Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

 2020         01            31                                                            2020/ШЦТ/46

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч *******                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Улсын яллагч Э.Идэрбат

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... овогт Бд холбогдох эрүүгийн 1921000000315 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ................ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө ............................ ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймаг .................................оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт Б. /РД: ....................../

Шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт байх “******* *******” ХХК-ийн усан сангийн барилга дотор иргэн Б.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар усан сангийн барилгын гадна түүний толгойн тус газарт гараараа цохиж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт тамгалчихаад, 17 цагийн үед талийгаачийн гэрт очсон. Тэнд очоод ялихгүй зүйлээс талийгаачтай маргалдсанаас болоод энэ хэрэг гарсан. Өмнө нь бид нар муудалцаж байгаагүй, жирийн харилцаатай байсан. Дүүгийнхээ аминд хүрсэндээ маш их  харамсаж байна. Маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуудагдаад очиход хүү маань нас барсан байсан, их гомдолтой байна. Би тухайн үед хамт байгаагүй учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

  Шинжээч Ж.Жаргалтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Зүүн чамархайн эдийн доторх цус хуралт байсан. Хүний тархи их, бага тархи, баруун, зүүн бөмбөлөг гэж хуваагддаг. Зүүн чамархайн эдийн доторх цус хуралт гэдэг нь тархийг зүсээд үзэхэд тархины бор, цагаан эдэд нэвчсэн цус хуралт байна гэсэн үг. Талийгаачийн биед их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн хооронд суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархины оройн хэсгээр аалзан хальсан доорх цус хуралт бүхий гэмтэл авсан. Баруун хөмсөгний дээд хэсэгт хүч үйлчилсний улмаас, унах үед энэ гэмтэл үүссэн байх магадлалтай. Амь насыг нь аврах боломж бага. Баруун нүдний дээд зовхинд шарх, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт зулгаралт, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Өөр гэмтэл тогтоогдоогүй гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б нь өөрийн гэм бурууг хүлээж байгаа тул гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гарахгүй цонхны хажууд зогсож байтал хоорондоо чанга чангаар яриад байсан болохоор нь гүйгээд гарсан чинь усан сангийн үүдний цементэн зам дээр хоёр биенээсээ заамдалцаад нүүрсний наад талаар унаад манай нөхөр түрүүлээд босоод ногоон төмөр хашаагаар гараад алхаад явж байхад Б нь босож ирээд араас нь очоод толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон боловч хий цохиод чадаагүй болохоор та намайг цохиж чадахгүй л дээ гэж хэлсэн чинь яасан сүрхий юм бэ? гэж хэлээд дахин баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон чинь пүс гэх чанга дуу гарч арагшаагаа саваад унасан. Тэгээд би гүйгээд очиход хурхирч байгаа юм шиг сонин дуу гаргаад байсан болохоор Х ахыг дуудаад нэг л сонин болчихлоо, бөглөрчихсөн юм байхдаа гэж хэлээд цээжин дээр нь дараад массаж хийсэн юм. Б ах босоод ир гээд тойроод гүйгээд байсан болохоор Х ах энэ хүн чинь амьсгалахгүй байна гэж хэлээд түлхэж холдуулаад гадаа хүйтэн байгаа юм чинь гэрт оруулъя гээд бид гурав өргөөд оруулахад хамаг бие нь сул тавьчихсан нэг л сонин болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 тал/

 

-Гэрч Х.Х-ны мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

 

-Гэрч Г.Б-ын мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

 

-Шинжээч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

 

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 143 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 53-57 тал/

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 43 тоот дүгнэлт /хх-ийн 61 тал/

- Хохирлын баримтууд /хх-ийн 155-168 тал/

 

- ******* сумын ахмадын хороо, “******* шинь” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 111 тал/

 

- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 149 тал/

 

- Багийн залуучуудын зөвлөлийн тодорхойлолт /хх-ийн 150 тал/

 

- ******* сумын “ ” уяачдын холбооны тодорхойлолт  /хх-ийн 152 тал/

 

-Хохирол төлсөн тухай 2 хуудас нотлох баримтыг /задгай/

 

-Яллагдагч Б-ийн мэдүүлэг /хх-ийн 106-111 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Эд  мөрийн баримтаар:  Хүрэн өнгийн дээгүүрээ цагаан өнгийн алхан хээтэй, хар дотортой эрэгтэй хүний ноосон цамц, 1.20х25 см хэмжээтэй банз, 0.75 литрийн соёрхол нэртэй архины шил зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт байх “******* *******” ХХК-ийн усан сангийн барилга дотор хохирогч Б.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар усан сангийн барилгын гадна түүний толгойн тус газарт гараараа цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Тэнд очоод ялихгүй зүйлээс талийгаачтай маргалдсанаас болоод энэ хэрэг гарсан. Дүүгийнхээ аминд хүрсэндээ маш их  харамсаж байна...” гэсэн мэдүүлэг болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч  Б.Б, Х.Х, шинжээч Ж.Жаргалтуяа нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 143 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Шүүхээс шүүгдэгч Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 

          Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

           Шүүгдэгч Б-ийн хийсэн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-т оршуулгын болон бусад зардалд нийт 18.933.869 төгрөг төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн дээгүүрээ цагаан өнгийн алхан хээтэй, хар дотортой эрэгтэй хүний ноосон цамц, 1.20х25 см хэмжээтэй банз, 0.75 литрийн соёрхол нэртэй архины шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Бийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ............. овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...............овогт Б-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

             

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 18933869 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн дээгүүрээ цагаан өнгийн алхан хээтэй, хар дотортой эрэгтэй хүний ноосон цамц, 1.20х25 см хэмжээтэй банз, 0.75 литрийн соёрхол нэртэй архины шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б-ийн ............... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                            С.НАСАНБУЯН

                                                                                          Д.ГАНЗОРИГ