| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2017/0022/З |
| Дугаар | 00039 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Б.Э, Д.Б нарт холбогдох
“татварын Улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015514 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0022/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Б” ХХК нь барилгын материал үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Бид барилгын материал хийдэг түүхий эд болох арматур, цемент, угаасан элс, хайрга худалдаж авсан. Эдгээр бараа материалуудын мөнгийг тухайн үед нь төлсөн. Ингээд орлого зарлагын баримтаа өгөлцөж аваад өнөөдрийн энэ баримтаа өгсөн. Бид зохих ёсоор тайландаа тусгаад явсан боловч 2015 онд хуурамч падааны асуудлаар маргаан үүсээд явж байна. Иймд манай “Б” ХХК бараа материал худалдаж авсан нь үнэн тул татварын Улсын байцаагчийн тавьсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн актыг хүчингүй болгож өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1-д нэмэгдсэн өртгийн албан татвараар хий падаан ашиглан татвар ногдуулах орлогоос хасуулсан нотлох баримтыг судаллаа. Энэ падаан нь ямар нэгэн хий падаан биш байна гэдэг нь харагдлаа. Өгсөн падаан нь жинхэнэ падаан байна. Энэ падааныг дагуулж “Ш” ХХК мөнгөө авсан байна. Энэхүү падааныг өгөхдөө надад худалдсан зарлагын падаан байна. Надад өгөх ёстой падаанаа өгсөн нь нотлогдож байна. Татварын тайлан зөв юм байна гэдгийг мөн шинжлэн судаллаа. Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар татварын Улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн нь одоог хүртэл хүчин төгөлдөр. Улсын байцаагчийн актаар хий падаан ашигласан, юм худалдаж аваагүй гэдэг нь эдгээр нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Орлогын албан татварын тайланг Татварын маргаан таслах зөвлөл хүлээн зөвшөөрч байна. Одоо ганц маргааны зүйл маань хий падаан болж байна. “Ш” ХХК дотор “Б” ХХК байхгүй гэж үзэж байгаа бол Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 0000219 тоот дүгнэлтийн хавсралтад “Б” ХХК-ийн НӨАТ-ын падаан явж байгаа, энэ падааны дүн нь таарч байгаа. Энэ падаан, дүн хоёр зөрсөн зүйл хэрэгт байхгүй. Прокурорын газраас дээрх этгээдүүдэд холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд харахаар Орхон аймагт байрлах “Б” ХХК-тай ярих асуудал биш байна гэдгийг харуулж байгаа. Одоо бол 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Татварын хуулийг хэрэглэх үеийн маргааныг ярьж байна. Тэгвэл тухайн үеийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.19-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг бүртгэхээс хассан хувь хүн, иргэн, хуулийн этгээдийг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээгээр нийтэд мэдээллэнэ” гэсэн зохицуулалт байгаа. Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Үндэсний татварын ерөнхий газар улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татварийн нэрсийн жагсаалтыг хасагдсаныг болон бүртгэснийг хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нийтэд мэдээллэнэ. Хасагдсан учраас “Ш” ХХК гэж орж ирэхгүй, бүртгэгдсэн учраас “Ш” ХХК гэж орж ирж байна. Тиймээс хуурамч падаан аваагүй юм байна, жинхэнэ падаан өгсөн хүнээс худалдан авалт хийсэн байна. Түүнийг нь 2012 онд цахим хуудас хүлээж авсан. Маргаж байгаа борлуулалтыг яагаад хасах хэрэгтэй юм бэ? Татварын ерөнхий газрын даргын тушаалд Татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд бүртгүүлснээс хойшхи хугацаанд ногдуулж төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэсэн. Үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаанд зориулан бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авсан бараа үйлчилгээг төлсөн татвар гэнэ гэж заасан. Бетонон эдлэл хийхэд түүнд зориулагдсан бэлтгэн нийлүүлэх бараа нь төмөр, цемент байна. Түүнийг нь авсан, мөнгөө төлсөн. НӨАТ-ийн падаан буюу нэмүү өртгийн албан татвараа авсан. Тийм учраас борлуулалтын нөөцөөс хасч тооцсон. Энэ талаар хуульд хүртэл байна. Ингэхээр татварын Улсын байцаагч нар татвараа төлчихсөн иргэдээс татвар шаардаад байна. “Ш” ХХК-тай ярих хэрэгтэй. Сэжигтэн яллагдагч мэдүүлэг өгөх эрхтэй харин нотлох баримт болохгүй гэдгийг хуульд заасан. Зөвхөн сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг дээр үндэслээд байна. Нэмүү өртгийн албан татвар төлсөн үү эсхүл хий падаан мөн үү биш үү эсэх талаар асуух ямар нэгэн эрх надад олгогдоогүй. Татварын албанаас өөр татвар ногдуулахтай холбоотой харилцааг хэн ч зохицуулахгүй. “Б” ХХК-д ямар нэгэн тоо тавих ёсгүй юм." гэв.
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн татварын Улсын байцаагч Д.Б миний бие “Б” ХХК-ийг Татварын ерөнхий газраас ирүүлсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу хяналт шалгалтын даргын томилолтын дагуу төлөвлөгөөт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 02-ноос эхлэн хийсэн. Энэ шалгалтаар нийт 670,4 сая төгрөгийн зөрчил илрээд 113,4 сая төгрөгийн төлбөр тавигдсан. Үүнээс 612,7 сая төгрөгийн зөрчил бүхий 110,3 сая төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан таслах зөвлөлд хандсан. Үүний дагуу маргаан таслах зөвлөлөөс татварийн Улсын байцаагчийн акт үнэн зөв гэсэн шийдвэр гарсан. Уг зөрчил Татварын ерөнхий газрын эрсдэл статистикийн газраас тухайн жилдээ шалгагдах аж ахуйн нэгжийн эрсдлийн үнэлгээ хийж түүвэрлэн гаргадаг. Түүвэрлэн гаргасан аж ахуйн нэгжээс тухайн онд шалгагдах аж ахуйн нэгж байгууллагын нэрсийг явуулдаг. Энэ нэрсийн дагуу Орхон аймгийн татварын хэлтсийн эрсдэл статистикийн газрын дарга төлөвлөгөөнд оруулж үүний дагуу тасгийн дарга шалгах 2 байцаагчаа томилдог. Төлөвлөгөөт шалгалтыг тухайн аж ахуйн нэгж байгууллагад хийсэн. Энэ хяналт шалгалтын явцад хий бичилттэй гэж байгаа зөрчил нь өмнө нь 2014 оны 04 сард Цагдаагийн ерөнхий газраас ирсэн А/21763 тоот албан бичгээр “Ш” гэдэг ХХК-тай холбогдолтой хий бичилттэй падаан тараасан гэж тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг шалга гэсэн. Аж ахуйн нэгж байгууллагыг шалгахдаа аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан холбогдох баримтаа авч ирсэний үндсэн дээр бид шалгалтыг явуулдаг. Тухайн үед уг бичиг ирээгүй, сүүлд 2015 онд баримтаа авч ирж өгсөн байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлж байсан. Тиймээс хяналт шалгалтыг хойшлуулж хяналт шалгалт хийгдэхгүй гэж хэлээд буцаан баримтыг өгч явуулсан. Энэ төлөвлөгөөт шалгалтын үед зөрчил засагдаж уу үгүй юу гэдгийг бид нягталж үзэх даалгавартай учраас үүнийг шалгаж үзсэн. Энэ нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан тайланд засагдаагүй байсан учраас НӨАТ-ын падааныг хий бичилттэй хуурамч гэж зөрчлийн дагуу акт тавьсан юм. “Ш” ХХК гэдэг компаний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан яагаад хий бичилттэй болсон юм бэ? гэхэд уг компани өөрөө үйл ажиллагаа явуулдаггүй зөвхөн НӨАТ-ын падааныг дамжуулж борлуулах үүрэг гүйцэтгэдэг байсан байгаа юм. Барилгын материалын бөөний худалдааны төвөөс худалдан авалт хийсэн хүмүүс өөрсдөө нэмэгдсэн өртгийн албан татварыг бага төлөх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгөөч гэдэг шаардлага тавьдаг учраас “Ш” гэдэг компаниас холбогдох нэмэгдсэн өртгийн падаан авч тухайн компанид өгсөн. Үүний дагуу зөрчилд нь 670.4 сая төгрөгийн төлбөр дээр 110.4 сая төгрөгийн төлбөр тавигдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 306,4 сая төгрөгийн зөрчил бүхий 55.1 сая төгрөгийн төлбөрийг маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хүчингүй болгосон байгаа. Энэ нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд аж ахуйн нэгжийн албан татвар нь өртгөөрөө гарах ёстой гэдэг үндэслэлээр хүчингүй болсон байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалтанд тавигддаг НӨАТ-ын падаан. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт хийсэн тухайн аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэсэн үндсэн дээр зөрчил бүхий хий бичилттэй падааныг 306.4 сая төгрөгийн зөрчил бүхий 55,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн нөхөн албан татварыг тавьсан юм. Энэ нь хууль ёсны дагуу тавигдсан торгууль.” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх асуудлыг тухайн эрх бүхий байгууллагын шийдэх асуудал. Сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авахдаа хууль сануулж авсан учраас үндэслэлгүй гэж үзэхгүй байна. 2009 онд вакум цонх хийдэг компани яагаад хайрга цемент зардаг болчихов. Гэхдээ үйл ажиллагаа нь явсаар байгаад шавар шавхай хайрга төмөр зардаг болсон байх. “Ш” ХХК-ийн үйл ажиллагаа 2009 онд зогсоод 2012 оны 09 дүгээр сар хүртэл “Х” тайлан өгч байсан. Бараа материал зардаггүй гэж нотолсоор байхад яагаад Татварын ерөнхий газар ийм акт гаргасан юм бол гэж байна. Зардаггүй зүйлийг зардаг болгож харагдуулах үндэслэл байхгүй.
Маргаан таслах зөвлөлийн процессийг танилцуулахад нийт 7 гишүүн оролцсон, дийлэнхи олонхийн саналаар шийдвэр гарна. Татварын маргаан таслах зөвлөл акт үндэслэлтэй гэхдээ өөрчлөлт оруулъя гэж олонхийн саналаар шийдсэн. Татвар төлөгчийг бодож үзсэн. Цонх хаалга хийдэг компаниас элс, хайрга, шавар, цемент аваад ажил хийсэн гэсэн. Яаж ажил хийсэн юм гээд нэхэмжлэгч Л.Ц-аас гэрээ шаардсан. Энэ компани ямар нэг байдлаар зээл тусламж авч, бараа материалаа авсан. Авсан учраас зардал гарна. Гэрээгээ биелүүлээгүй бол маргаан гарах ёстой байтал тэгээгүй. Гэрээгээ гүйцэтгэхийн тулд зардал гарсан байх ёстой. Падааны хувьд нягтлан бодох бүртгэлд орлого, зарлага гэж хоёр зүйл яригдаж байгаа. “Ш” ХХК-ийг шалгасан үндэслэл нь 13.000.000.000 төгрөгийг олсон орлогыг тогтоохын тулд, орлого олсон бол татвараа төл гэхэд орлого нь хий бичилт байж таарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашигласан. Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгатай компанид Татварын алба нэмэгдсэн өртгийн падааныг олгохдоо хууль бус зүйл хий гэсэн үзэл баримтлалаар өгөөгүй. Хуульд нийцэж ажилла, дараа нь шалгах байгууллага байдаг гэж өгсөн. Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг олох сонирхолд автаж “Б” ХХК энэ ажиллагаанд өртсөн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Б.Э, Д.Б нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2000155144 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад дээрх маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар “Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 онд хий падаан ашиглан худалдан авалтад оруулан татвар оногдох орлогоос хассан 306.363.636.40 төгрөгийн зөрчилд оногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан” хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчлөн, актын бусад заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, үлдэх хэсэгт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэлээ.
Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татварын Улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд, Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10а/2-1763 дугаартай албан бичиг[1], Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолт”[2]-ийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нар “Б” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн нь Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.” гэсэн заалттай нийцсэн байна.
“Б” ХХК нь 306363636.40 төгрөгийн бараа, материалыг “Ш” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0011835281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0011835297 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус худалдан авалт хийсэн гэх боловч Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10а/2-1763 дугаартай албан бичиг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24/0000219 дугаартай дүгнэлт, дүгнэлтийн хавсралт 01[3], Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077 дугаартай албан бичиг, түүний хавсралт4 зэрэг баримтуудаас дүгнэхэд “Б” ХХК-ийг 2012 онд Нэмэгдсэн өртгийн албан татвараар хий бичилттэй худалдан авалтанд оруулж хассан 306.363.636.40 төгрөгийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Улсын Мөрдөн байцаах газар Ц.Ч, Э.Э нарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлээр5 “Ш” ХХК барилгын материал зарж, борлуулдаг үйл ажиллагаа явуулдаггүй, НӨАТ-ын падааныг шаардлагатай хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаг байснаа мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдлоо.
Иймд шүүх Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нараас “Б” ХХК-д: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын Улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд 2012 онд НӨАТ-аар хий бичилттэй худалдан авалтанд оруулж хассан 306.363.636.40 төгрөгийн зөрчилд 30.636.363.60 төгрөгийн нөхөн татвар, 9.190.909.10 төгрөгийн торгууль, 15.318.181.80 төгрөгийн алданги ногдуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015514 дугаартай акт тавьсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгов.
Иймд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар маргаан бүхий 200015514 дугаартай татварын Улсын байцаагч нарын актын 1 дүгээр заалтын нэмэгдсэн өртгийн албан татвараар тогтоосон 9.190.909.10 төгрөгийн торгууль, 15.318.181.80 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч “Б” ХХК нь нөхөн татвар 30.636.363.60 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015514 дугаартай актын 1.2, 1.3, 1.4, 2.1 заалтууд”-ыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015514 дугаартай актын 1.1”-ын 9.190.909.10 төгрөгийн торгууль, 15.318.181.80 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актын 1.1 дүгээр заалтаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 30.636.363.60 төгрөг болгон багасгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч ”Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
[1] ХХ-ийн 72 дугаарт
[2] ХХ-ийн 55 дугаарт
[3] ХХ-ийн 91-99 дугаар талд
4 ХХ-ийн 100-104 дугаар талд
5 ХХ-109-112, 114-116 дугаар талд