Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

    2020           02           03                                              2020/ШЦТ/46

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Б Ө-д холбогдох эрүүгийн 1934010890028 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б Ө, 1977 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 43 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн 20-1 тоотод оршин суух, Баян ХХК-нд харуулын ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь  Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, 77081192 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ө-ын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Намайг ирхэд манай хадам ах Дашнамжил гэрээ барьж байхаар нь би туслаад гэрийг нь барилцаж дуусахад Дашнямжил нэг шил 0,75 литрийн Морьтхангай архи гаргаж ирсэн. Тэр архийг нь хувааж ууж дуусгаад би дахиж дэлгүүр яваад нэг шил 0.75 литрийн Морьтхангай архи авчраад Дашнямжил болон түүний эхнэр Мандахнаран хоёртой хувааж уусан. Тэгээд уусан архиндаа согтоод хэсэг хугацаанд өөрийн мэдрэлгүй болсон байсан. Орой 20 цагийн үед гайгүй сэргээд гэртээ ороход эхнэр ирсэн байхаар нь би урьдын явдлыг санаад хардаад эхнэртэйгээ маргалдаж байсан. Өмнө нь нэг залуутай манай эхнэр холбогдоод байсан би эхнэртээ хандаж бэлэн бороо чи хаагуур тэнээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн цагдаа дуудна шүү гэхээр нь би эхнэрээ нэг удаа хөхний дээд хэсэгт нь цохисон, тэгсэн эхнэр цагдаа дуудлаа гэсэн. Тэр үед манай хүргэн гэрт орж ирсэн байсан. Тэгээд намайг цагдаа ирж байгаа гаргахгүй гэхээр нь цамцтай гараад гэрээс зугтаад явсан тэгээд салхинд цохиулсан байх нэг сэрсэн гудамжинд байж байсан. Надад эхнэрийнхээ хоолойг гараараа боосон зүйл болоогүй байх сайн санахгүй байна. Өмнө эхнэр бид хоёр маргалдаж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Өнгөрсөн наадмаар охинтойгоо муудаж баривчлагдаж байсан. Бид хоёр 20 жил амьдарч байна. Энэ хугацаанд дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Өнгөрсөн наадмаар том охин Хонгорзулыг загнаад 7 хоног баривчлагдаж байсан. Бид хоёрыг маргалдаж байх үед хүүхдүүд цуг байдаг сэтгэл санаа нь зүгээр хараад сууж байдаг. Манай эхнэр эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ бүрэн ухамсарлаж уучлалт гуйсан байгаа.  Надад хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл алга гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Л.Азжаргалын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 19-ны орой 20 цагийн үед би гэртээ ажлаа тараад ирсэн. Тэгсэн манай нөхөр согтуу байсан. Тэгээд намайг ор зас гэсэн. 7 дугаар ангийн хүүхэд рүү чи эхдээ өнөөдөр миний хийсэн зүйлийн талаар хэл гээд байсан. Тэгэхээр  нь хүүхдээ өмөөрөөд чи архи яах гэж уудаг юм агсам зантай байж гэхэд янхан гичий чи жилийн өмнө манай хүргэнтэй унтсан мөн хамт явж байсан залуутай нь шөнөжингөө унтаж хоноо биз дээ үнэнээ хэл гичий янхан гэсэн. Тэгэхээр нь чи байнга хардаж байх юм надаа наад асуудлаа байнга битгий хэлж бай одоо ингэж хардахаа боль хүүхдүүд том болсон байна гэхэд чи муу үхэж байсан ч үнэнээ хэлэхгүй гээд өмсөж байсан хувцаснаас татаад орон дээр унагаагаад миний хоолойг хоёр гараараа боосон. Тэр үед манай хүүхдүүд араас нь чангаагаад татаж авсан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ урд гэрээс ахыг дууд гэж хэлэхэд, хүүхдүүд рүү хандан гарвал би та нарыг ална шүү гэсэн. Тэгэхээр нь би ээжийг нь алах нь байна шүү хурдан дууд гэхэд манай бага хүү гараад урд гэрээс манай ахыг дуудсан. Тэгээд ах орж ирээд салгаад авсан тэгэхээр нь би цагдаа дуудсан. Бид гэр бүлийн баталгаатай, дундаасаа 4 хүүхэдтэй, бага нь 10 настай, том нь 18 настай. Тухайн үед манай бага хүү Алтантулга, дунд хүү Мөнхтулга, дунд охин Энхзул нар байсан. Архи уух болгондоо байнга хэл амаар доромжилж янхан гичий зэргээр хардаад байдаг аймаар хартай хүн, олон жил хардаж байна.10 жилийн өмнө би нөхрийн хүргэн эгч хоёртой нь алт олборлох ажилд явж байсан юм бид нартай хамт Довко гэх залуу тухайн үед явж байсан тэрэнтэй чи унтсан гээд одоог хүртэл хардаж байгаа. Намайг 2016 оны 9 дүгээр сард согтуу гэртээ ирээд миний хэвлий тус газарт хөлөөрөө цохиж савны гадна талд цус хуралт үүсэж, дотуур цус алдаж эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж байсан. Тухайн үед би цагдаа нарт мэдэгдээгүй шүүх эмнэлгээр яваагүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй шалтгаан нь миний бие муу байсан. Хүүхдүүд маань бага байсан тул нөхрөөрөө ажил хийлгэж амьдралаа залгуулахаас өөр арга байгаагүй. Ер нь эрүүл согтуу гэлтгүй хэл амаар доромжилдог. Бид хоёр 19 жил болж байна. Сүүлийн 5-6 жилийн өмнөөс архи хэтрүүлэн хэрэглэж байгаа. Одоогоос 7 хоногийн өмнө баруун талын хөхны дээр хэсэгт өвдөглөж хоолой боосон. Тэр хэсэгт нь гэмтэл учирсан. Мөн баруун гарын шуу бугуй хэсэгт хөхөрсөн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэх мэдүүлэг / хх 10-11/,

   Насанд хүрээгүй гэрч Ө.Энхзулын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 19-ны орой 20 цагийн үед манай ээж, аав хоёр гаднаас гэрт цуг орж ирсэн. Аав нилээн согтуу байсан. Тэгээд ээжийг ор зас гэсэн тэгээд манай 7 дугаар ангийн дүү рүү чи эхдээ хэл өнөөдөр миний хийсэн зүйлийн талаар хэл гээд дайраад байсан. Тэгсэн ээж өмөөрөөд чи архи яах гэж уудаг юм агсам зантай байж гэхэд ээжийг янхан гичий чи 10 жилийн өмнө манай хүргэнтэй унтсан мөн хамт явж байсан залуутай нь шөнөжингөө унтаж хоноо биз дээ үнэнээ хэл гичий янхан гэсэн. Тэгэхээр нь ээж чи байнга хардаж байх юм надаа наад асуудлаа байнга битгий хэлж бай одоо ингэж хардахаа боль хүүхдүүд том болсон байна гэхэд аав чи муу үхэж байсан ч үнэнээ хэлэхгүй гээд өмсөж байсан хувцаснаас нь татаад орон дээр унагаагаад ээжийн хоолойг хоёр гараараа боосон. Тэр үед бид нар араас чангааж татаж авсан. Тэгсэн ээж урд гэрээс ахыг дуудаа гэхэд аав бид нар луу гарвал би та нарыг ална шүү гэж хэлсэн. Манай бага дүү гараад урд гэрээс манай ээжийн өргөмөл ахыг дуудсан. Ах орж ирээд салгаад авсан. Ээж цагдаа дуудсан. Өмнө нь зодож биед нь халдаж хэл амаар доромжилж байсан. Байнга үргэлжилсэн шинжтэй байдаг. Цагдаад хэлхээсээ айдаг байсан. Хүүхдүүдээ хэл амаар доромжилж байсан. Өнгөрсөн намар миний биед халдаж байсан. Хүчирхийллийн улмаас миний сэтгэл санаа уур бухимдалтай болдог. 2016 онд ээжийн хэвлий тус газар нь хөлөөрөө цохиж эмнэлэгт эмчлүүлж байсан гэх мэдүүлэг /хх 12/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №809 дугаартай дүгнэлт: “1.Л.Азжаргалын биед цээж хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 30/,

   Аюулын зэргийн үнэлгээ /хх 13-14/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн 20-1 тоотод гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Л.Азжаргалыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь " цээж хүзүү, баруун бугалганд цус хуралт " бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №809 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгээр: Л.Азжаргалын биед цээж хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №809 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Л.Азжаргал, насанд хүрээгүй гэрч Ө.Энхзул нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Ө-ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

  Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

  Иймд шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Хохирогч Л.Азжаргалын "Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхөр Ө-д гомдол санал байхгүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 56/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ө, хохирогч Л.Азжаргал нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Ө-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Шүүгдэгч Б.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 700 000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 140 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1934010890028 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Б Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Эрүүгийн 1934010890028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ