Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/47

 

 2020          02          03                                         2020/ШЦТ/47

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

   Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З А Б-д холбогдох эрүүгийн 1934011120043 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З А Б , 1975 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 12-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 75111772 регистрийн дугаартай.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч А.Б-ийн өгсөн: Манай хөдөө гэр буюу ээжийнх Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар өвөлжиж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ээжийнд очиж ууцны хонь гаргаж өгсөн. Тэгээд ээжийнхээс 7086 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа өдөр 12 цагийн орчим ээжийнхээс 5 орчим км зайтай нутаглаж байсан миний төрсөн эгчийн хүүхэд Ариунболдын гэрээс мах өлгөдөг дэгээ төмөр өлгүүр авахаар очсон. Уг өлгүүр төмрийг аваад машин дээрээ тавиад хөдлөхдөө Ариунболдын гэрийн урд байдаг Д.Эрдэнэбаатарын гэрт очиход Эрдэнэбаатар ах гэрийнхээ гадна байсан бөгөөд би Эрдэнэбаатар ахтай уулзаад ярилцаж байгаад бид 2 маргалдсан. Тэгээд бид 2 харилцан заамдалцаж аваад би уурандаа машины суудлын араар байсан хутга гаргаж ирээд айлгах гээд далайхад өөдөөс Эрдэнэбаатар ах зүүн гараараа хаасан. Тэгээд би зүүн гар луу нь санамсаргүй хутгалчихсан. Эрдэнэбаатар ах намайг чи писда минь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би сандарсандаа айгаад машинаа асаагаад яваад өгсөн. Д.Эрдэнэбаатар ах бид 2-ын маргалдсан шалтгаан нь урд нь Д.Эрдэнэбаатар ахыг Улаанбаатар хотод явж байхаар нь би утсаар яриад 4 000 000 төгрөг шилжүүлээд Т.Карина маркийн сайн машин аваад ирээрэй гэхэд тухайн үед надад 3 800 000 төгрөгөөр худалдаж авлаа гэж хэлээд машин авчирч өгсөн. Тэгээд би сүүлд нь хүмүүсээс тэр машиныг хотоос 2 300 000 төгрөгөөр худалдаж авсан юм шиг байна лээ шүү гэдгийг сонсчхоод тэр уурандаа Д.Эрдэнэбаатар ах надаас мөнгө унагаагаад байхдаа яадаг юм гэж бодоод уурласан. Д.Эрдэнэбаатар ах бид 2 өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй. Д.Эрдэнэбаатар ахтай би хуурай ах дүүгийн харилцаатай. Мөн манай төрсөн ахтай найз нөхөд хүмүүс байгаа юм. Тэр хутга одоо миний машины суудлын ард байгаа шар цоохор иштэй хятад төмөр хутга байгаа. Би Д.Эрдэнэбаатар ахтай уулзаж уучлалт гуйсан. Би гомдож явсандаа уураа барьж чадахгүй түргэн зан гаргачихлаа гэж бодож байна. Би цаашид өөрийнхөө түргэн зан уурыг барьж байх болно. Хохирогчид 1 сая төгрөг бэлнээр өгсөн, үлдэх 1 500 000 төгрөгийг мал өгөхөөр тохиролцсон байгаа гэх мэдүүлэг,

  Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

  Хохирогч Д.Эрдэнэбаатарын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим намайг гэртээ байхад манай нутгийн танил дүү Б  гэдэг хүн надаар авахуулсан миний нэр дээр бүртгэлтэй байдаг 7068 ТӨА улсын дугаартай, цэнхэр өнгийн Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ирсэн. Тэгээд намайг хүн чанаргүй гуйлгачин бэ, чи хэзээ ийм болчихсон юм гээд уурлаад байхаар нь би 2019 онд Алтандорнод ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж өөрийнхөө хүчээр ажилласан би чамд тус болж явсан шүү чи яагаад намайг ингээд байгаа юм гэж хэлэхэд. Машинд суучих гэсэн. Тэгээд бид 2 тэрүүхэн хоорондоо маргалдаад мөн чамайг чи надад машин авч ирэхдээ дундаас нь мөнгө унагаасан байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдаж сууж байтал гэнэт хутга гаргаж ирээд над руу далайсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гараараа хаасан чинь миний зүүн гарны шуу хэсэг рүү нөгөө хутга нь орчихсон. Тэгээд би чи писда минь намайг хутгалчихлаа гэж хэлээд би машинаас буутал А.Б машинаа асаагаад зугтаагаад явчихсан. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 8-9/,

  Гэрч Б.Ариунболдын өгсөн: Тухайн хэрэг болох өдөр А.Б ах манай гэрт өөрийнхөө протертой ирээд манайхаас мах өлгөдөг төмөр аваад явсан. Тэгээд надаас Эрдэнэбаатар ахыг гэртээ байгаа юу гэж асуухаар нь би байгаа байхаа өглөө адуундаа явж байсан гэж хэлсэн. Тэгээд Б  ах манайхаас гараад явсан. Тэгээд би удалгүй гэрээс гараад харахад Б, Эрдэнэбаатар хоёр хоорондоо маргалдаад  зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод та 2 болиоч, битгий хоорондоо муудаад байгаач гэж хэлчхээд адуундаа явсан. Тэр 2 тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй л юм шиг харагдсан гэх мэдүүлэг / хх 11 /,

 

  Гэрч С.Ууганцэцэгийн өгсөн: Тухайн хэрэг болох өдөр 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. А.Б ах манай гэрт өөрийнхөө портертой ирээд манайхаас мах өлгөдөг өлгүүр төмөр аваад явсан. Би болсон хэргийн талаар тэр орой нь нөхрөөсөө сонссон бөгөөд Эрдэнэбаатар ах Б ах 2 маргалдаад Б  ах, Эрдэнэбаатар ахыг хутгалсан гэж сонссон гэх мэдүүлэг / хх 12 /,

  Гэрч Ш.Төмөртогоогийн өгсөн: Би Д.Эрдэнэбаатарын туслах малчин нь байгаа юм. Би сүүлийн 2 жилийн хугацаанд Д.Эрдэнэбаатарын малыг нь маллаж байна. Харин А.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт амьдардаг бөгөөд ээж болон ах, дүү нар нь бид нартай айл саахалт амьдардаг. Хамаатан садны харилцаа байхгүй. Би одоо болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгнө. Тухайн хэрэг болох өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр санагдаж байна. Д.Эрдэнэбаатар ах бид нар тэр өдөр идшээ хийх гээд байж байхад А.Б манай хойд талд байдаг Ариунболдын гэрт портертойгоо ирж байсан. Удалгүй манай гэрийн гадна ирээд Д.Эрдэнэбаатар ахтай уулзаж байгаад тэр 2 хоорондоо чи ер нь юутай байсан юм гуйлгачин минь, чи яахлаараа намайг ингэж хэлдэг юм энэ тэр гээд маргалдаад байсан. Би тэр хавиар идэш янзалж байсан болохоор тэр 2 дээр ойртож очоогүй ямар ч байсан хоорондоо маргалдаад байгааг нь бол чихээрээ сонссон. Тэгтэл удалгүй Д.Эрдэнэбаатар ах хутгалчихлаа гээд орилж байсан. Тэгээд л тэр дор нь А.Б машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн. Миний харснаар бол Д.Эрдэнэбаатар ахын зүүн гарын шуу хэсэг рүү нь хутгалсан бололтой цус гарч байсан. Хот руу яваад ГССҮТ-д эмнэлэгт хэвтсэн. Би ард нь гэр болон малыг нь харж хүүхэдтэйгээ үлдсэн. Одоо бол Д.Эрдэнэбаатар ахын гар нь арай гайгүй болсон боловч хүнд юм өргөж чадахгүй байна лээ гэх мэдүүлэг / хх 13-14 /,

  Гэрч Т.Мягмардоржийн өгсөн: ...Би юунаас болоод маргалдаад байсныг нь мэдэхгүй. Би гэрт орж гараад угаадас асгаад нэлээд завгүй байсан. Тэгтэл А.Б ах Д.Эрдэнэбаатар ахыг хутгалчихсан. Тэгээд л тэр дор нь А.Б машинаас асаагаад хөдлөөд яваад өгсөн. Миний харснаар бол Д.Эрдэнэбаатар ахын зүүн гарын шуу хэсэг рүү нь хутгалсан бололтой цус гарч байсан. ...Тэгээд Д.Эрдэнэбаатар ах тэр чигээрээ хот руу эмнэлэг рүү явсан. Нэлээд хэд хоногийн дараа хотод эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд ирлээ гээд ирсэн гэх мэдүүлэг / хх 16 /,

Гэрч А.Гэрэлмаагийн өгсөн: Би Б-ийн төрсөн дүү нь байгаа юм. А.Б нь яг миний дээд талын төрсөн ах байгаа юм. Бид нар эцэг, эхээс 10-уулаа өссөн. А.Б ах бага насаа Төв аймгийн Заамар сумын цэцэрлэг, сургуулиар өсөж хүмүүжсэн. Оныг нь тодорхой санахгүй байна. Улаанбаатар хотод 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан. Урд нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй болно. Зан байдлын хувьд хүнд их тусархуу, зөөлөн зантай. Ах, дүү нарынхаа хөдөө хийдэг хамаг ажлыг нь л хийж байна. Их хурдан хөдөлгөөнтэй ажилсаг зантай. Одоо эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт амьдарч байна. Эхнэр нь үсчин хийдэг. Том залуу нь өнгөрсөн жил цэргийн алба хаагаад ирсэн. Бага хүү нь сумын сургуульд 5 дугаар ангид сурдаг. Өөрөө болохоор мал дээр мал маллаж байна. Манай өндөр настай ээж хөдөө мал дээр байдаг бөгөөд ээжтэй хамт дэм тус болоод байж байдаг. Одоогийн амьдарч байгаа эхнэртэйгээ 2007 оноос хойш эхэлж амьдарч байна. Миний ах бол бусадтай нийтэч, зөөлөн, дөлгөөн, шударга зантай. Амьдралд бол бусдын л адил алдаж оноод явж байгаа эр хүн. Д.Эрдэнэбаатар ахтай бол хуурай ах дүү шиг л өссөн. Байнга л хамт явж байдаг байсан гэх мэдүүлэг / хх 17-18 /,

Гэрч Удвалцэцэгийн өгсөн: Б  бид хоёр анх 2007 оноос хойш амьдарч байна. Бид 2 эхнэр, нөхрийн харилцаатай. Дундаасаа нэг хүүхэдтэй. Хүү маань одоо 10 настай бөгөөд сумынхаа ерөнхий боловсролын сургуульд сурч байна. А.Б нь эцэг, эхээс 10-уулаа өссөн. Одоо 9-үүлээ байна. Улаанбаатар хотод 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан. Урд нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй болно. Зан байдлын хувьд гэр орондоо төлөв даруухан, хүнд их тусархуу, зөөлөн зантай. Одоо хөдөө мал дээр өндөр настай ээждээ тус болдог. Ах, дүү нарынхаа хөдөө хийдэг хамаг ажлыг нь л хийж байна. Архи уудаг байсан боловч сүүлийн 2 жил бол архийг огт амсаагүй, гэр орондоо тус дэм болоод хажууд байхад халамжтай, тус нөмөртэй байдаг, их ажилсаг аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, шудрага зантай. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй гэх мэдүүлэг /хх 51-52/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №14351 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Д.Эрдэнэбаатарын биед зүүн шууны дунд 1/3-н хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвуун 3, 4, 5-р хурууны шөрмөс гэмтэл, зүүн 3-р хурууны өндгөнд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх /хх 21-22/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 36/, Д.Эрдэнэбаатарын өвчний түүх /хх 35/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 56-57/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 59/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Б нь хууль зүйн хувьд танхай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдын эрх чөлөөнд халдаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

   Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын эх” гэх газарт иргэн Д.Эрдэнэбаатартай маргалдаж, улмаар гаран тус газар нь хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд нь " зүүн шууны дунд 1/3-н хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвуун 3,4,5-р хурууны шөрмөс гэмтэл, зүүн 3-р хурууны өндгөнд зүсэгдсэн" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 8-9/, гэрч Б.Ариунболд / хх 11 /, С.Ууганцэцэг / хх 12/, Ш.Төмөртогоо / хх 13-14 /, Т.Мягмардорж / хх 16 /, А.Гэрэлмаа / хх 17-18/,  Удвалцэцэг /хх 51-52/ нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №14351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

      Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч А.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                       Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэбаатар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б, хохирогч Д.Эрдэнэбаатар нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч А.Бт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан байна.

Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга / төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1934011120043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар бариултай эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З А Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тави/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн 1934000000539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар бариултай эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ