| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/58 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нхолбогдох эрүүгийн 1938006060485 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь “Алтан Өргөө” гэх нэршилтэй орон сууц барина гэж хуурч мэхлэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Д5.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр иргэн Б.Б1.500.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь “Алтан Өргөө” гэх нэршилтэй орон сууц барина гэж хуурч мэхлэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Д5.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр иргэн Б.Б1.500.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006060485 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бүртгэл Мөрөн ХХК-ны захирал ажилтай бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төмөрбулаг сумын иргэн Ш.Дээс 5.000.000 төгрөг компани дансаар авсан. Харин Б.Бээс 2019 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөг авсан. Мөнгө авсан шалтгаан нь би Мөрөн суманд Алтан өргөө гэж хотхон барих гэж ажил эхлүүлэх гэсэн боловч аймгийн засаг дарга газрын зөвшөөрөл өгөөгүй тул барилгаа барьж чадаагүйгээс болж болж захиалга өгсөн хүмүүсдээ мөнгийг нь буцааж өгч чадаагүй. Яагаад гэвэл би урьдчилгаанд авсан мөнгөөр нь зар сурталчилгаа байгууллагын ажилчдын цалин хөлсөнд зарцуулаад дууссан. Ш.Дийг хохиролгүй болгосон. Харин Б.Бтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би мөнгөө Голомт банкны дансаар “Бүртгэл мөрөн” ХХК-ны дансанд 5.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Тэр үед борлуулалтын менежер Оргилмаа надаас байрны захиалга авсан ба 1 өрөө 33.4 кв.м байр захиалахаар болсон... Би юу ч авч чадахгүй хоцорч магадгүй гэж бодоод Д.Нгээс Уаз Фургон маркийн машин авсан. Би асдаггүй машин аваад 7 хоног оролдож асаасан боловч явахгүй байгаа. Мотор нь их муу машин байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 15-20-ны үеэр “Бүртгэл мөрөн” ХХК-ны бүртгэлийн утас руу залгаж байрны захиалга өгөхөөр болоод Оргилмаа гэдэг эмэгтэй надад танилцуулахдаа захирал Улаанбаатар хотод газраа олохоор явсан байгаа бөгөөд намайг дагуулж очиж 135 айлын орон сууцны ард талд газар үзүүлсэн. Тэгээд газрын зөвшөөрөл бичиг баримт чинь хаана байгаа юм бэ? гэхэд захиралд байгаа, захирал газраа хөөцөлдөж яваа гэсэн. Тэгээд би 3 давхарт эхний ашиглалтанд орох блокын 3 давхарын 307 тоот орон сууцыг захиалсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сараас хойш асуутал эхэлсэн юм байхгүй болохоор нь худлаа юм боллоо мөнгөө гаргуулж авъя гэтэл Ханхад барилгын тендер авсан. Тэрийг дуусвал техник хэрэгсэл наашаа ирнэ. Өнөө маргаашгүй гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд өөртэй чинь уулзая гэхээр хотод явж байна гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг Бямбацогт гэдэг хүнээс “Бүртгэл мөрөн” ХХК-г 2018 онд 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Компани дүрэм гэрчилгээг нь худалдаж авсан. Үүний дараа барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж гаргуулж авсан. 2019 оны 01 дүгээр сард Д.Н гэдэг хүнд компаний 50 хувийг шилжүүлсэн. Д.Нтэй хувь нийлүүлж орон сууцны хотхон барихаар төлөвлөж барилгын зургаа хийлгэсэн. Мөрөн сумын 13 дугаар багт барилгаа барихаар төлөвлөж аймгийн Газрын албан дээр очиж зөвшөөрөл авах гэтэл дэд бүтцийг шийдэж өгөхгүй, тэнд дэд бүтэц шийдэхэд манайх ачааллаа дийлэхгүй төлөвлөсөн газраа барилга барих зөвшөөрөл олгоно гэж хэлсэн. Тэгээд аймгийн Засаг дарга Ганболд, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектор Бадамсэрээжид нартай уулзаж хуралдсан. Тэр үед аймгийн Засаг дарга, хуулийн хэлтэс, аймгийн захиргаа, компани гурав гурвалсан гэрээ байгуулна гэж хэлчихээд байгуулаагүй явсаар байгаад өдийг хүрсэн. 2019 оны 05 дугаар сард “Алтан Өргөө” хотхон барих талаар Хөвсгөл аймгийн “Мөрөн” телевизэд зар өгсөн. Мөн борлуулалтын менежирээр Оргилмаа гэдэг хүнийг ажиллуулахаар болж энэ хүн борлуулалтын сурталчилгааны ажлаа эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аймгийн Засаг даргад “Бүртгэл Мөрөн” ХХК-ний зүгээс албан бичгээр хүсэлтээ өгөөд цохолтоор манай Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс рүү ирсэн. Албан ёсны хурал хийгээгүй бөгөөд аймгийн Засаг даргын өрөөнд уулзалт хийхэд орон сууц барих газар өгөөч гэсэн хүсэлт тавьсан тул манай зүгээс дулааны цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхгүй тул Шинэ мөрөн хорооллын тэнд орон сууц бариулъя гэсэн бодлого барьж байсан. Аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Дулааны станцын хүчин чадалд хамааруулан Шинэ мөрөн хорооллын тэнд барих боломжтой байгааг Ө.Батцэнгэлд хэлсэн. Тэгээд барилга барихын тулд хөрөнгийн баталгаагаа гаргаж ир гэсэн юм. Тэгтэл тэр компаниас тэр баталгаагаа авч ирж өгөөгүй. Албан ёсоор цаасаар хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Бүртгэл Мөрөн” ХХК-ны захирал Д.Н нь 2019 оны хавар 3 сарын үед анх ирж уулзахдаа 13 дугаар багт газар худалдаж авч байгаа, тэндээ барилга барих гэж байгаа гээд барилгын зургаа надаар батлуулах гэж ирсэн. Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 13 дугаар багийн Д.Нгийн авсан гэх газарт байр орон сууц барих төлөв байхгүй гэдгийг хэлсэн. Түүний дараа Шинэ мөрөн хорооллын хажууд орон сууц барих боломжтой хэж хэлсэн. Албан бичиг “Бүртгэл Мөрөн” ХХК-иас ирсэний дагуу аймгийн Засаг даргын өрөөнд уулзалт хийхэд Засаг даргын зүгээс хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ, үнэхээр орон сууц барих хэмжээний хөрөнгө мөнгөний баталгаатай эсэхээ нотолсон баримт бичгээ хуулийн дагуу бүрдүүлээд дахиж хандах хэрэгтэй үүний дагуу манай хэлтэст Засаг дарга үүрэг чиглэл өгч энэхүү компани нь барилга барих санхүүгийн чадвартай эсэхийг судалж үзэж байж надад танилцуул гэж хэлсэн. Тэрнээс яг газар олгох эсэх асуудал яригдаагүй тэр бол дараагийн асуудал байдаг. Эхлээд хуулийн дагуу тухайн газар дээр сонгон шалгаруулалт хийнэ, баримт материал бүрдүүлнэ, судална, тэгж байж хамгийн боломжтой компанитай гурвалсан гэрээ байгуулж ажиллах ёстой байдаг. Тухайн уулзалт хийх үед газар олгох олгохгүй асуудал гурвалсан гэрээний талаар ямар ч зүйл яригдаагүй. Засаг даргын зүгээс өшөө сайн судалж танилцуулах үүрэг чиглэлийг манай хэлтэст өгөөд тухайн газар хүссэн хүмүүст барилга барих санхүүгийн баталгаагаа гаргаж өгнө үү гэснээр уулзалт дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Бэлэн мөнгөний орлогын баримт, хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52, 65-р хуудас/,
Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938006060485 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь “Алтан Өргөө” гэх нэршилтэй орон сууц барина гэж хуурч мэхлэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Д5.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр иргэн Б.Б1.500.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Бийн /хх-ийн 16-17-р хуудас/, хохирогч Ш.Дийн /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Ө.Батцэнгэлийн /хх-ийн 26-28-р хуудас/, гэрч Э.Аззаяагийн /хх-ийн 31-р хуудас/, гэрч Г.Бадамсэрээжидийн /хх-ийн 32-33-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-41-р хуудас/, хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-р хуудас/
Хохирогч Ш.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч Д.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Н нь хохирогч Б.Б-т 1.500.000 төгрөгний, хохирогч Ш.Дт 5.000.000 төгрөгний хохирол учрууснаа нөхөн төлж, хохирогч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938006060485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Нд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938006060485 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР