Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гт холбогдох эрүүгийн 1906 03773 0037 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ч.Г, 1997 оны  4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, аав, дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б хэсэг, Баатархайрханы 1579 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Энхболдын эзэмшлийн 23-36 УНМ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр найз Боогийтой хамт гараад машиных нь бензин дуусахаар нь бензин аваад найзындаа очих гээд унаад явсан. Маргааш нь буцааж өгөх гэсэн чинь цагдаад машинаа алдсан гээд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”  гэв.

Хохирогч Н.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад Ч.Г манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд би гэрээс гараад халтуур хийхээр гарах гэтэл Ч.Г намайг жаахан дөхүүлээд өгчих гэхээр нь зөвшөөрөөд аваад явсан. Тэгээд цагдаагийн сургуулийн орчим явж байхад миний автомашины шатахуун дуусаж цагдаагийн сургуулийн баруун талд байрлуулан зогсоосон. Ч.Г тэндээс явлаа гээд явсан би Мөнх-Эрдэнийн машинаар халтуур хийж байгаад өглөө 5 цагийн орчим шатахуун аваад машин дээрээ иртэл машин байхгүй байсан. Би өмнө нь түлхүүрээ хаячихсан учраас арын нэг хаалгаа онгорхой орхисон бөгөөд асахдаа ямар ч хамаагүй зүйлээр эргүүлээд асчихдаг автомашин байгаа юм. Би найз Банзайгаас 2.500.000 төгрөгөөр 2336 УНМ улсын дугаартай машин худалдан авсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд 1 хоног явсан маргааш нь машинаа журмын хашаанд байгааг мэдээд 95.000 төгрөг талж авсан. Ч.Г тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан юм байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 13-14/,

Гэрч Н.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө дүү Мөнхбаатарын найз Очироо ирсэн. Очироо би машин авсан гарч ирээд хар гэхээр нь гараад хартал цагаан өнгийн Верна маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Б.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим манай найз Мөнхөөнөө болон түүний найз Очироо гэх залуугийн хамт 2336 УНМ улсын дугаартай Верна маркийн машиныг унаж манай хашаанд ирсэн юм. Очироо нь дээрх машиныг манай хашаанаас согтуу унаад гараад явчихсан байсан тул би араас нь гарч хайхаар явж байвал гудамжинд цагдаа болон уг машины эзэн гэх хүнтэй таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Яллагдагч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Энхболдын машиныг түр унаж найзындаа очих зориоготой байсан, өөр ямар нэгэн зорилго байгаагүй. Энхболд өмнө нь надад машинаа өгөөд явуулчихдаг байсан би тэр өдөр Энхболдод хэлээгүй аваад явчихсан юм. Өөрөө хулгайлах ямар ч санаа байхгүй уусан архиныхаа халуунд л ийм үйлдэл хийсэн. Энхболдын машин авч явахдаа би ганцаараа явсан. Би хохирлын мөнгө өгөөгүй. Одоохондоо боломж байхгүй байгаа, Энхболдтой уулзаж тохирсон байгаа. Сая манайд ажил явдал гараад мөнгөний боломжгүй болчихоод байна. Надад өөр цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа гэмт хэрэг зөрчил байхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Энхболдын эзэмшлийн 23-36 УНМ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь

Хохирогч Н.Энхболдын: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад Ч.Г манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд би гэрээс гараад халтуур хийхээр гарах гэтэл Ч.Г намайг жаахан дөхүүлээд өгчих гэхээр нь зөвшөөрөөд аваад явсан. Тэгээд цагдаагийн сургуулийн орчим явж байхад миний автомашины шатахуун дуусаж цагдаагийн сургуулийн баруун талд байрлуулан зогсоосон. Ч.Г тэндээс явлаа гээд явсан би Мөнх-Эрдэнийн машинаар халтуур хийж байгаад өглөө 5 цагийн орчим шатахуун аваад машин дээрээ иртэл машин байхгүй байсан. Би өмнө нь түлхүүрээ хаячихсан учраас арын нэг хаалгаа онгорхой орхисон бөгөөд асахдаа ямар ч хамаагүй зүйлээр эргүүлээд асчихдаг автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Мөнхбаярын: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө дүү Мөнхбаатарын найз Очироо ирсэн. Очироо би машин авсан гарч ирээд хар гэхээр нь гараад хартал цагаан өнгийн Верна маркийн автомашин байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Гыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Энхболд нь хохирол төлбөр гэж нотлох баримт бүхий 95.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч Ч.Гоос гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Гт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Гыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Гыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Гоос 95.000 /ерэн таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Энхболдод олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР