Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00514

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2492 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК, “С” ХМХ-д холбогдох,

Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг зогсоон, хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барьсан барилга байгууламжийг нурааж, нэхэмжлэгчийн ашиглалтын эрх бүхий 14,75 кв.м газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, Д.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 3272 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй бөгөөд газар дээрээ эрх бүхий байгууллагаар батлагдсан зургийн дагуу барилга барих ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 оны 08 дугаар сард геодезийн хэмжилтийг “Топ Сүрвэй” ХХК-иар хийлгэхдээ хариуцагч “С” ХХК нь барилга барихдаа бидний газрын хойд хэсэгт хөршийн хил зөрчин барилга байгууламж барьсныг мэдсэн юм. Хариуцагчийн барилга барьж буй газрын бүртгэгдсэн эзэмшигч нь С хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Хариуцагч нь хил зөрчсөн газарт барилга байгууламж барихдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, нэхэмжлэгчийн барьж буй барилга байгууламжид хэрхэн нөлөөлөх талаар урьдчилан ярилцаж, тооцоолол хийгээгүй. Энэхүү хил зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашигт ноцтой хохирол учруулж, барьж буй барилгад нөлөөлөн, орж гарах автомашины болон явган хүний зам талбайг барих боломжгүй болох тул нэхэмжлэгчээс хариуцагчид хөршийн хил зөрчсөн үйлдлийг мэдсэн даруйд буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А16/08-10 тоот албан бичгээр хил зөрчсөн барилга байгууламжийг буулган, газар чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авалгүй, харин барилгын ажлаа хурдан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр шамдан ажилласаар байсан. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх “Махони Лиотта” ХХН-өөс Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар чөлөөлөх шаардлагыг хариуцагчид, газар чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж, хувийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Нийслэлийн Газрын алба нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 03/1857 тоотоор хариуцагчийн барьж буй барилгын газрын эзэмшигч болох Сд газар чөлөөлж, зөрчлөө арилгах шаардлагыг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч хариуцагч болон хамтран хариуцагч нарын зүгээс газар чөлөөлөх аливаа арга хэмжээ авалгүй, нэхэмжлэгчтэй холбоо барихгүйгээр барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхөөс Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт барилга ашиглалтад оруулах хугацааг хойшлуулах хүсэлт, газар чөлөөлөх шаардлагыг хангуулах хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор барилгыг ашиглалтад хүлээн авах ажил бүрэн дуусгавар болоогүй байгаа бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлтийн газар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05/181 тоотоор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын актыг баталгаажуулах боломжтой гэж мэдэгдсэн.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16/146 тоотоор дулааны улирал эхлэхэд газар чөлөөлөх арга хэмжээ авах тухай захиаг нэхэмжлэгчид ирүүлсэн. Түүнчлэн, Газрын алба хариуцагч нь зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг газрын албанд хүргүүлсэн тул холбогдох саналыг ирүүлэх тухай шаардлагыг хуулийн зөвлөх “Махони Лиотта” ХХН-д 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2427 тоотоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиа, Газрын албаны шаардлагын дагуу хариуцагчтай уулзаж, зөрчлийг хэзээ арилгах хугацааг тогтох, аль аль талын барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ямар аргаар, хэрхэн нураах талаар төлөвлөгөө гаргаж тохиролцох, тохиролцсон асуудлаар гэрээ байгуулах зорилгоор уулзалт хийх хүсэлт, шаардлагыг хариуцагчийн ерөнхий захирал болох С.Баярмөнхөд удаа дараа тавьсан боловч уулзах завгүй, боломжгүй гэсэн хариултыг өгөн хугацааг сунжруулж, зөрчлийг арилгахгүйгээр барилгыг ашиглалтад өгөхөөр завдаж байна. 

Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болон хамтран хариуцагч нарыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, хөршийн хил зөрчиж барьсан барилга байгууламжийг нэхэмжлэгчийн барьж буй барилга байгууламжийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд аливаа нөлөөлөл, хохирол учруулахгүйгээр яаралтай нурааж, маргаан бүхий 14.75 м.кв газрыг чөлөөлөн нэхэмжлэгчийн барьж буй барилгыг хэвийн баригдах, ашиглах боломжоор хангахыг хариуцагч болон хамтран хариуцагч талаас шаардах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч “С” ХМХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“С” ХМХ нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол дахь 8002/0072 дугаар бүхий 1488 м.кв газрыг эзэмшдэг ч уг газар дээрх барилга “С” ХХК-ийн өмчлөлийн барилгууд бөгөөд “С” ХМХ нь тус нэхэмжлэлийн хүрээнд хамааралгүй тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Манай компани нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Бизнес плаза төвийн өмчлөгч бөгөөд тус төвтэй зэрэгцээ орших өөрийн эзэмшлийн газар дээр 21 давхар “С” ХХК-ийн конторын барилгыг барьж байгуулж улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулаад байна. Манай компанийг барилгын ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлсэн бөгөөд хөршийн хил нэвтэрч зөрчсөн талаар бидэнд барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд болон барилгын ажил дуусгавар болсон үед ч мэдэгдээгүй. Харин манай компани өөрийн барилгыг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө тус асуудлаар хандсан. Нэхэмжлэгч манай барилгын хэсэг өөрийн эзэмшлийн газрын хилийг 11,7 м2 талбайгаар нэвтэрч баригдсан талаар геодизийн хэмжилт хийх үед мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшлийн зүйлийг эзэмших эрхтэй хамт түүнийг бусдын нөлөөллөөс хамгаалах, хяналт тавих үүргийг өөртөө хүлээдэг. Үүнийг өөр нэгэн этгээдээр хэмжүүлж байж хэрэгжүүлэх ёстой биш. Нэхэмжлэгч барилгын ажил эхлэх үед дээрх үүргээ хэрэгжүүлж эзэмшигчийн хуулиар эдлэх эрхийн хүрээнд манай компанид шаардлага тавьсан бол бид ч бусдын эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, цаашлаад өөрийн эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүйгээр шийдвэрлэх бололцоо бүрэн дүүрэн байсан. Гэтэл нэгэнт баригдаж улсын комисст хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгө болсон барилгыг нураах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК шаардах эрхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/61 тоот шийдвэрийн дагуу “М” ХХК-ийн ашиглах эрхэд олгогдсон газарт нэвтрэн орсон 14,75 м2 газарт баригдсан барилга байгууламжийг нурааж, холбогдох газрыг чөлөөлөхийг хариуцагч “С” ХХК, “С” ХМХ-д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК, “С” ХМХ-ээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2492 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 тогтоолын 5 болон 4 дэх хэсэгт Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсгийг тайлбарлахдаа хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлий хэсгээр давж ороогүй боловч өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа буюу тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан уг барилга байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй саад учруулахаар байгаа тохиолдолд шаардах эрх үүсч байгааг тайлбарласан бөгөөд энэ тохиолдолд шаардлага гаргаж буй этгээд нь өөрийн эрх, ашиг сонирхолд илтэд харшилж буй нөхцөл байдлыг нотлох шаардлагатай. Харин бидний маргааны тохиолдолд буюу хөршийн газрыг нэвтэрч барилга байгууламж барьсан тохиолдолд шаардах эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр бий болж байгааг дээрхи Дээд шүүхийн тайлбарын 7 дахь хэсэгт тодорхой заасан байна. Гэвч Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д заасан нөхцөл байдал бий болсон эсэхийг тогтоох шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын 14.75 м.кв талбайд хариуцагч нэвтрэн барилга байгууламж барьсан нь өөрөө нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд илтэд харшилсан үйлдэл бөгөөд өөр ямар байдлаар өөрийн эрх, ашиг сонирхолд харшилсан байдлыг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй нь ойлгомжгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нь газар ашиглагч тул шаардах эрхгүй, Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч тал шаардах эрхээ алдсан гэх үндэслэл гаргаж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Бусдын эзэмших, ашиглах эрх бүхий газрын хилийг зөрчин барилга барьсан хариуцагч нарын үйлдлийг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нөхцөл байдал нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах эсэх талаар талууд мэтгэлцээгүй, ...түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулахгүйгээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх зохицуулалтыг хэрэглэх, улмаар баригдсан барилга байгууламжийг буулгахаар шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ” хэмээн нэхэмжлэл хэргийн үндэслэлд хамааралгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт огт хэрэглээгүй зүйл заалтыг дурдан, хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргааны үндэслэлд үнэн зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хуралд энэ зохицуулалтын талаар огт хэлэлцэгдээгүй ба хэлэлцэгдэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрх эзэмшигчийн хувьд өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газар ашиглах эрх эзэмшиж болохыг заасны дагуу нэхэмжлэгч нь Газар ашиглах эрх эзэмшиж, уг газар дээрээ барилгын үйл ажиллагаа явуулж байгаа. Газар ашиглах эрх эзэмшигч нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг бусдад дамжуулан ашиглуулах, бусдад шилжүүлэх, барьцаалахаас бусад газар эзэмшигчийн эрх, үүргийг хүлээхээр заасан болно. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй. Нэхэмжлэгч нь шударга эзэмшигчийн хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тохиолдолд нэгэнт зөрчигдсөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан нөхцөл байдал байгаа эсэхийг дахин тодруулах шаардлагагүй юм. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг үндэслэл болгосон нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, Нэхэмжлэлийн үндэслэл, талуудын хоорондын маргаанд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 135 зүйлийн 135.4 дэх заалтыг тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул 2492 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01831 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК, “С” ХМХ-д холбогдуулан хөршийн эрх зөрчсөн үйлдлийг зогсоох, хөршийн зөвшөөрөлгүйгээр газар дээр хил зөрчин барьсан барилга байгууламжийг нураах, өөрийн ашиглах эрхтэй 14,75 мкв талбай бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3., 106 дугаар зүйлийн 106.3.-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь өөрийн эзэмших эрхтэй газрын зарим хэсгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байна. Зохигчийн хэн алин нь газар өмчлөх бус харин эзэмших эрхтэй бөгөөд эзэмшлийн газар нь хөрш залгаа байрлалтай байна.

Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д зааснаас үзвэл эд хөрөнгийг зөвхөн хууль бус эзэмшлээс эрх бүхий этгээд шаардах эрхтэй болно.

Хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заасан уг зохицуулалт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан эрх зүйн хэм хэмжээтэй ижил агуулгатай болох нь 106 дугаар зүйлийн 106.4.-т туссан байна.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1., 134.2.-т зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үздэг ба хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байна.

Хөрш залгаа эд хөрөнгө нь харилцан нөлөөлөлтэй байдаг учир ямар хэмжээний нөлөөллийг тэвчих, эсхүл хориглон хязгаарлах ёстой талаар Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зохицуулжээ.

Хөрш залгаа эд хөрөнгө нь харилцан нөлөөлөлтэй байхаас гадна хоорондын хил хязгаар зөрчигдөх магадлалтай байдаг учир ийм үйл баримтаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3., 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлд хамаарахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хэргийн зарим нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7., 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу хийсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2492 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН