Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 104

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 2020           01          30                                   2020/ШЦТ/

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Мужаандамдинжав овогт Галсангийн Н /РД: ПЮ86122162/-д  холбогдох эрүүгийн 1911 0320 40044 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 205 дугаар цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр , 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-308а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мужаандамдинжав овогт Г Н /РД: ..................

Холбогдсон хэргийн талаар:

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 1-6 тоотод нөхөр Б.Идэрхадыг бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдаж тархи дорилт, зүүн чамархайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хэвлийн өнгөц түлэгдэлт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 1-6 тоотод нөхөр Б.Идэрхадыг бусадтай хардан маргалдаж улмаар түүний биед халдан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогч Б.Идэрхадын биед тархи дорилт, зүүн чамархайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хэвлийн өнгөц түлэгдэлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Идэрхадын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н бид хоёр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, МТ колонкийн баруун талд байрлах 3 давхар нийтийн байрны 6 тоот өрөөг түрээслэн амьдарч байсан бөгөөд уг өдрийн өглөө 13 цагийн үед би өөрийн хүү болох Тэмүүжинтэй уулзаад түүнийг тоглуулчихаад ирье гээд Нд хэлээд хүүтэйгээ уулзахаар явсан бөгөөд Н ажилруугаа ажлаа хийнэ, ажил дээрээ очиж хонож ажиллана гээд явсан юм. Би хүү Тэмүүжингээ хамтран амьдрагч Хатантуулаас очиж аваад Хүннү Молл дээр очиж тоглуулчихаад 19 цагийн Саппорогийн автобусны буудал дээр Хатантуултай уулзаад хүү Тэмүүжингээ Залуус хороололд аваачиж үлдээгээд Хатантуул бид хоёр хороололд манай найзынд очоод 22 цаг 30 минут болж байхад миний албан ёсны эхнэр Н бид хоёрын түрээслэн амьдарч байгаа гэрт ирсэн юм. Уг гэрт ирэх болсон шалтгаан нь байхдаа Хатантуулын мөнгөөр худалдаж авсан байсан 50  инчийн телевизорийг Хатантуулд авч өгөхөөр ирсэн байсан юм. Н ажил дээрээ хононо гэсэн болохоор байхгүй байхад нь уг зурагтыг өгчихье гэж бодоод ирчихээд байхдаа өдөржин хоол идээгүй болохоор хоол хийж идсэн ба миний утас байхгүй таксинд үлдээчихсэн байсан болохоор Н надтай байрны эгчийн утсаар утсаа яагаад авахгүй байгаа юм бэ хаана байгаа юм гээд ярьсан юм. Би гэртээ байна гэж хэлсэн. Удалгүй цагийн дараа хаалга нүдсэн бөгөөд гэрт Хатантуул байсан болохоор бөөөн хэрүүл болно гээд би хаалгаа тайлахгүй байсан чинь Н хаалга өшиглөөд байхаар нь би хаалга онгойлгосон юм. Н хаалгаар шууд орж ирээд миний хийж байсан шөлтэй хоолтой тогооны тагийг аваад над руу шидсэн бөгөөд намайг оноогүй тэгээд дахиад тогтоотой шөл авч шидэхэд шөл нь миний хэвлий хэсгийг оноод бага зэрэг хорсоод түлэх шиг болсон. Дараа нь над руу миний гутлыг авч шидэх үед миний баруун талын хөмсөгний дээд талд нь оносон юм. Намайг цохиж аваад над руу варений шил шидсэн миний зүүн чихний ар тал чамархай хэсэгт оносон юм. Би Нгийн биед ямар нэгэн байдлаар хүрээгүй юм. Энэ хооронд Хатантуул үүдэнд зогсоод би гарч явах гэхэд миний хөлнөөс Н тэвэрч аваад газарт хэвтээд явуулахгүй байхаар нь би хоёр гараараа Нгийн гарыг тавиулаад Хатантуулын хамт гэрээс гараад МТ колонкийн тэнд очсон бөгөөд тухайн үед Н ахыгаа дуудна гээд утсаараа залгаад байхаар нь ах руу нь яриулахгүй гээд утсыг нь авчихсан байсан болохоор буцаж ороод утсыг нь гэрт үлдээсэн. Буцаж орох үед Н гэртээ байсан. Тухайн хэрэг болох үед Н нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/

   Гэрч С.Хатантуул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Идэрхад бид хоёр Идэрхад эхнэр  Нтэй түрээслэн амьдардаг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо МТ колонкийн баруун талд байдаг 3 давхар нийтийн байранд ирсэн юм. Идэрхад эхнэр Нгээс сална гээд хувцас хунараа бэлдэж байсан юм. Тухайн үед 00:00 цаг өнгөрсөн байсан бөгөөд Идэрхад хоол идчихээд явъя гээд хоол хийсэн бөгөөд би орон дээр сууж байтал гэрийн хаалга нүдсэн ба Идэрхад хаалгаа тайлахгүй байж байтал хаалгыг Н өшиглөөд ороод ирсэн  ба орж ирээд Идэрхадыг алагдаж аваад Идэрхад руу дайрсан ба Идэрхад Нгийн гарыг нь бариад цааш нь түлхэх үед Н юм авч Идэрхад руу шидсэн юм тэгээд би явах гээд хаалганы тэнд очиход Идэрхад надтай хамт явах гээд байхад нь Н Идэрхадын хөлнөөс зуураад тавихгүй байсан юм. Ингээд бид хоёр зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Х.Заяахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №199 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Б.Идэрхадын биед тархи доргилт, зүүн чамархайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хэвлийн өнгөц түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хэвлийн өнгөц түлэгдэлт нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлрээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Уг баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Г.Нгийн хүсэлт /хавтаст хэргийн 85-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Б.Идэрхадын хүсэлт /хавтаст хэргийн 84-р хуудас/

Шүүгдэгч Г.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын байрны  тодорхойлолт /хавтаст хэргийн 50-54 хуудас/

Яллагдагч Г.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мужаандамдинжав овогт Галсангийн Н /РД: ПЮ86122162/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван сар/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Нд сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.АРИУНБОЛД