талууд зээлийн гэрээний 2.5, 4.4, 4.1.1 дэх хэсгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөлийг тохиролцохдоо зээл эргүүлэн төлөх хуваарийг хэдэн удаа зөрчсөнөөр гэрээг цуцлах талаар тохиролцоогүй ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ үндэслэлээс гадна үүргийн зөрчлийн хэмжээг анхаарч үзсэн нь буруу биш юм.

   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх талуудын мэтгэлцээнийг үл харгалзан дүгнэлт гаргасан” гэх гомдол үндэслэл муутай байна.

 

Хэргийн 39-40, 43-44 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд  хариуцагчийн “орлого олж зээлээ төлөх боломжтой, 365 хоног хэтрээгүй байхад найдваргүй зээлд орууллаа, гэрээг үргэлжлүүлэх саналтэй байна” гэж бичигдсэнээс үзэхэд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 050 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                          

                                                ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ      

                                                                                                         

                                                                                                          А.МӨНХЗУЛ